Прокурорын яриа Хууль зүйн сайдыг сандаргав

20461

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хаалттай хуралдав. Хаалттай хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар (ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судлах ажлын хэсгийн ахлагч ) Олон улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж санал, дүгнэлт боловсруулснаа Байнгын хорооны гишүүдэд танилцуулжээ.

ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрт С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж.

Гэвч эдгээр шаардлага нь Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн, парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуул гэсэн нь ч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөхөд хүргэж байгаа тул энэ чиглэлээр санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах, эсхүл уг асуудлаар УИХ-ын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Х.Нямбаатар гишүүн танилцуулжээ.

Өөрөөр хэлбэл, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар ОУПХ-нд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах болон холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зүйтэй тухай ОУПХ-ны саналыг Хууль зүйн байнгын хороо дэмжжээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хэргийн яллагч “нууц” материалыг хэвлэлийн байгууллагад өгч нэг талын тайлбар хийлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, заналхийллээ” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Ц.Нямдорж сайдын саналаар Байнгын хороо хаалттай хуралдаж, дээрх асуудлаар УИХ-ын гишүүдийн санал солилцох уулзалтыг зохион байгуулах шийдвэрт хүрсэн байна. Товчоор хэлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн процессийг УИХ-ын түвшинд хянаж үзэх юм байх.

Гэвч хоёр жилийн өмнө шүүхээр шийдвэрлэсэн уг хэрэгт өнөөдөр яагаад гэнэт ач холбогдол өгч, УИХ-ын түвшинд яригдах болов?

Даваа гаригийн орой С1 телевизээр цацагдсан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт УЕП-ын орлогч, С.Зориг агсны хэргийн ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат оролцож, уг хэргийн талаар олон нийтэд төдийлөн ил болоогүй байсан зарим мэдээллийг сэтгүүлчтэй хуваалцсан билээ. Энэ үеэр прокурор “Захиалагчийг илрүүлэлгүйгээр гүйцэтгэгчийг яллалаа” гэж буруутгаж байгаа нь харин ч энэ хэргийн шалгалтад саад учруулах гэсэн оролдлого. Гүйцэтгэгчийг ололгүйгээр захиалагчид хэзээ ч хүрдэггүй юм” хэмээн ярьсан нь Ц.Нямдорж сайдыг бухимдуулсан бололтой. Учир нь уг хэргийн шүүх хурал болсны маргаашаас эхлэн Ц.Нямдорж сайд (тухайн үед УИХ-д сул гишүүн байсан) “Шүүх хуралдааныг хаалттай явуулж, захиалагчгүйгээр гүйцэтгэгчийг ялласан нь хууль бус. Гэм зэмгүй хүмүүст зохиомол хэрэг тулгаж яллалаа” хэмээн хэвлэлээр заргалдаж эхэлсэн билээ. Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцах эрхгүй. Хэрвээ танилцсан бол хууль зөрчсөн явдал бөгөөд танилцуулсан, танилцсан хоёр хоёулаа хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн нь түүнд “заналхийлсэн” хэрэг болсон бололтой.

Харин хэргийн яллагчийн хувьд “Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдсан, бид ямар нэг сэжиг таамагт үндэслэж биш, гагцхүү хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шалгалт явуулсан. Хэргийн захиалагч нь гүйцэтгэгчдийг огт санамсаргүй байдлаар сонгоогүй, маш нарийн төлөвлөж зохион байгуулсан байдаг. Одоо харин гүйцэтгэгч нар маань биднийг захиалагч руугаа хөтөлж аваачина” гэсэн. Мөн ОУПХ-ноос дэмжлэг авч, тэднийг уг хэрэгт татан оролцуулж байгаа УИХ-ын зарим гишүүдийг “Хэргийн шалгалтад санаатайгаар саад учруулж байна” гэж хэлсэн нь ч байгаа оносон бололтой. Их л сандралдаж байна.

Уг нь бол ОУПХ гэдэг нь парламент хоорондын харилцаа, хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан ТББ. Холбооны мөрдөх товчоо зэрэгтэй адил олон улсын түвшинд хэрэг мөрдлөг явуулдаг байгууллага биш. Гэтэл УИХ-ын гишүүд юуны учир хэргийн шалгалтыг ОУПХ-нд тайлагна, шүүх хурлыг дахин явуул хэмээн хуулийн байгууллагыг шахах болов. Үнэхээр л хэргийн захиалагчтай холбоотой биш биз?

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих