Нууцын эзэн Очирваань бурхан ба Монголчууд

15259300415af3d83975016Нууцын эзэн Очирваань бурхан Монголын Бурханы шашны түүхэн холбоо

Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлэгдэл болсон бурхан нь Монгол орныг даасан Ядам бурхан мөн гэж түүх шаштирт олонтаа байдаг. Үүнийг Монголын түүхэн олон үйл явдал тодорхой харуулдаг юм. Халх Монголын Зая бандида Лувсанпэрэнлэйн (1642-1716 он) “Өндөр гэгээний намтар”-т бичсэнээр, Абтай хан нь (1554-1588 он) III Далай лам Содномжамц (1543-1588 он)-тай хоёр удаа уулзсан ажээ. Энэ тухай “Баруун Төвдийн оронд морилж Далай лам ба Богд дээдэс нартай учран мөргөж аливаа санасан хэргээ гүйцэлдүүлсүгэй” хэмээн Халх Монголоос анх түрүүнд Абтай хан бүрэн зэвсэгтэй дөчин таван хиагаа дагуулан явсан ба газар хол, уул өндөр учир амьсгал давчдахын зэрэгцээ явж буй газар орны газрын эзэд догшин тул аль болохоор товчлон явж Шохойн хар толгой хэмээх газарт үүр гийхийн хэрд хүрч очоод сүр хүчээ үзүүлэн газрын эздийг номхотгох зан үйл хийж Абтай хан ба түүний цэргүүд зэрэг зэргээр хашгиралдан гурвантаа харваж өнгөрчээ. Үүний дараа юу болсон бэ гэвэл тэрхүү нутгийн газрын эзэд биедээ шарх олж Төвдийн Далай лам дээр хүрч очоод тэдний тэргүүн нь ийнхүү өчжээ “Зүүн Халхын Абтай хан гэгч намайг гурвантаа харваж шархдуулав.

Би бээр арай гэж амь мэнд лам таны дэргэд ирэв” хэмээсэнд Содномжамц лам бээр тэдгээр газрын эздэд “Халх Монголын Абтай хан гэгч нь Очирваанийн хувилгаан тул чи бээр үүнээс хойш түүнд төдийгүй ер нь аливаа амьтанд хор бүү хүргэгтүн, үүний тулд би бээр чамд Убашийн санваар өгсүгэй” хэмээн гэж бичсэн байдаг . . . Төдөлгүй зүүн зүгээс хэсэг тоос гармагц Далай лам бээр “Шарай гол үүлдрийн нохойгоо турхиран тавьтугай” хэмээн зарлиг болсонд шавь нар нь ёсчлон гүйцэтгэсэн бөгөөд дараа нь юу болохыг хүлээж байтал Абтай хан дөчин таван бүрэн зэвсэг бүхий хиа нартайгаа давхилдан ирсэн ба олон Шарай гол үүлдрийн ноход тэднийг угтан очсон боловч энд тэнд нь гарч тал засан шарвалзсаар номхорч ирсэнд нь Далай лам Содномжамц бээр “Энэрэл үгүй, хүнийг барин идэх мунхаг догшин ноход боловч тэр ханы сүр хүчинд дарагдаж номхорч ирэхийг нь үзлээ. Энэхүү догшин хаанаас би ч гэсэн айн сүрдэж байна”хэмээгээд дэргэдээ буй газрын эздийг “Түргэнээ одогтун” хэмээн зарлиг болжээ. Ийн байтал Абтай хан хүрч иржээ.

Абтай хан нь Далай ламд мөргөж ирсэн учраа айлтгасан нь “ Өчүүхэн би бээр, умард зүгийн хязгаарын халх Монгол хэмээх улсын Абтай хан гэгч бөлгөө.Далай лам тантай учирсан маань юуны өмнө танаас ном сонсъё, бас өөрийн нутагт буй нэгэн хийдэд дэлгэр равнай өргүүлье, үүрд тахих шашны үйл хэрэгт ач тус ихтэй сайн лам болон адистэд ихтэй шүтээнийг залъя хэмээн зорьж ирсэн билээ” хэмээгээд олон зуун тоот агт морьд тэргүүтэн авчирсан өргөлөө өргөжээ. Далай лам Абтай ханд сургаал номлож, олон бурхадын лүн, авшиг тэргүүтнийг хайрлаад ийнхүү хариу зарлиг болжээ. “Хан чи бээр, олон бурхадын дотроос өөрийн сэтгэлд нийцэн тохирох бурханаа өөрөө үзэж таалаад нутаг орондоо залтугай” хэмээн айлтгажээ.

Энэхүү зарлиг ёсоор Абтай хан сүм хийдээр хэсэж бурхан бүгдийн зүрхийг даран үзэж яваад нэгэн бурханы бүтээлгийг сөхөн таалаад “Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай” хэмээн залжээ.

Уг бурхан нь Их адистэдэд хүчирхэг догшин, бүхний эзэн болсон Очирваань бурхан байсан гэдэг. Энэхүү бэлгэдлээр хожим Очирваань бурхан нь Монголыг даасан сахиус хэмээн алдаршжээ. …Халхын Автай хан Далай ламыг үзэж ихэд сүжиглэн мөргөе хэмээн сарын хуучин завсарт хүрсэн тул үдшийн үед мөргөх цагт хадаг олж иртүгэй хэмээсэнд хар хадаг олдож түүнээ барьж, даруй шинэ сар гарсаны дараа дахин цагаан хадаг барьж мөргөхүйд Далай лам Абтай ханд зарлиг болсон нь:

-Чи надад өчигдөр мөргөхдөө сарын хуучинд хар хадаг барьж орой мөргөөд, одоо сарын шинэд өглөө эрт цагаан хадаг барьж мөргөсөн чинь урьд үйлдсэн арван хар нүглээ арилгаад өдгөөгөөс хойш арван цаган буян дэлгэрэх бэлгэ болов хэмээн айлдаж, Бурхан Шагжамунийн галд үл шатагч шарил (уран баримал) ба бас хаан дүрт Пагмадүвийн (Сажа ёсны ламын) хөрөг тэргүүтнийг хайрлаад Абтай ханд “Очир хан” хэмээх цол өгсөн.

Монголыг даасан бурхан нь Очирваань хэмээдгийн тухай нэрт түүхч Дармадалай “Очирваанийн хувилгаан Чингис хаан, Алтан хан, Гүшри, Данзанчойжил, Очир Абтай сайн хан тэргүүтэн олон гарсан нь Монголын ард олон бүгд Очирваанийн ивгээлд байхаар зарлигласны улмаас бөлгөө” гэж бичсэн байдаг. Энэ утга бэлгэдлийн үүднээс Монголын ихэнх тахилгат уул, овоо нь Очирваанийн тахилгатай байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих