Нийтлэлч Баабар: Гэвч тэр гарах газар, орох нүхгүй болсон Жамух болжээ

20670

Жамух

Зандаахүүгийн Энхболдыг би лавтай 22 жилийн өмнөөс мэдэх юм байна. Хойно компютэр программын мэргэжлээр төгссөн, Монголын анхны компютэр “Монэл”-ийг бүтээлцэж байсан хурц ухаантай залуу. Мэргэжилдээ онцгой сайнуудын нэг байсан гэдэг юм билээ. Монголын нийгмийн тогтолцоо буруу өрөгдсөн учраас зарчмаа үндсээр нь өөрчлөхгүй бол цаашид ямар ч ирээдүйгүй болохыг хамгийн түрүүн ажигласан сэхээтний нэг дээ. Ерээд оны эхээр ихэнх ардчилагчид социализмыг төгөлдөржүүлэх, Лениний заасан анхны зам руу орж гажигаа засах тухай ярьдаг байхад Энхболд хувьчлал, зах зээлийн тогтолцоо, нийгмийн ардчилсан зарчмын тухай суртчилдаг байлаа. Өмч хөрөнгө төрийн мэдэлд байх хэрээр идэж шамшигдуулах, үр бүтээлгүй цалгар назгай байдаг талаар санаа зовинон ярьдаг байсан юм. Хурц ухаан, няхуур зан, алсын хараа, аналитик чадвараараа тэрээр үеийнхнээсээ эрс ялгардаг байлаа. Тэрээр амжаад МУИС-ын хуулийн ангийг төгсөж давхар мэргэжил эзэмшсэнээр нийгмийн тогтолцоо, мэнэжмэнтийг өөрчлөхөд хуулийн талаас нь хандах бат суурьтай болсон.

Нэг явдал санаанаас гардаггүй юм. Намын аппаратад байгаа тоног төхөөрөмжийн тооллого боллоо. Хагас нь эвдрээд хагас нь моралийн хоцрогдолд орчихжээ. “Муу ч гэсэн улс төрийн нам байна даа, төрийн байгууллагаас дор байж болохгүй” гэж Энхболд хэллээ. Хэн нэг нь “Төрийн байгууллага хамгийн муу нь байдаг юм уу?” гэхэд “Төр бол байхаас өөр аргагүй хамгийн муу байгууламж. Хаанахын ч төр байсан тэнд үргэлж цалгар назгай, хариуцлагагүй, идэж уусан, хулгайлсан явдал тасардаггүй. Төрийг хэзээ ч аж ахуйн үйлдэл рүү оруулж болохгүй. Төр л ийм эвдэрсэн, хоцорсон компютэртэй мөртөө ажлаа хийгээд явж чадна” гэж билээ.

Сүүлийн хорин жилд эдийн засгийн хамгийн том реформ хийж чадсан баг нь Энхсайханы Засгийн газар. Энхболд энэ реформын хамгийн том түүчээний нэг байсан юм. Төрийн өмчийн хороог байгуулж түүгээр даргалуулсан нь ёстой нүдээ олсон. Энхболд анх удаа төрийн өмчийг тоолж өргөн хувьчлалд бэлдсэн. Банк санхүүгийн реформыг Цагаан, Энхболд хоёр хийсэн юм. Замаа алдаад хэнд харъяалагдаж байгаа нь мэдэгдэхээ больсон Эрдэнэтийг Энхболд л янзалсан. Хэрэв Энхболд байгаагүй бол Эрдэнэт нь Оросын мафийн гарт бүрэн шилжих байлаа.

Одоо Энхболдыг хар даа. Дагуулж яваа арми нь улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир… Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпараци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол. Оюутолгойд Монголын талын хувьцаа байхыг хамгийн ихээр эсэргүүцэж, ингэж эрсдэл хөрөнгө гаргаж байхаар тэргүүний технологитой гадны том компанид бүхнийг даатгаад татвар роялтигаа аваад явахад буй болох баялагийн талыг зүгээр сууж байгаад авах нь хавьгүй ашигтай гэж ярьдаг байсан хүн шүү дээ.

Энхболдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Ярьж улайрч байгаа болгон нь эргээд эх орны эрх ашигт маш хортойгоор тусна гэдгийг түүн шиг өндөр боловсролтой, ухаалаг, зөв тооцоотой, алсын хараатай хүн мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч тэр гарах газар, орох нүхгүй болсон Жамух болжээ.

Мэндсайханы Энхсайхантай би 21 жилийн өмнө танилцаж байсан юм. “Зах зээлийн тогтолцоо” гэдэг үгийг Монголд хамгийн анх хэрэглэсэн хүн дээ. МАХН-ын шинэчлэгч бүлэгт байхдаа тэгэж хэлсэн нь сонинд гарч байлаа. Бүлгийн бусад гишүүдийн дэндүү дийлэнх нь хүнд суртлыг арилгах, одоо байгаа дарга нарыг солих, жинхэнэ социализм байгуулах тухай ярьж байхад энэ хүн цаад углуурганы үндсэн зарчмыг олж харж чадаж байсан юм.

Шинэ үеийн Монголын хамгийн тэргүүний сэхээтний нэгийн гэрт төрж өссөн, хотын соёл боловсролтой, өргөн мэдлэгтэй, нийгмийнхээ дутагдал доголдлыг олж харсан төдийгүй засаж залруулах аргыг нь хайсан орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн. Нийгмийг дагуулж залж удирдаад явж чадах гарын арван хуруунд багтахуйц тоотой цөөхөн сэхээтний нэг. Улсын бага хуралд Эдийн засгийн байнгын хороог нь Энхсайхан, Нийгмийн бодлогын байнгын хороог нь Хатанбаатар, Хууль зүйн байнгын хороог нь Баяр гэсэн гурван шижигнэсэн залуу толгойлж байлаа. Засгийн газрын шадар сайд нь Ганболд, Ерөнхий сайд нь эдийн засгийн шинэлэг үзэлтэн Бямбасүрэн, Ерөнхийлөгч нь улс төрийн шинэлэг үзэлтэн Очирбат. УИХ-ын дарга нь залуу ардчилагч Гончигдорж, орлогч нь шинэ Монголын хуулийн тогтолцооны хүндэт эцэг Чимид. Тусгаар тогтносон, бие даасан, ардчилсан, зөв зам мөр дээрээ гарсан шинэ Монгол бол энэ хэдэн хүний бүтээл.

Энхсайхан 1996 онд Ерөнхий сайд болсноор Монголын ард түмний өмнө дараагийн мартагдашгүй гавъяагаа байгуулсан. Бүхэл бүтэн дөрвөн жил шинэтгэл өөрчлөлтөөс зайлсхийн өөх ч биш булчирхай ч биш болон гуларч байсан орныг тэр аварсан. Хоёр хүрэхгүй жилийн дотор Монголын эдийн засгийн бүтцийг бараг л үндсээр нь өөрчилсөн дөө. Хэрэв амжиж энэ богино хугацаанд банк санхүү, өмчлөл, эдийн засгийн механизмыг өөрчлөөгүй бол Монгол орон хаана очиж хад мөргөх байсныг хэлэхэд хэцүү.

“Ардчилсан хүчин ядахнаа нэг удаа засгийн эрхийг авч юм хөдөлгөхгүй бол энэ орон сүйрлийн замд орно шүү” гэж нэг бус удаа анхааруулдаг байсан. Тиймдээ ч сонгуулийн компанийг гялалзтал удирдан амжилт гаргасан юм. Тэрээр Өрнөдийн ардчилал, соёл, нийгмийн байгууламж, тэрбайтугай шашин шүтлэгийн тогтолцоог нь бишрэн шүтэгч, үүнийг гэрэл гэгээ, давтан дуурайх үлгэр жишээ гэж үздэг, энэ үзэл бодлоо байнга ярьж бусдыг уриалагч байсан юм. Хийрхсэн үндэсний үзлийг жигшдэг, буддын соёл шүтлэгийг үеэ өнгөрөөсөн хоцрогдсон зүйл учир нийгмийн хөгжилд саад болно гэж үздэг үүнээ хэнээс ч нуудаггүй байв. Тэр дундаа мухар сүсгийг байнга шоолж, тэр тухай онигоо маягийн юм ярин толгойгоо сэгсрэх дуртай. Магадгүй тэрээр фанат реформист ч байсан байж болох.

Нэг юм санаанаас гардаггүй юм. 2002 онд Энхбаяр монгол дайчдыг Иракт оруулах шийдвэр гаргалаа. Тэр үед Энхбаяр, Энхсайхан хоёр хонь чоно байсан цаг. Энхбаярын шийдвэр ч үнэндээ Үндсэн хууль зөрчсөн үйлдэл байсан юм. Ийм шийдвэрийг зөвхөн УИХ гаргах эрхтэй атал цаадах нь их хурлаас тоож ч асуусангүй, тэрбайтугай мэдээлсэн ч үгүй. Энхсайхан Энхбаярыг шууд л дэмжсэн. “Цөмөөрөө Энхбаярт баяр хүргэе. Хэдийгээр улайм цайм Үндсэн хууль зөрчсөн ч гэсэн энэ бол гайхалтай мундаг шийдвэр. УИХ-аар энэ асуудлыг оруулбал цаад малууд нь бөөн маргаан үүсгэж цаг алдах байсан. Монгол цэрэг америкчуудтай мөр зэрэгцэн олон улсын терроризмын эсрэг тэмцэлд хамтран алхана гэдэг Монгол орны тусгаар тогтнол, бие даасан байдлын хамгийн том баталгаа болно шүү дээ. Тэр дундаа Орос, Хятад хоёр энэ хэрэгт оролцохгүй байхад…” Улс орны эрх ашигийг хувийн өс хонзонгоос дээгүүр тавьж чадаж байгаад нь би түүгээр бахархаж байсан.

Бас нэг санаанаас гардаггүй юм байдаг. Огцорсныхоо дараа “элсний 13” гэгчийг загалмайлж тэднээрээ төрлөх намаа хорлуулаад гүйгээд байлаа. Нэг удаа асуув: “Энэ Батцэрэг, Батнасан энэтэр гээд хөөрхий дөө гэмээр умаахан амьтадыг чи яагаад дагуулаад тэнэгийг нь ашиглаад явдаг юм бэ?”. Хариулж байнаа: “Ухаантай хүн үгэнд орохгүй шүү дээ. Би эднийг маанаг болохоор нь ашигладаг юм. Хэргээ бүтээхэд тэнэг тусмаа л ашигтай шүү дээ”.

Энхсайханыг би өнөөдөр бөө шүтдэг, бурханы ариун шавь, мухар сүсэгтэн, Америкийг үзэн яддаг, Өрнөдийг жигшдэг, барууны хөрөнгө оруулагчидтай алалдахад бэлэн, аварлын одоо Хятад гэж хардаг гэхэд үнэмшихгүй байна. Хүний үзэл бодол ингэтлээ өөрчлөгдөнө гэж байхгүй. Реформист, шинэчлэгч, алсын хараатай ухаалаг Энхсайхан түүний цээжинд хэвээрээ байгаа гэдэгт эргэлздэггүй. Татваргүй нийгэм байгуулна, хувь хүний тавьсан өрийг төр өмнөөс нь төлнө хэмээн түүхэнд гарсан ямар ч популист зүрхэлж яриагүйг тэрээр уриалах боллоо. Өмч хувьчилж байсан Энхсайхан өнөөдөр иргэдийн өмчийг эргүүлж хураагаад нийгэмчлэнэ гэх болов. Гэдийсээр байгаад сүүлээ газар чирэх болсон мулгуу дагалдагсад нь хураагдсан өмчөөс юм олдож магадгүй гэж үнэмшээд хөөрчихсөн яваа байх. Үнэндээ эрүүл саруул, эрч хүчтэй ухаалаг Энхсайхан зүгээр л гарах газар, орох нүхгүй болсон Жамух л болж дээ.

Намбарын Энхбаярыг би 1992 онд Соёлын сайд болсноос нь хойш мэдэх юм байна. Түүнийг таньдаг болсны хорин жилийн ой удахгүй болох нь. Улс төрч гэдэг бол нийгмээ дагуулагч. Улстөрч гэдэг бол зорилгоо зөв тодорхойлж эрх мэдэлд хүрч чаддаг, авсан эрх мэдлээ ашиглаж чаддаг хүн. Улстөрч гэдэг бол бузгай сэтгэл зүйч, хамт олныг өөртөө татаж цагийг нь олж нэгтгэж чадагч. Энэ утгаар нь авч үзвэл Чингис хаанаас хойш Энхбаяр шиг хүчирхэг улстөрч манай түүхэнд гарч ирсэн юм болов уу? Гэндэн ерөнхий сайд нэлээд дөхөх боловч тэрээр Энхбаяр шиг боловсрол мэдлэгтэй байж чадаагүй.

Бас нэг Өрнийн сэтгэлгээний монгол хувилбар. Шинэ Монголын шинэ үеийн шилдэг төлөөлөгчдийн нэг. Сонгуульд ялагдаад бараг л тарж бутрах дээрээ тулсан байсан намыг тэр эргүүлж нэгтгэн босгож ирсэн. Өөр хүн бол чадахгүй байсан. Хүчирхэг улстөрч гэхээрээ л найрсаг, жудагтай, цагаан цайлган, үнэнч шудрага, хүний хувьд алт шиг байдаг ёстой ч юм биш. Харин ч эсрэгээр байж байж амжилт гаргадаг. Хүчирхэг улстөрчид зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн жаахан хүний үнэргүй зарчим баримталдаг. Ардчилсан чөлөөт нийгмийн тогтолцоо тэднийг Сталин, Гитлер, Мао болгочихдоггүй учир түүх зөвтгөдөг. Энэ л утгаараа Энхбаяр бол аугаа улстөрч.

Хэрэв Энхбаяр байгаагүй бол өнөө болтол газрын реформ хийгдээгүй л байх байсан. Газрын харилцаа шийдэгдэхгүйгээр Монголын цаашдын хөгжил мухар нүхэнд тулна. Зөвхөн энэ шийдвэр нь л гэхэд түүний нэрийг шинэ Монголын түүхэнд мөнхлөх юм. Хэрэв Энхбаяр байгаагүй бол бид одоо болтол “их өр” хэмээх Оросын өглөг авалгын дарамтанд бид байсаар байх байлаа. 17 тэрбум доллар гэж нэхээд байсан энэ өр хэвээрээ байсан бол Тавантолгой, Оюутолгой, стратегийн орд гэж орилолдоод байгаа болгон маань шууд л өрийн дансанд дугуйлагдах байв. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтаар монгол цэргүүд энхийг сахиулж яваа нь Монгол орны тусгаар тогтнолоо хамгаалах хамгийн хүчирхэг механизм. Энийг мөн л Энхбаяр хэрэгжүүлж эхэлсэн. Энхбаярыг бүх эрх мэдлийг авчаад олигтой реформ өөрчлөлт хийгээгүй гэж шүүмжлэх нь бий. Эргээд бодож байхад хийсэн нь нэг улстөрчид олдохоор шүү. Энхболд, Энхсайхан шиг эдийн засгийн шинэчлэл хийгээгүй ч улстөрийн зоримог алхам нь түүхэнд үлдэнэ.

Одоо энэ хүнийг эргээд нэг хар даа. Ярьж буй болгон нь өөрийнхөө өнгөрсөн үйлдлийг үгүйсгэсэн хорлон сүйтгэгч аятай. Хаанаас олов гэмээр наргианы баг байгуулаад толгой дээр нь гараад суучихсан. Хамт яваа тэр лам, бөө, эрүүгийнхэн, өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй онолч, зөнөг шаачихсан коммунист, хар дарж зүүдэлдэг гар, нам болгонд шаарлагдсан тэнүүлчид, рэкэтчин, луйварчин, одон медаль албан тушаалаа голсон хэнээтнүүд, больницоосоо хэзээ оргочихсон юм бол гэмээр өвчтөнүүд… аль ч нийгэмд байдаг ийм шавхруу цуглуулахад бас л хөдөлмөр орно доо. Тавантолгойг бүх ард түмэндээ 100 хувь тараагаад өгнө л гэх юм. Газрыг нь гурван сая хуваагаад өгөх юм уу, эсвэл хувьцааг бүгдийг нь төлбөрийн чадваргүй ард түмэнд цаас болгоод тараачих юм уу? Арав гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт нэхсэн тэр аварга ордыг эргэлтэд оруулах мөнгийг яаж босгох гээд байгаа юм, бүү мэд! Энэ зэргийн өндөр боловсрол мэдлэгтэй улс төрийн зүтгэлтэн арай үнэнгээсээ ингэж бодоогүй байлгүй дээ. Дагаж навсганаад яваа тэр хэдийнхээ тархины багтаамжид зориулж хэлээ байлгүй. Өдөрт нэгийг шинээр бодож олон заралдаг өөр олон марзан яриаг нь би гарах гарц, орох нүхгүй болж Жумахайн дүрд хувирсан ухаант хүний тоглож марзганасан инээд наргиа л гэж боддог.

Жамухтай би тавин жилийн өмнө танилцсан. Сургуульд ороогүй байхад аав минь надад “Нууц товчоо” уншиж өгдөг байлаа. Жамух байгаагүй бол Тэмүүжин Чингис болохгүй байсан. Жамух Тэмүүжинг аварсан, тэтгэсэн, тусалсан, босгож ирсэн, дараа нь хурцалсан. Энэ хоёр аугаа хүн ижил нэг л зорилготой байсан нь: Нэгдсэн, хүчирхэг Монгол улсыг буй болгох. Жамух бол Тэмүүжингээс юугаараа ч дутахгүй аугаа жанжин, хүчирхэг удирдагч, ухаан төгс нэгэн. Хаан ширээнд очих бүрэн эрхтэй дээд язгууртан. Харин тэр Чингис хааныг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Чингис хаанаар толгойлуулсан хүчирхэг Монгол байснаас хэнд хэрэггүй тархай бутархай овгууд биенээ мэрэлцэн сульдаад хэвтэж байсан нь дээр гэж үзсэн. Өөрийн байгуулалцсан болгоноо нураахаар тэрээр адгийн бүх шааруудтай нийлсэн. Хорэзмийн шах Махамудтай хүртэл нийлж эх нутаг элгэн садан руугаа дайрч байсныг урвалт гэхээсээ шаралхал гэж тайлбарламаар. Нийлсэн шаар шавхруунуудаа тэрээр үзэн яддаг байсан. Дээрэмчний толгойлогч болсон язгууртан ямар олиг байх билээ. Гэвч хүчирхэгжин өндийж байгаа Монголын төр, түүнийг удирдаж байгаа Чингис хааныг илүүтэй жигших болжээ. Гэвч эцэст нь өнөө шаарууд нь Жамухыг баривчлан их хаанд авчирч өгсөн шүү дээ. Аугаа Жамух нэгдсэн Монголыг толгойлсон бол Чингисээс ч илүү амжилт олох байсан юм билүү, хэн мэдлээ. Гэвч түүх өөрөөр шийдсэн юм. Учир нь түүх өөрийнхөөрөө л шийддэг.

Нийтлэлч Баабар
2011.10.30


URL:

Сэтгэгдэл бичих