Медаль яах вэ? БС-ын ахлах ангийн сурагчдын хэт задгай хувцаслалтын талаар бичмээр санагдлаа
ЕБС-ын ахлах ангийн сурагчдын хэт задгай хувцаслалт, нүүр ам, хуруу хумс будалтын талаар хэд хоногийн өмнөөс бичмээр санагдаад байсан, өнөөдөр л нэг юм зав гараад бичиж байна.
Та бүхэн хотын гудмаар хонго нь гарах шахсан богино банзалтай, хэзээний төгсөх курсын оюутан шиг нүүрээ будсан ЕБС-ын сурагч охидтой таарч байгаа байх. Надтай лав хаа сайгүй таардаг. Энэ талаар та бүхэн ямар бодолтой явна?
Охидын хувцаслалтанд мөрддөг стандарт гэж байдаг л байх, гэхдээ түүнийг нь хэн яаж мөрдүүлж, хэрхэн хяналтыг тавьдаг юм бол?
Энэ асуудал сургууль дээр харьцангүй гайгүй байдаг боловч хичээлээ тараад л нүүрээ дарвайтал будаад, тамхи зуугаад, банзалаа богиносгодог юм шиг байгаан..
Охин хүүхэдгүй хүмүүст энэ асуудал нэг их хэцүү хүнд, чухал биш санагдаж байж магадгүй. Зарим хүмүүс наадах чинь хүний өөрийнх нь сонголт, эрхийн асуудал ч гэж ярьж магадгүй. Энд хүүхдийн талаар ярьж байгаа учир тэгэж андуурч болохгүй. Хүүхэд л бол хүүхдээрээ л байхдаа хамгийн хөөрхөн байдаг.
Хэт задгай хувцаслаж яваад муу хүмүүстэй таарвал яах вэ? Бага насны охид сургууль болон сургуулиас гадуур хүчирхийлэлд өртөх явдал ихэссэн нь энэ асуудалтай шууд холбоотой гэж боддог.
Хүүхэд тэр дундаа бага насны охин хүүхэд биеэ хамгаалах чадвар маш сул, аюултай нөхцөл байдалд асуудлаас хэрхэн гарах талаар мэдэхгүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа.
Чи өөрийнхөө хүүхдийг л тэгэж явуулахгүй байвал болоо юм бишүү гэх хүмүүс гарах байх. Хамаагүй биш хамаатай. Таны хүүхэд миний хүүхэд нэг нийгэмд амьдарч байна, магадгүй нэг сургуульд бүр нэг ангид ч суралцаж магадгүй учир надад хамаатай. Миний охидод хэн нэгэн буруу хүмүүжилтэй хүүхэд буруу үлгэр дуурайл үзүүлэхийг хүсэхгүй байна.
Биднийг сургуульд байхад.. 80,90-ээд оны таны үе өнгөрсөн хоцрогдсон, цаг үе өөрчлөгдөөд байгаа гэж бодож байвал бас л эндүүрч байна. ЕБС-ын сурагч хичээл номондоо л санаа зовдог болохоос нүүрний будаг, ганган хувцасанд санаа зовох ёсгүй. Ер нь гэр бүл болж өрх тусгаарлах, хүүхэд төрүүлэх ээж болох нас өөрчлөгдөөгүй, хойшид ч өөрчлөгдөхгүй гэж бодож байна.
Хүүхэд нас богинохон учир хүссэн хүсээгүй цаг нь ирэхээр нүүрээ будаж нөгөө хувцасаа өмсөнө гэдгийг эцэг эхчүүд, багш нар охидод сайтар зөвлөж тайлбарлаж ойлгуулж байх хэрэгтэй.
Энэ жил том охин минь дөнгөж 1-р анги төгсч байгаа, ирэх намар дараагийнх нь сургуульд орж хэдхэн жилийн дараа иймэрхүү асуудалтай тулгарах учир өнөөдрөөс энэ асуудлыг шийдэх талаар тодорхой үр дүнтэй алхам хиймээр байна.
Хариуцсан газарт нь доорх саналыг хүргэхийг хүсч байна.
- Улсын, хувийн бүх ЕБС-ын охидын банзалны урт хамгийн богинодоо өвдөгнөөс доош 2см байх нэг стандартыг мөрдөх (магадгүй энэ стандарт байдаг бол сургуулийн зүгээс ягштал мөрдүүлэх), нүүр болон хумс будахыг бүр мөсөн хориглох.
- Сургуулийн гадна бүсэд дээрх зөрчлийг гаргасан хүүхдэд цагдаа болон бусад эцэг эхчүүд шаардлага тавих боломж нөхцлийг хууль журмын хүрээнд бүрдүүлж өгөх, мөн тухайн хүүхдийн эцэг эхэд давхар хариуцлага тооцдог системд шилжих.
Та бүхэн энэхүү хүүхдээ эрүүл аюулгүй өсгөхөд бага боловч нэмэр болох санаачилгыг дэмжиж байвал постыг шэйр хийж шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтанд хүргэхийг хүсье. Мөн нэмж хэлэх санал байвал коммент хэсэгт оруулаарай. Баярлалаа..
Эцэст нь хэлэхэд энд зөвхөн сургуулийн сурагч, сургуульдаа өмсөх, дүрэмт хувцасны талаар яригдаж байгаа гэдгийг дахин сануулъя..
Б.Батдэлгэр
URL: