430 иргэний визний лавлагааны 153 нь хуурамч байжээ

nmd-550x300НДЕГ,  Солонгосын Элчин сайдын яам, ЦЕГ-аас иргэд виз  мэдүүлэхдээ 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж,  зорчих эрхээ хязгаарлуулж байгаа талаар мэдээллээ.

Жилд дунджаар 300 мянга, сард 24 мянга орчим иргэн ТҮЦ машинаас лавлагаа авдаг бол  2017 онд БНСУ-ын ЭСЯ-наас НДЕГ-т  хандаж 890 хүний лавлагаа үнэн бодит эсэхийг шалгуулсан. Мөн 2018 онд 430 иргэний лавлагааг шалгуулж 153 лавлагааг хуурамчаар үйлдсэнийг тогтоожээ. Тиймээс хуурамч лавлагаа гаргаж байгаатай холбогдуулан лавлагаа үнэн зөв эсэхийг шалгах систем нэвтрүүлсэн байна.

Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Муг “Сүүлийн үед иргэд виз мэдүүлэхдээ бүрдүүлэн өгдөг бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол ихэсч байна. Иргэдийн түгээмэл хуурамчаар бүрдүүлж буй бичиг баримтыг харвал,нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, дансны хуулга мөн хамгийн ноцтой нь Европын орнууд руу зорчсон гэх хуурамч тэмдэглэл байна. Зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд 400-500 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн. ЭСЯ-ны зүгээс хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн иргэдийн дахин виз мэдүүлэх эрхийг хамгийн багадаа нэг жил цаашилбал хугацаагүйгээр хааж байгаа БНСУ-ын ЭСЯ албан ёсны зөвшөөрөлтэй найман төвөөр  дамжуулан визний материал авдаг. Солонгосын виз гаргаж өгч чадна гэсэн амлалт өгч буй хувь хүн байгууллагаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна. Манай ЭСЯ-ны зүгээс таньдаг хүнээр дамжуулах, эсвэл хэн нэгний гуйлгаар виз олгодоггүй.

Хурамч бичиг баримт үйлдэж байгаа нь хэд хэдэн сөрөг талтай. Итгэлцэлийг эвдэж байгаа учраас бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгах учраас хариу удаж гарна. Нэг удаа хуурамч бичиг баримт ашигласан нь тогтоогдсон хүн зайлшгүй шаардлагаар дахин Солонгос улс руу зорчих болоход виз гарахгүй” гэлээ.

Цагдаагийн байгууллагаас 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 11 иргэнд холбогдох хуурамч бичиг баримт үйлдвэрлэсэн хэргийг шалгаж байгаа бөгөөд хууль бусаар бичиг баримт бүрдүүлж буй иргэд олон нийтийн сүлжээгээр зар тарааж, 100 мянгаас таван сая төгрөг хүртэлх шан харамж  авч байгаа аж.

С.САРУУЛ 

URL:

Сэтгэгдэл бичих