”Анти водка” уриалга
Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн удирдлага, сэтгүүлч, сурвалжлагчдад хандан уриалж байна.
Архи, тамхи иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ийм ноцтой занал учруулсаар байхад төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг, хууль тогтоодог байгууллагуудад архи, тамхи үйлдвэрлэгчид, түүгээр ашиг олон хөлжигсөд тухлан сууж, архи тамхины хөнөөлтэй тэмцэх тэмцлийг саармагжуулдаг, үл хэрэгсдэг, хориг тавьдаг байдал даамжрах хандлагатай боллоо. Учир иймд архи, тамхи, хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгох нь монголын нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг гацаанаас гаргах, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхны төлөө болитой арга хэмжээнүүд аюч хэрэгжүүлэх түлхүүр болж байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.4-т заасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх хуулийн төсөл өргөн барьсан нь томоохон эсэргүүцэлтэй тулгараад байна. УИХ-ын бүтцэд шургалсан архи тамхины бизнес эрхлэгчид, тэднээс санхүүжигчид энэ төслийг арга саам хэрэглэж хэлэлцэхгүй байхыг ихэд хичээж байна. Ийм учраас хуулийн төслийг УИХ-д гуравдахь удаагаа өргөн бариад байгаа юм. Энэ хуулийн төслийн үзэл санаа нь жам ёсны, шудрага шаардлага билээ. Нүүрэн дээрээ “ард түмнийхээ төлөө” гэж яриад, эргэж хараад хор үйлдвэрлэдэг байх нь шудрага ёсны наад захын хэмжүүрт таарахгүй. Ийм хоёрдмол ёс зүйтэй гишүүд архи тамхины хор хохиролтой тэмцэх төрийн бодлогыг зөв гольдролд оруулах, шийдвэртэй арга хэмжээ авахад саад тотгор учруулсаар байгаа нь илэрхий болж ирлээ. Архи, тамхи үйлдвэрлэгчдийг хууль тогтоох дээд байгууллагад сонгогдох боломжийг хязгаарлах хуулийн төсөл бол хэн нэгэн хүний эрх ашгаас, ард түмний сонголт, тэдний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээгүүр тавьж, сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуурыг өндөрсгөж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Нийгмийн олонхийн төлөө, хууль тогтоох байгууллагад сонгогдохыг хүсэж байгаа хүний нэр дэвших эрхэд босго тавьж, архи тамхи мэт хор үйлдвэрлэгч цөөнхийн эрхийг хязгаарлахыг үндэсний эрх ашиг шаардаж байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ариун үүрэг, зорилго нь нийтийн эрх ашиг, аюулгүй байдал,сайн сайхны төлөө чадах бүхнээ хийх явдал гэж бид ойлгодог. Телевиз, радио, сонин сэтгүүлийн эрхлэгчид, сэтгүүлч, сурвалжлагчид Та бүхнийг өнөөдөр ноцтой аюул заналхийлэл болоод байгаа архи, тамхи, мансуурах бодисын хөнөөлөөс ард түмнээ холдуулах тэмцлийн хамгийн чухал, эмзэг зорилтыг дэмжиж мэдээллийн туслалцаа дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Энэ тэмцлээс хэн ч хохирохгүй, хожвол бүгдээрээ л хожиж, нийтээрээ эрүүл, жаргалтай, ирээдүйтэй итгэлтэй орчин, харилцааг олж авах болно. Эх орон, ард түмэнд чинь та нарын туслалцаа багадахгүй. Та бүхнийг чадах бүхнээрээ туслаж дэмжихийг ахин уриалж байна. Сайн бүхэн ялан дийлэх, мандан бадрах болтугай!
“Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа тандалт судалгааны төв”ТББ
Сэтгүүлчдийн “АНТИВОДКА” хөдөлгөөн
URL: