С.Зоригийн аллагыг илрүүлэх ээлжит “жүжиг”

358a8b8124de791bca0543ba7ab21966b7864cd9Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.ЖАМЪЯН

С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, гүйцэтгэгчдийг 18 жил эрж хайгаад, гүйцэтгэгч хэмээн гурван хүнд Эрүүгийн хуулийн дээд хэмжээ оноон хорьчихоод байгаа. Гэтэл захиалагч байдаггүй. Хамгийн сүүлд нөгөөх С.Зоригийн гэргий Б.Булганыг яллагдагчаар татлаа гээд таг чиг болсон. Гэхдээ Б.Булганыг хорьж саатуулаагүй, дураар нь явуулж байгаа гэсэн.

Өдөр тутмын хэдэн сонин “С.Зоригийн аллагыг зохион байгуулсан гэж Б.Булганыг яллагдагчаар татлаа”, “С.Зоригийг хөнөөхөд Б.Булган оролцсон гэх баримт олджээ”, “С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Б.Булганыг гэрчээр биш, яллагдагчаар татлаа” гэх мэт гарчигтай материал урсгаж өгсөн.

Хажуугаар нь “Б.Бул­ган чинь нөхрөө гад­ны хүмүүстэй хам­жаад алчихсан юм бай­хаа”, “Арыг нь даана гэсэн хүмүүс хэрэг­сэх­гүй болохоор жин­хэнэ захиалагч, гүй­цэт­гэгчдийг одоо л дэлгэж тавихаар шийдсэн бо­лол­той”, “С.Зоригийн хэ­рэг задарч жинхэнэ захиа­лагч, гүйцэтгэгчид орох гарах газраа олж ядаж байгаа гэнэ…” гэхчлэн хардсан, хордсон яриа эх захгүй түглээ. Аргагүй шүү дээ.  Аливаа нууцалсан бүхэн хардлага дагуулдаг болохоор олон түмнийг буруутгах аргагүй. Сэтгүүлч миний хувьд ч баахан хардлага тээж яваа. Гол нь энэ хэргийг удаашруулж, замхруулах чиглэлдээ бас нэг шинэ гарц олов уу гэж бодож байгаа. Ийм аймшигт хэрэг явд­лын захиалагч нь юм уу, захиалгад ямар нэг байдлаар холбогдсон хүн нь Б.Булган мөн юм бол тийм сэжигтнийг “Таныг яллагдагчаар татлаа шүү” гэчихээд сул  чөлөөтэй явуулаад байдаг юмуу?! Эрүүгийн практикт ийм сэжигтнийг яаран хорьж тусгаарлан шалгадаг биз дээ. Өнөөдөр бидэнд ойлгогдож байгаагаар бол манай хууль хянал­тын байгууллагын удирд­лагууд, бүр тодруулбал өнөөх ажлын хэсгийнхэн маань “За Булган минь яахав, чи тэгээд явж л бай. Чи ямар оргоод явчих юм биш. Бид яллагдагчаар татсан дүр эсгээд байж л байя” гэсэн юм шиг бодол өөрийн эрхгүй төрж байна. Ийм ноцтой хэргийн сэжигтнийг, юун яллагдагчаар татаад сул чөлөөтэй явуулж байх битгий хэл, сэжиг мэдэгдмэгц л хорьж тус­гаар­лаад шалгадаг биз дээ. Ер нь юмыг муугаар бодоход Булган гадагшаа гараад явчихвал яах юм? Ямар нэг золгүй явдал тохиолдвол яах юм? Янз бүрийн хүмүүстэй үгсэн хуйвалдаж С.Зоригийн хэргийг, бүр өөр тийш нь эргүүлчихвэл яах юм? Олон ноцтой асуулт ар араасаа хөвөрч байна. Би өнөөдрийн өдрийг хүртэл Б.Булганыг өрөвч зөөлөн сэтгэлээр харж явсан хүн. Ханиа алдсан энэ хөөрхий бүсгүй, залуу сайхан насныхаа аз жаргалыг үзэлгүй, хар бараан амьдрал дунд тууч­лаа, хөөрхий дөө, хэмээн бодож явсан юмсан.

Б.Булганы аав ээжтэй ч залуу цагийн найз нөхөд. Б.Булганы ээж Байгаль бид хоёр Дорноговь аймгийн арван жилийн дунд сургуульд ганц хоёр ангийн зөрөөтэй, ёстой л “хэдхэн чихрээ таллан хувааж” явсан хүүхдүүд л дээ. Байгаль Анагаах ухааны дээд сургууль төгссөн манай нэртэй эмч на­рын нэг байсан. Эднийх өндөр соёлтой сайхан гэр бүл л дээ. Тийм аав, ээжийн дундаас төрсөн Булганыг би эрхэм дээд соёл боловсролтой, ёс суртахууны сайн чанар бүхнийг эзэмшсэн, эмэг­тэй байгаа гэж бодож явлаа. Ардчилсан хүчний анхдагчдын дунд өсч өндийсөн, С.Зориг хэмээх тийм аугаа хүний өвөрт ерөөлөөр багтсан, Монголын сор сүлд бол­сон эх-эмэгтэй гэж бодож явсансан. Тэгтэл тавдугаар сарын 7-ны өдрийн “Цензургүй яриа” нэвтрүүлэг, миний энэ бодлыг зуун хувь эр­гүүл­лээ. Б.Булганыг манай хууль хяналтын бай­гууллагынхан бай­цааж байгаа бололтой дүрс бичлэгийг үзүүллээ. Тэгсэн чинь Булган маань хамгийн бохир бүдүүлэг үгээр булаад, салаавч гарган хаалгыг нь тас саваад гарч байх юм. Юу гэсэн үг вэ?! Монголын хууль хяналтынхныг ингэж доромжилдог, цадигаа алдсан хүүхэн байдаг юм уу. “Намайг хэн ч, юу ч гэж чадахгүй. Миний ард лут их хүч байна” гэсэн санаа юм болов уу даа гэж ойлгосон. Яллагдагчаар татчихаад цагдаж тусгаарлаж шалгалгүй, зөнд нь орхиод байгаа нь ч үүнтэй холбоотой байж болох л юм.

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр сэт­гэл эмзэглүүлсэн нэг зүйл гарлаа. С.Зоригийг хөнөөсөн хэмээн хуулийн дээд хэмжээний ял эдлэж байгаа Б.Содномдаржаа гэртээ согтуугаар агсам тавьж, зодоон цохион болж байгаа дүрс бичлэг дээр, хэлсэн үгийг нь бичсэн байна. “Ална, хядна” гэсэн аймшигтай үгс амнаас нь урсаж бай­гаа­гаар дүрсэлжээ. Хачин л юм даа! Орон нут­гийнх нь удирдлагууд Б.Сод­ном­дар­жаа­гийн та­лаар хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгсөн нэг тодорхойлолт байдаг юм. Түүгээр бол Б.Содномдаржаа нь даруу төлөв, тэргүүний залуу гэсэн байдаг.

Гяндангаас Б.Сод­ном­дар­жаа­гийн бичсэн захиаг уншаад ч, ямар ухаантай сайхан залуу вэ гэж бодож байсансан. Гэтэл нэвтрүүлгээр, хэн ч харсан жигшим ааш араншинтай хүн гараад ирдэг байгаа.

Тэссэнгүй Б.Сод­ном­дар­жаагийн гэрийн­хэнтэй холбоо барилаа. Ээж нь ярьж байна аа:

-Миний хүү Содном­даржаа архичин хүн биш. Хааяа тааруулаад амсдаг л байсан. Нэг удаа хэдэн согтуу нөхөд нь ирж бараг л шахаад уулгачихсан даа. Тэгээд согтож ухаан мэдрэл алдан гэртээ үймүүлж байгаа нь тэр. Маргааш нь их харамсаж, хямарсан л даа. “Энэ муу хар усыг чинь дахиж амсахаа больё” гэж байсансан. Яг тэр үед үймүүлж ноцолдоод байхаар эхнэр нь гар утсаараа зургийг нь авч, эрүүл болохоор нь үзүүлж жигшүүлнэ гэж бодсон юм билээ. Тэгээд зургийг нь олон кадр авсан байгаа. Тэр зургуудаа гар утсандаа мартчихаж. Содномдаржааг баривч­лах үеэр манайхыг, бид­нийг бүгдийг нэгжсэн шүү дээ. Тагнуулынхан гар утсыг хурааж аваачаад үз­сэн чинь Содном­даржаа­гийн согтуу бичлэг гарч, бөөн “олз” олдог байгаа. Тэр зурагнууд дээр бичээд байгаа айм­шиг­тай үг яриаг би хувь­даа санахгүй л байна. Энэ хүмүүс чинь эвлүүлчихдэг хүмүүс шүү дээ. Яаж мэдэхэв гэж дотроо л бодож суугаа. Бас, зориуд согтуу хүмүүс явуулсан ч юм болов уу гэж элдвээр боддог юм даа” гэв.

Өнөөдөр Монголын мафийн бүлэглэл, таг­нуул хууль хяналтын бай­гууллагуудын удирдлагыг гартаа атгаж, дуртай зүгтээ залж чиглүүлж байгаа нь нууц биш. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролц­сон Улсын ерөнхий про­ку­ро­рын орлогч, С.Зоригийн хэргийг шалгах аж­лын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбатын ярианы өнгө аяс бол нэг талыг барьсан, талийгаачийг хөнөөсөн хэргийн талаар шударга дуугарсан бүхнийг буруутгасан өнгө аястай байна билээ. Тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг буруу­тан мэтээр олон түмэнд ойлгуулахыг хичээнэ билээ. Сүүлийн үед Мон­голд юу болоод байгааг энэ сэдвийг уншигч хэн ч бай, эргэцүүлж нэг бо­доорой.

Бараг л телевиз нээх болгонд Д.Эрдэнэбат гэж хүн “Ц.Нямдоржийг огцруулъя”, “У.Хүрэл­сүхийн Засгийн газрыг огцруулъя” гэж хашгирч байгаа. Энэ чинь нөгөөх Ж.Батзанданг “оронд чинь алж чадна” гэж за­нал­хийлж байхад “Эрчүү­дийн дунд болдог л яриа болсон” гээд, дэргэдэх гишүүнээ биш, Б.Хурцыг хамгаалж байсан хүн шүү дээ. Тэгээд, олон улс дамжуулан хүн хулгайлж ирээд үхэлд хүргэсэн, УИХ-ын гишүүнийг оронд чинь алж чадна гэж заналхийлсэн, улсын нууц задруулсан гэх мэт шалгавал зохих олон гэмт үйлдэлтэй Б.Хурцыг сэм гадаадад гаргачихаад шударга талыг барь­сан Ц.Нямдорж, Ж.Бат­зандан, Л.Болд нарыг огц­руул­на, байцаана, эрүү үүс­гэнэ гэж хашги­ралдаад байгаа юм даа. Ц.Нямдорж бол энэ Зас­гийн газрын залуучуудад нөмөр нөөлөг болж бай­гаа ахмад туршлагатай ганц шударга сайд нь. Д.Эрдэнэ­бат, Ц.Ням­доржийг огцруулахын тулд аар саар юм их цуг­луулжээ. “Лексус-570” ма­шин худалдаж авч уна­сан гэнэ. Арай өөр баримт олдсонгүй юу?! Тээр жил Ц.Нямдорж сайд болонгуутаа л “Центрпойнтын хэрэг”-ийг илрүүлж мафийн бүлэг­лэлийг яаж тас цохилоо доо! Ийм баримт олон бий. Одоо Монголын мафийн бүлэглэлийнхэнд муухай харагдаад байгаа хүний нэг л дээ.

Ж.Батзандан, Л.Болд  хоёрыг би үүх түүхээр нь мэднэ. Үе дамжсан шударга хүмүүсийн тоонд орох улс.

Монголын мафийн бүлэглэл мөхлийнхөө ирмэгт тулж ирэхээрээ нам, төрийн сор болсон шударга хүмүүсээс эх­лээд С.Зоригийн хэргийг тойруулан шударга үнэ­нийг нухчин дарах үйл ажиллагаагаа эхлэлээ хэмээн гадуур шуугиж байна. МАН-ын 32-ын бүлгийн зарим “хонзогногчид”, сөрөг хүчнийхэнтэй нийлээд, МАН-ын ахмад гишүүн, тус намаас Онц Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан, одоо Ардчилсан намын УИХ дахь цөөнхийн бүлгийн ахлагч Д.Эрдэнэбатыг “туг хиур” болгон өмнөө бариад, энэ төр засгийг бусниулах их аяндаа хөдөллөө гэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар муухай харагдаж гэнэ. Д.Эрдэнэбат гэж хүн телевиз нээх болгонд л “огцруулна” хэмээн мэдэгдэж байгаа. Би, Д.Эрдэнэбатыгаа сайн мэднэ ээ. Хэн болоод хэнийг огцруулах гээд байгааг ч ойлгож байна. Нэг үе бид хоёр ах дүү шиг явсан удаа бий. Одоо бол таньдаггүй юм л даа. Д.Эрдэнэбатдаа хэвлэлээр дамжуулан “Ил захидал” бичнэ гэж бодож байгаа. Бүх “но”-г, нь дэлгэж тавина. Саяхан хэвлэлд Д.Эрдэнэбат нь сайд байхдаа, Эрдэнэтийн 51 хувийг  барьцаалсан луйварт идэвхтэй оролцож гарын үсэг зурсан, асар их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалтай гээд бичсэн л байна билээ. Ийм бусармаг явдалдаа “аврал эрэн” шинэ Засгийн газар руу дайрч давшилж байгаа бол харамсалтай л юм. Ер нь, Ардчилсан намын, түрүүчийн сонгуульд ялагдсан ялагдал, өнөөд­рийн задрал, бүгд Д.Эрдэнэбат гэж хүнтэй шууд холбоотой гэж үздэг юм билээ.

С.Зоригийн аллагыг ил­рүү­лэх “эмгэнэлт жүжиг”-ийн шинэ ху­вил­бар ид өрнөж бай­на. Улсын ерөнхий про­курорын газрын сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, ялангуяа Г.Эрдэнэбатын “Цензургүй яриа” нэвт­рүүлэгт оролцсон байд­лаас үзвэл С.Зоригийн хэрэгт байнгын хя­налт тавих үүрэгтэй проку­рорууд маань Тагнуулын ерөнхий газрын хэдэн байцаагчид хөтлөгдөөд улстөрийн “урхин дунд” яваад байгаа юм биш байгаадаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Сэтгүүлч Л.Мөнх­баясгалан туршлагатай сайн сэтгүүлч. Оновчтой асуултууд тавьж Г.Эрдэнэ­батыг нэлээн сан­даргана билээ. Хөөр­хийдөө, тэр залуу ээрч муураад, мэдмээр юмыг мэдэхгүй гэж мэлзээд, хамгийн наад зах нь ялла­сан хэдийнхээ нас жилийг мэдэхгүй мунгинана билээ. “Ийм ч хүн ажлын хэсгийг ахлах гэж дээ” хэмээн хэлэх хүн таарч л байна.

Миний бие, хэдэн оймс илүү элээсний хувьд, хууль шүүхийн бай­гуул­лагын ажлыг жа­раад жил сурвалжилж байгаа­гийн хувьд, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй эхнээс нь “ноцолдсоны” хувьд, энэ хэргийг шалгаж бай­гаа дүү нартаа хандан, са­наа авах болов уу гэсэн хэ­дэн зүйлийг бичиж байна.

Нэгдүгээрт: Би, энэ хэргийн захиалагч, гүйцэтгэгчдийг огт өөр өнцгөөс хардаг хүн. Ядаж л захиалагч нь хориод жил энэ хэргийг нууж дарагдуулах, төөрөгдүүлэх чулуу хөөлгөх хэмжээний сүүхээтэй, эрх мэдэлтэй хүн байж таарна.

Хоёрдугаарт:  Халдаш­гүй байдлын эрх эдлэж байгаа УИХ-ын гишүүн, Төрийн сайд хүнийг алуулахаар 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гурвыг явуулж байдаг, толгой нь эргэсэн захиалагч Монголд байдаг юм уу?!

Гуравдугаарт: Эхнэ­рийнх нь дэргэд нөхрийг нь аймшигтай яргалж алаад, ханийг нь амьд үлдээж байсан түүх эрүүгийн ертөнцөд урьд гараагүй юм гэнэ билээ. Тэгвэл Б.Булганыг яагаад амьд үлдээв?! Булгантай их ойрын хүн С.Зоригийг хөнөөсөн юм биш үү?

Дөрөвдүгээрт: Ялтан Б.Содномдаржаагийн гян­дан­гаас бичсэн, сони­ны гурван нүүр дамжсан захидал байгаа. Тэндээс та нэг зүйлийг анхааралтай үзээрэй. “Би өрөөндөө ороод байж байтал Амгаланбаатар надад таны хүүхдүүдийн дууг би гурав хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож, уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан. Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү… гэж хэлсэн байгаа. Амгаланбаатар маань Содномдаржааг эргэж очсон балчир хүүхдүүдийнх нь дуунд уяраад “Чамайг гүтгэсэн юм” гэж үнэнээ хэлчихэж байгаа юм биш үү?!

Тавдугаарт: Маргааш ч юм уу, Ерөнхий сайд болно гэж байхад нь нөхрөө алдаг ч юм уу, алуурчидтай хамждаг ч юм уу эмэгтэй хүн, тэр дундаа монгол эмэгтэй баймааргүй л юм даа. Би, Булганыг хүчтэй дарамтанд орж барьцаалагдсан, хэргийг нуусан төөрөгдүүлсэн хүн байхыг үгүйсгэдэггүй.

Зургадугаарт: “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гээд, цагаан малгайгаа орхиж зугтаасан Э.Бат-Үүл, ганц амьд гэрч Б.Булган нарын хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Тэгвэл яг нэг үед, нэг доор болсон гээд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үйлдсэн хэрэг чинь хөөн хэлэлцэх хугацаанд багтдаггүй юм уу? Яагаад ийм хоёр өөр байгаа юм?

Эрхэм хуульчид минь, Монголд шударга үнэнийг эрэлхийлсэн, бас нухчин дарах гэсэн аймшигт давалгаа бий боллоо шүү. Та нар минь, Монголыг  гучаад жил тонон дээрэмдсэн нам дамжсан мафийн бүлэглэлд битгий үйлч­лээч. Шударга ёсыг тог­тоож, элэг бүтэн, энх ам­галан амьдарцгаая л даа.


URL:

Сэтгэгдэл бичих