32 цагаан лонх тоолоод яах вэ, урт нэртэй хуулийн нэрийг л хэлчих
УИХ-д хоёронтоо сонгогдоод байгаа дархан аварга Б.Бат-Эрдэнэ арай эртхэндээ байнгын л дүнсийн сууж харагддагсан.
Гэтэл гэнэт хэлд орж ангийнхантайгаа ана мана үзэлцэх болсон. Харин хэлд орохдоо Хэрлэн гэж хэлд орсон гэдэг юм. Аргагүй л Хэрлэн мөрөн цөнгөө зад татан умар зүг рүү олон ухаа адуу цахилах шиг аварга маань хэлд оруутаа л байгаль дэлхий, гол усаа гээд Их хурлын индэр дээрээс халгих болсон. Удтал бодсон юм байлгүй, гэнэт нээх их урт нэртэй хууль батлуулж, түүнийгээ энд тэнд ярьж явах болсон билээ. Энэ хуулийг батлагдсан цагаас хойш бүтэн нэрээр нь дуудаж байгаа хүн нэгийг ч олж сонссонгүй. Бараг хэлж чаддаггүй юм болов уу даа. Аягүй бол энэ хуулийн урт нэрийг нэгэн амьсгаагаар хэлэх гэвэл гишүүд маань индэр дээрээ ухаан алдаж унах бизээ. Өнөөх гучин хоёр цагаан лонх тоолох шиг л юм болно биз.
Яагаав, “Шинэ үсгийн багш” кинон дээр жүжигчин Д.Хүрлээ лонх тоолоод ухаан алддаг даа. Үүнийг хүмүүс “Хүрлээдэнэ” гэдэг ажээ. Тэгээд бодож байх нь ээ аварга маань өөрөө урт нэртэй хууль шигээ урт гуншинтайг гэнэт санаадхав. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан, үлэмж саруул, үнэн хүчит, хуурнин шуугигч… .тэгээд зөндөө бий. Миний хувьд бол хэлэх нь бүү хэл бичихэд гар цуцаж байхад чинь. Хамгийн сүүлд цагийг эзэлсэн их аварга гэж төгсдөг байх шүү.
Бүгдийг нь бичих гэвэл ном болчихмоор. Байнгын бэлтгэлтэй нэртэй засуулчид тулдаа л цэнгэлдэхийн ногоон талбайд арай нэг юм “Хүрлээддэггүй” байсан биз. Түүнээс биш бага залуу, амьсгаа нь задраагүй засуулчдыг бол цэнгэлдэхийн ногоон талбайд хоёронтоо муужруулна. Тиймээс аваргын тухай зурагт энэ тэрээр сонсч байхад гол төлөв л “цагийг эзэлсэн их аварга” гэж дөрвөн үгэнд багтаагаад яриад байгаа юм. Тэгэхгүй бол нэвтрүүлэг хийж байгаа сэтгүүлч маань ч “Хүрлээдэнэ” биз. Өнөөх “үхрийн махыг үнхэлцгэнд багтаана” гэдэг л энэ.
Харин өнөөх хуулийг мөн л “урт нэртэй хууль” гэж тодотгох болсон нь ч үүнтэй холбоотой. Тэгэхээр одоо гучин хоёр цагаан лонх тоолоод яах вэ, урт нэртэй хуулийн нэрийг л хэлчих гээд явбал үнэнд дүйнэ. Эсвэл аваргын гуншинг дуудчих гэхэд хангалттай. Нээрээ шүү уншигч та нэгэн амьсгаагаар тоолоод үзээрэй. Бараг л “Хүрлээдэнэ” шүү.
URL: