БОГД ХААНЫ МУЗЕЙН ГАЗРААС “АПУ”-Д ӨГСӨН ДАРГА ХЭН БАЙВ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах түүхэн дурсгалт газар болох Богд хааны ордон музей, “АПУ” компани хоёрын хооронд үүссэн газрын маргаан олон жил үргэлжилж байна.
Өнөөдрийг хүртэл нэг талдаа шийдэгдээгүй. Хотын захиргаа болон холбогдох газрууд нь ямар нэгэн шийдвэр гаргаж, шийдэлд хүрэлгүй явсаар ийнхүү өнөөдөрт ирэв.
Гэвч өнгөрсөн долоо хоногт дээрх түүх соёлын өв болсон ордон музейн эзэмшлийн газарт АПУ-гийнхан иргэдийг зугаатай тавтай тухтай зусуулахын тулд хөлбөмбөгийн асар барих ажилдаа ханцуй шамлан орсон нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
Тус газрын удирдлагууд, ажилтнууд дээрх ажлыг эсэргүүцэж салбарын сайд болон мэргэжлийн хяналтын байгууллагад өнгөрсөн долоо хоногт хандсан бөгөөд энэ долоо хоногт хариу авах ажээ.
Тэгвэл энэ газрын маргааны асуудлын талаар тус газрын захирал О.Мэндсайханаас тодруулахад “Яам руу болон мэргэжлийн хяналтын байгууллага руу албан бичиг өгсөн байгаа. Үүнтэй холбогдуулан хамгаалалтын бүсийн асуудал яригдаж байна. Хамгаалалтын бүс гэдэг бол улс тусгай хэрэгцээндээ газрыг аваад түүх соёлын дурсгалт үнэт зүйлийг хамгаалах орон зай үүсгэж байгаа асуудал. Тэгэхээр Засгийн газрын тогтоол биелэгдэхгүй байна. Тогтоолыг биелүүлэх нь ЗГХЭГ хянадаг. Мөн нөгөө талаар Засгийн газрын тогтоол ёсоороо бол Нийслэлийн Засаг дарга, салбарын сайд хянах ёстой” гэлээ.
Тиймээс өнгөрсөн баасан гаригт тус газрыг зорилоо. Богд хааны ордон музейн зүүн хойд талд нь барилга байгууламжийн ажил өрнөж байгаа бөгөөд шар алаг хувцастай хүмүүс газар ухаж, мөн явган хүний чулуун зам тавьж харагдлаа. Тэд ажлаа их шуурхайлж байгаа харагдана. Тэдэн дээр очиж, ирсэн хэрэг явдлаа учирлаж, энд юу барих гэж байгаа талаар учирлаж асуухад “Бид мэдэхгүй. АПУ компанийн захилгаар ажил гүйцэтгэж байна. Хөлбөмбөгийн асар барих гэж байна. Түүнээс баар цэнгээний газар биш” гэж ундууцав. Мөн зураг хөрөг авахуулахыг ч зөвшөөрөхгүй “Яагаад зураг аваад байгаа юм бэ” зарим нэг нь уурласан юм.
-Газрын маргаан хэзээнээс эхэлсэн бэ?
-Нийслэлийн Засаг дарга, БСШУЯ, мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэх мэт маш олон газар хандаж, удаа дараа хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна. Нийслэлээс огт хариу өгдөггүй. Мэргэжлийн хяналтаас удаа дараа хүсэлт тавьсаны дагуу шалгаж үзээд хамгаалалтын бүсийг хэвээр хадгалж, дотор нь үүссэн газрын маргаан асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж Нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлэхээр мөн л хариу байхгүй. Ер нь бол Засгийн газрын тогтоол дээр хамгаалалтын бүсэд ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглосон байгаа юм. Хамгийн зовлонтой асуудал нь өнөөдрийг хүртэл газрын маргаан шийдэгдэхгүй байгаад гол учир байна.
-“Ван трейд” компанийхантай уулзсан уу. Чухам юу гэх юм?
-Уулзаагүй. Тус компаниас зун хөлбөмбөг үзүүлэх асар барих гэж байгаа хэмээн энэ газар шорооны ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил эхлэнгүүт нь очиж уулзахад “АПУ-гаас захиалсан юм” гэхээс өөр зүйл хэлээгүй. Маш хүчтэй техник ашиглаж байгаа учраас барилгад чичиргээ өгч байна. Асар баригдлаа гэж бодоход мэдээж архи согтууруулах ундаагаар үйлчлэхээр согтуу хүмүүс музейн хашаа руу шээхээс өгсүүлээд их зүйл гарна.
Харин АПУ-гийн ерөнхий менежер гэх залуутай утсаар холбогдож хийж байгаа ажлыг чинь зөвшөөрөхгүй гэж хэлэхэд “Танайд ямар ч аюул байхгүй. Бид нар тэрийг бодолцож байгаа” гэсэн. Угаасаа Соёлын тухай хуулиар ч музейн дэргэд барилга байгууламж барихыг зөвшөөрдөггүй.
-Салбарын сайддаа хандсан байгаа юм байна. Одоо цаашид яах вэ?
-Бид нар нэгдүгээрт энд баригдаж байгаа асарын ажлыг зогсоохыг хүсч салбарын сайддаа хандсан. Цаашлаад бид газрын асуудлаар холбогдох газруудад дахин хандана. Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт ордон болохоор хамгаалалтын бүсэд ямар ч барилга байгууламж барих боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тодорхой бүс шаардлагатай байдаг. Гэтэл АПУ-гийнхан өөрсдийнх нь эзэмшлийн газар гэж ойлгоод байх шигээ.
Ийнхүү музейн гадна талбайд хөлбөмбөгийн асар барих ажлыг өрнүүлжээ. Харин музейн дотроо үзмэр сэргээн засварлах хэсэгчилсэн ажил эхэлж, засварын байдалтай байв. Тус музейн удирдлагууд болон ажилчид нь салбарын сайд Ц.Цогзолмаад их найдаж байна. Түүнийг салбараа бодож, түүхэн дурсгалт газраа бодож зөв зүйтэй шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэсэн юм.
Харин өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Богдын музейн газрын удирдлагууд уулзаж, асар бариулж байгаа “Ван трейд” компанийн үйл ажиллагааг зогсоосон байна.
О.Сайхан
Оллоо.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
батүүл 12 онд АПУ-д 17 жилээр өгчээ.