Засан хүмүүжүүлэхэд заавал “шоронжуулж” шийтгэх ёстой гэж үү
-Эндээс гарахад хүмүүс яаж хандах бол гэхээс айж байна-
Хэн ч байсан буруутай зүйл хийсэн бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээж, буруугаа ухамсарлан цаашид тэр алдаагүй давтахгүй байх нь чухал. Нэг үгээр хүний нийгэмд амьдарч буй хэнбугай ч хуулинд захирагдан амьдрах нь төрт ёсны нэг хэм хэмжээ. Гэхдээ нийтээр даган мөрдөх хууль журам нь өөрөө хийдэлгүй, алдаа мадаггүй, цоорхой байтугай сэмэрхийгүй байх нь чухал. Гэтэл зарим хууль тогтоомжууд тэр дундаа Эрүүгийн хуулинд амьдралд нийцээгүй зүйл заалт цөөнгүй байгаа нь ажиглагддаг. Энэ дундаас Насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүдэд хүлээлгэх ял шийтгэл нь хэтэрхий шоронжсон хатуу заалттай байгаа нь амьдрал дээр олон сөрөг үр дагавар, олон гомдол шүүмжлэл дагуулсаар байна.
Зарим нэг жишээ баримт дурдъя.
Баримт 1: Ховд аймгийн Мянгад сумын харъяат нэр бүхий сурагчид хамтран хулгай хийсний улмаас нэг жилийн хорих ял сонсон төмөр торны цаана хоригдоод байгаа билээ. Хэрэг явдлыг судалж үзэхэд нийт мөнгөн дүнгээр 200 мянга орчим төгрөгийн архи пиво, тамхи бусад зүйлсийг хулгайлсан бөгөөд хохирлоо бүрэн барагдуулсан байна. Энэхүү хэргийг 18 настай 1 иргэн, 12-р ангийн 2 сурагч хамтран үйлдсэн бөгөөд хэргийг санаачлан гардаж хийсэн иргэн 1.3 жил, бусдын нөлөөнд орж хэрэг үйлдсэн 2 сурагч тус бүр 1 жилийн хорих ял сонссон. Энэхүү 2 сурагчийн ял, шийтгэлийн нөхцөл нь уруу татаж аргагуйн эрхэнд оруулсан буюу уриалан дуудсан хүн нь тэдэнтэй ижил хэмжээний ял авч байгаад тэдний ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн байв. Уг хэргийн мөрөөр орон нутгийн Боловсролын байгууллага болон хүүхэд хамгаалал, хүний эрхийн байгууллагын ажилтнууд тухайн хүүхдүүдтэй газар дээр нь очиж уулзаж хэргийн талаар багагүй судалгаа хийжээ.
Энэ хүүхдүүд зан төлөвшлийн хувьд тийм ч яахаа алдсан, засан хүмүүжүүлэх аргагүй болсон хүүхдүүд биш гэдэг нь тэдэнтэй ярилцаж суухад анзаарагдаж байв. Мөн уг хэргийг шүүн тасалж мөрдөн байцаасан нөхцөл байдалд ч гэсэн учир дутагдалтай зүйл байсныг хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тус сумын хэсгийн төлөөлөгч болон хэргийг шалгасан прокурорын шалган байцаасан арга барилд хууль зөрчсөн үйлдлүүд байсан нь хүүхдүүдийн ар гэрийнхний гаргасан гомдол, хэлсэн ярианд нь дурдагдаж байв. Тухайлбал, хүүхдүүдээс байцаалт авахдаа хүч хэрэглэж нэг ёсондоо зодож хэргийг хүлээлгэсэн. Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг өмгөөлөгч, асран хамгаалагчгүйгээр байцааж өөрсдийнхөө аргагүйн эрхэнд орж гэмт хэрэгт холбогдсоныг тайлбарлан ойлгуулах боломжгүйгээр хүчээр ял авахад хүргэсэн зэрэг зөрчил байсан. .
Мөн эдгээр хүүхдүүд маш их цочрол буюу сэтгэл санааны гутралд орсон нь илэрхий байсан юм. Тэдний хувьд амьдралд нь суусан энэ хар толбыг дахин арилгах боломжгүй болсондоо гэмшиж байна хэмээн өөрийн эрхгүй нулимс урсгаж байв. Гэхдээ хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол тэд “эндээс гараад хүний царай яаж харна. Эргээд нийгэм рүү орох хүсэл төрөхгүй байна” хэмээн итгэл алдарсан айдастай болсон байлаа. Тэд бол дөнгөж амьдралд хөл тавьж буй хүмүүс. Амьдралын эрээн бараан буруу зөвийг ухаарах гэж тэмцэж яваа иргэн. Нэг нь оюутны ширээнд дөнгөж хөл тавьж байсан бол хоёр нь төгсөх ангийн сурагчид юм. Сургуулиа төгсөөд эмч болно хэмээн дэврүүн мөрөөдөлтэй явсан ч хүний нөлөөнд орохдоо “үгүй” гэж хэлж чадаагүйнхээ төлөө ийнхүү харанхуй нүхэнд унасан мэт итгэл сэтгэлийнхээ галыг бөхөөчихөөд байгаагаа хэлж суух нь харамсмаар. Анх энэ хэцүү нэртэй газар орохдоо аав ээжтэйгээ уулзахыг, бас хурдан гарахыг хүсдэг байсан ч одоо бол аав ээжийнхээ царайг ч хармааргүй санагддаг болсон гэх нь тэр …
-“Ээжээ би гармаар байна” гээд шөнөжин уйлж зүүдлээд хонодог-
Баримт 2: Ховд аймгийн Дарви сумын 9-р ангийн сурагчийн үйлдсэн хулгайн хэрэг. Тэрээр нийт дүнгээр 560.000 төгрөгийн эд зүйлс, мөнгө хулгайлсан бөгөөд хохирлыг бүрэн барагдуулсан боловч мөн 1 жилийн хорих ял авсан байна. Түүнтэй уулзаж ярилцаж хэргийн учир явдлыг сонсоход дэлгүүрээс мөнгө хулгайлж байгаад баригдсан байна. Хэн ч харсан хүүхдээрээ хэтэрхий зүггүй түүнийг ийм байдалд хүргэсэн зүйл бол амьдралынх нь хэрэгцээ хангагдаж чадахгүй, ядуу тарчиг амьдарсных нь илрэл, үр нөлөө гэлтэй. Ээж дүүгийн хамт амьдардаг бөгөөд ээж нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй байна.
Тэрээр хэлэхдээ “ээжийгээ их санаж байна. Эндээс л гармаар байна” хэмээн үг болгоныхоо завсар хэлж байлаа. Түүнийг шөнө унтахдаа “ээжээ намайг хурдан гаргаж аваач” хэмээн уйлдаг тухай хажуу дахь хүүхдүүд нь ярьж байв. Сэтгэл эмзэглэмээр. Ийм л сэтгэлийн хат суугаагүй, хар бурууг санах, өөрийгөө хамгаалах хүч дутуу байгаа тэдэнд төрийн төмөр нүүр хэтэрхий хатуу санагдахгүй байна гэж үү. Тэдний хувьд одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдээд байгаа нь энэ юм.
Хүүхдэд хүлээлгэх хариуцлага хэтэрхий “шоронжсон” агуулгатай байна
Энэ бүхнээс үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-иар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь амьдрал дээр нэлээдгүй асуудал дагуулж, 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенци, пактын зарчимд нийцээгүй асуудал болоод байгаа юм. Харин 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, “хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зэрэг зохицуулалт байсан бол 2015 онд шинэчилэн батлагдсан Эрүүгийн хуулиар эдгээрийг зөвхөн “хөнгөн гэмт хэрэг” гэж хязгаарлан, дараах байдлаар зохицуулсан байна. Үүнд: – Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” – Эрүүгийн хуулийн 8.6 дах “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дах хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” – Эрүүгийн хуулийн 8.7 дах “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж 1 – 3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” Эрүүгийн хуулиар гэмт хэргийг “хөнгөн” ба “хүнд” хэмээн ангилж буй ангилал нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол болон бусад шинж чанарыг нь үндэслэж ангилсан ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай юм.
Гэтэл хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн ихэнх нь оюун санаанд нь нийгэмд харш үзэл бодол хэвшил болон тогтсоноос шалтгаалаагүй, харин тухайн цаг үеийн нөхцөл байдал, болж буй үзэгдлийг зөв үнэлж, түүнтэй холбогдуулж өөрийнхөө явуулж буй үйлдлийн нийгмийн хор уршгийг богино хугацаанд бүрэн гүйцэд ойлгож, үнэлэх дадлага туршлага, чадвар дутсантай холбоотой байдаг байна. Иймээс ч олон улсын хэмжээнд “насанд хүрээгүй хүүхдийн шүүн таслах ажиллагаа” гэх нэр томъёог хэрэглэж, гэмт хэрэгт яллагдаж, сэжиглэгдэж байгаа хүүхдийн шүүх ажиллагааг насанд хүрэгсдийн ерөнхий процессоос ялгаатай хэрэглэдэг байна.
Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй Эрүүгийн хуулийн өнөөгийн зохицуулалтыг энэ хэвээр үлдээвэл өнөөдрийн ороо бусгаа нийгмийн золиос болсон, шоронжсон хүүхдийн бүхэл бүтэн нэг үеийг бий болгох аюул дагуулах магадлалтай. Ялангуяа өсвөр нас гэдэг бол маш онцлогтой нас, энэ бол хүний хүүхэд наснаасаа насанд хүрсэн хүн рүү шилжих бүхэл бүтэн үеийг хэлнэ. Энэ үедээ зөв төлөвшихөд нь гэр бүл, хамт олон, сургууль, нийгэм гэдэг олон зүйл нөлөөлнө. Манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал өсвөр насныхныг зөв төлөвшин тогтнох орчинг бүрдүүлж өгч чадахгүй байгаа. Ялангуяа ядуурал, ажилгүйдэл газар авсан энэ цаг үед хичнээн ч соён гэгээрүүлээд бид энэ асуудлыг арилгаж чадахгүй, нийгмийн нөхцөл байдал сайжиртал энэ асуудал байсаар байх болно. Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийг шоронд явуулснаар хүмүүжүүлнэ гэж байхгүй, харин ч тэр хүүхэд ирээдүйд улам л эргэлзээтэй хүмүүжилтэй, ёс зүйтэй хүн болж төлөвшин тогтнох суурийг бий болгох аюултай.
Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг бүртгэгдсэн ба эдгээрийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг гэсэн статистик байна. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажил зохион байгуулж буй хэдий ч хүүхдээс үйлдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байна. Дэлхийн 193 орон, түүн дотор Монгол улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцийн 3(1) дүгээр зүйлд “насанд хүрээгүй хүний шүүн таслах ажиллагааны тогтолцооны хүрээнд хүүхдийн сайн сайхныг харгалзаж, дээдлэх ёстой бөгөөд насанд хүрээгүй хууль зөрчигчдөд авах арга хэмжээ нь түүний үйлдсэн зөрчил, тухайн хүүхдийн нөхцөл байдалтай уялдах ёстой” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийн Эрүүгийн хуулийн эрх зүйн зохицуулалт нь хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулсан, түүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд нь тохирсон арга хэмжээ авахын оронд заавал хорих ял оноож, шоронд явуулахаар шийтгэнэ гэж зохицуулж буй нь хүүхдэд нэн харгис хандсан хэрэг болохоос гадна манай улсын зүгээс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй явдал болж байна.
Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа нь нийгмийн нөхцөл байдлаас ажиглагдаж байна. Тухайлбал, Төслийн 1 дүгээр зүйлээр Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дах хэсэг дах “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгож, “хүнд” хэмээх ангилалын гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд нь тохирсон арга хэмжээ авах, заавал хорих ял оноохгүйгээр шийдвэрлэх боломжийг нээж өгөх нь зүйтэй юм.
Мөн төслийн 2 дугаар зүйлээр Эрүүгийн хуулийн 8.6 дах “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалт болон 8.7 дах “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалт дах “хөнгөн” гэдгийг тус тус хасч, ингэснээр мөн л өсвөр насны хүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд оноосон хорих ялыг хүнд, хөнгөн гэх ангилал харгалзахгүйгээр тэнсэх, хойшлуулах байдлаар шийдвэрлэх боломжийг нээж өгөх шаардлагатай. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд насанд хүрээгүй хүүхдүүд буюу өсвөр насны гэмт хэрэгт үйлдсэн иргэдийг засан хүмүүжүүлэхэд заавал “шоронжуулж” шийтгэх нь учир дутагдалтай юм.
Ж.Саруул
URL: