Нийслэлийн МАН-ын даргын “марафон” эхэллээ

6a0f81ce50c0edfe2892ea8acd9f4ac1Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал ирэх сарын 7-нд болохоор товлогдоод байна. Хурлаар тус намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэхээр батлаад байгаа.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, ИТХ-ын даргын албан тушаалыг хавсран хашиж байсан Ц.Сандуй өнгөрсөн жил эрүүл мэндийн шалтгаан зааж ажлаа өгсөн. Түүнээс хойших хугацаанд нийслэлийн МАН-ын хорооны даргын үүргийг хотын дарга С.Батболд гүйцэтгэж байгаа билээ. Удахгүй болох нийслэлийн МАН-ын бага хурлаар даргын асуудлыг хэлэлцэхээр тогтсонтой зэрэгцээд хэн дараачийн дарга вэ гэсэн таамаг хөвөрч байна. Анхандаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарын нэр яригдсан. Энэ хоёр хүн НИТХ-ын дарга, төлөөлөгчийн сонгуульт ажилтай, залуу улстөрчид тул гайхах зүйлгүй. Гэхдээ өнөөдөр байгаа мэдээллээр НИТХ-ын дарга С.Амарсайхан намын хороон даргад нэр дэвших сонирхолгүйгээ илэрхийлсэн аж.

Тэгвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд хэд хоногийн өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ зарлаад байгаа. Тиймээс нэр дэвших магадлалтай хүмүүст нийслэлийн Засаг дарга С.Батболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар тунаж үлдсэн гэсэн үг. Үүнийг нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшигчдийн “марафон” эхэлж байна гэж ч тайлж болохоор байна. Д.Сумъяабазарын хувьд 2013 онд нийслэлийн МАН-ын хорооны дарга болохоор идэвхийлж байсан нэгэн. Тэрбээр, одоо ч өрсөлдөгч байх хүсэлтэй нь саяхан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргын хувиар нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Батболдод хүргүүлсэн шаардлагагаас нь харагдана. Шаардлагадаа нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр Бага хуралд оролцох төлөөлөгчдийн тоо бага тул намын олон мянган гишүүдийн хүсэл зоригийг илэрхийлсэн хурал болно гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Мөн нийслэлийн МАН-ын хорооны бага хуралд квотоор төлөөлөгч оролцуулах нь намын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн намын бага хурал нь намын анхан шатны байгууллагаас сонгосон төлөөлөгчөөс бүрдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн аж.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Батболд түүний шаардлагад хариу хүргүүлсэн бичигтээ энэ удаагийн бага хуралд оролцох 369 төлөөлөгч нь өмнөх жилүүдэд хуралд оролцож байсан гишүүдийн тооноос 100 гаруй хүнээр илүү байгааг тоогоор тайлбарлажээ. Мөн 69 квотоор төлөөлөгч оруулахаар шийдвэрлэсэн нь МАН-ын Их хурал болон нийслэлийн МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийг сонгож ирсэн түүхэн уламжлал, намын дүрэмд нийцэж байгааг тайлбарласан байв.

Ерөнхийдөө МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд хийгээд намын зүтгэлтнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудыг квотоор оруулдаг уламжлал бий. МАН-ын удирдлагын хүрээнд Ерөнхий сайд намын дарга байдаг жишгийн адилаар хотын дарга нийслэлийн намын хороог тэргүүлэх нь зүйтэй талаар санал нэгдсэн тухай яриа чих дэлсэж байна. Ерөнхийдөө хариуцлага хүлээх хүнээр ачаа үүрүүлсэн нь дээр гэж үзэж буй бололтой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нь хууль тогтоох дээд байгууллага УИХ болоод гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаатай ч холбоотой байж мэднэ. Ямартаа ч тэдний хэн нь нийслэлийг өнгөлөхийг ирэх сард харах нь ээ.

Үндэсний шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих