Мэдсэнсэн бол ( Өгүүллэг )
Зул бөхөж тулганы цог буурч байхад Нямаа сэрээд гэрийнхээ доторхыг эргүүлэн харснаа “Бас л…” гэж хэлээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд буцаж унтах гэсэн ч “Ээжид хаалга тайлж өгөлгүй унтчихвал ч” гэж бодон ухасхийн бослоо. Босохоор өлсөөд байдаг болохоор Нямаа ээжийгээ ихэнхдээ унтаж хүлээнэ. Эх Дүгэрмаа нь орой бүр хаачсан нь мэдэхгүй алга болох ч заавал гэртээ ирж хонодог аж. Харин гэрээс гарахдаа ирэх цагаа хэлдэггүй нь зовлонтой. Хүн амьтны ярих нь хорооны нэг захаас нөгөө зах хүртэл явж ганц бие галзуу Дархийнд очиж энгэр зөрүүлээд хоёр биеэ тэжээх, идэж уух юмны мөнгө олоод шөнөдөө харьдаг гэлцэх ч бага жаахан охиндоо яахан тэгж хэлэх билээ. Дархи гэдэг нь ганц бие хижээл насны эр. Согтуу солиотой мэдэгддэггүй чанга дуутай хүн болохоор нь сумынхан нь “Галзуу Дархи” гэнэ. Бяцхан охин эхийгээ гарч явах бүрт нь айх гайхах зэрэгцэн хүлээх ч хаачсаныг нь асууж эс зүрхлэнэ. Явахгүй гэр зуураа юм хумхнаа хийж охинтойгоо гангар гунгар ярилцан өнжих орой нь Нямаа баярлахын дээдээр баярлаж дуу шуу орж ээждээ тоогдох гэж балчир биеэндээ ахадсан ажил болох хоол хийх, өрх хошуулдах, зуухны үнс асгах зэргийг хийж сайшаагдах гэж хирэндээ л хичээдэг аж. Ээж нь заримдаа юу болов гэмээр хэтэрхий эрхлүүлж нялуурах ч удалгүй дагавар охинтойгоо харьцаж буй ухаан муут хойд эх шиг зан гаргаж зодуураа хэтрүүлэх үе ч гарна. Зодуураас нь айн охин бүх л зүйлээ нууна. Хэдий тавдугаар ангийн бяхан охин ч бүх зүйлийг ганцаар нууцаар шийдэх гэж үзнэ. Хөрш Должин эмгэн нэг удаа Нямаагийн шарх сорвийг хараад ээжийг нь “Дүгэрмаа минь дээ чи даанч яав даа, нялх амьтныг ингэтэл нь зодох гэж. Чи ч удахгүй галзуурах вий. Хурдхан явж сумын эмнэлэгт очиж наад сэтгэцээ шалгуул” гэж хэлээд учир зүггүй шогшироход нь ээж нь “Харин тийм ээ. Муу охиноо арай л хэтрүүлчихлээ. Заримдаа өөрийн мэдрэлгүй бухимдаж дотор бачуураад байх юмаа. Тэр уураа ганц энэндээ л гаргачих юм” гээд уйлахад нь эмгэн “Үүнээс хойш уу? дахиж л ингэж битгий зодоорой. Эмэгтэй хүүхдэд хэрхэвч гар хүрч болохгүй. Эрхтэн дутуу болчихвол яана. Хүн амьтан ч юу гэж бодох билээ. Бас зодуулж өссөн охин хүүхэд яасан ч сайн хүн болохгүй шүү” гэжээ. Нямаа хөгшиний яриаг сонсож суухдаа “Ашгүй дээ ээж үүнээс хойш зодохгүй нь” гэж баярлаж байсан ч шөнө ирэхэд нь хаалга тайлалгүй унтчих, юм хумаа алга болгох, зөвшөөрөлгүй үс гэзгээ тайрах гээд түүнд тарих хэрэг эс мундана. Зодох бүртээ эцгээ дууриасан “ийм тийм” гэж хэлэх хэлэхгүй үгээр хэлэхэд нь Нямаа өөрийн эцгийн талаар ганц зүйл мэдэхгүй ч том болвол тэр муу шиг л хүн болчихгүй юм шүү гэж бодоод өнгөрнө. Гэвч хэн ч өөрт нь ногдох бурхны зураг төөрөг ямрыг үл мэдэх юм хойно доо. Нямаагийн бага насны амьдрал хүлээлт, уйтгар гунигаар дүүрэн өнгөрч байлаа. Ээж нь ажилгүй болохоор хүсээгүй зүйлээ хийж бохир мөнгөөр хоёр биенээ тэжээж байгаагаа бодох бүр бухимдаж тэр уураа өөрийн мэдрэлгүй охиндоо гаргадгийг Нямаа яахан гадарлах билээ. Бас бяцхан охин нь ээжийнхээ зодуураас халширан хамаг зүйлээ нуудгийг эх нь хэрхэн мэдэх билээ. Охины ээжээсээ нууж хийсэн бүх л үйл нь муу үр дагаварт хүргэдэг ч буруутан нь хэн гэдгийг тунгаах бодож зөв дүгнэлт хийх нас нь балчирхан тул тэр бүрт өөрийгөө л буруутгадаг байв…
Хавар цаг…Сум тэр чигээрээ майн баярын жагсаалд бэлтгэж байв. Сумын наадмын талбай тойрон анги бүр жагсан ахлагч нар нь алхаа гишгээ зааж, энд тэнд жагсаалын дууг нийтээр дуулах сонсогдоно. Энэ өдөр Нямаагийн анги жагсаалын бэлтгэл хийгээд орой тарав. Нямаа сумын наадмын талбайн хашаанд өлгөсөн гадуур хувцасаа өмсөж зогстол нусны алчууранд боолттой юм газар хэвтэж байхыг хараад хүмүүсийн нүд хариулж байгаад авбал мөнгө байсанд нүдэндээ ч итгэсэнгүй. Мөнгө хараад айсан зүрх нь түг түг цохилж, гар нь салгалж байлаа. Тоолох гэсэн ч ойр хавьд нь хүмүүс их тул бушуухан базан авч халааслаад хурдхан гэрийн зүг гүйв. Уг нь харуй бүрий болж байгаа тул ангийнхантайгаа ханиндаа харих ёстой байсан ч боолттой мөнгийг хэд гэдгийг мэдэх хүсэл нь түүнийг гэрийнх нь зүг гүйлгэжээ. Гэртээ ирэхэд ээж нь алга байв. Өнөөдөр эрт явсанд нь гайхаж үүдээ дотроос нь түгжиж байгаад мөнгийг тоолвол яг мянга нэг төгрөг байсанд бүр гайхаж хоцров. Сумын хүмүүсийн хамгийн их цалинг буюу долоон зуун тавин төгрөгний цалинг намын дарга, сумын дарга хоёр л авдаг гэсэн. Энэ хэний мөнгө болж таарах вэ? хэн хаясан юм болоо гэж бодлоо. Намын дарга, сумын дарга хоёр ийм бохир хиртэй нусны алчууранд мөнгөө орооно гэж байхгүй дээ гэж бяцхан ухаантай тунгаалаа . Энэ бол банкнаас мөнгө хулгайлсан нөхрийн хаясан зүйл байна. Гэнэт толгойд нь баатарлаг үйлсийн тухай бодогдлоо. Клубт хүмүүс цуглаж индэр дээрээс сумын дарга баяр хүргэж “Сайн үйлс бүтээсэн” гэж талархан магтаж хөдөлмөрчид алга нижигнүүлэн ташиж ээж нь баярлан тэвэрч үнсэж байна гэж бодсон Нямаагийн нүднээс нулимс асгарч ирэв. За байж энэ мөнгөнөөс нэг төгрөг авч чихэр аваад найзуудтайгаа хуваагаад идчихвэл яах бол. Хэрвээ хэн нэгэн намайг авсныг мэдчихсэн бол яана, баригдвал эзэн нь мянга нэг төгрөг байсан гээд ээж минь төлөх бол хэцүү еэ. Бас мөнгөний эзний сураг гараад би өгсөн чинь нэг төгрөгийг нь үрчихсэн байвал” “За, за чихэр авч идэхээ болъё ажилгүй ээж минь нэг төгрөгнөөс болж хүнээс зээлдэх хэрэг гарна. Зээлдсэн мөнгөө мөддөө өгч чадахгүй бол тэр хугацаанд уураа надад гаргаж намайг л зовооно. Ер нь нэг ч төгрөг авч болохгүй юм байна. Багш сурагчийн хэрэг дээр тэмдэглээд би хэзээ ч эвлэлд элсэж чадахгүй юм болно. Ер нь сумын төвөөр хэн мөнгө хаясан нь яригдаад ирэхээр ээж, эс бол Должин эмээгийн чихэнд хүрээд дараа нь тэднээс надад сонсогдох болно. Тэгэхэд нь л хэний мөнгө вэ гэдэг нь мэдэгдээд би тэднийд очиж мөнгийг нь аваачиж өгнө. Тэр хүн баярлахдаа надад нэг төгрөг өгнө. Тэгэхээр нь чихэр авч найзуудтайгаа хувааж иднэ дээ” гэж Нямаа бодов. Ингээд Нямаа мөнгийг ээжийгээ ирэхээс өмнө хаана нуух тухайгаа бодож бодож дэлгүүрийн бор уутанд хийгээд гадуур нь нусны алчуураар ороогоод эсгий гутлынхаа уланд дэвсэн, дээрээс нь хуучин хувцас чихээд гадаа амбаарынхаа хананд өлгөчихөв. Маргаашнаас нь Нямаа суманд хэн мөнгөө хаясан гэж сонсогдох бол гэж сураг чимээ чагнан хүлээлээ. Хичээл тараад байнга Должин эмээгийнд орж яриа чагнаж хэсэг суудаг ажилтай болов. Гэсэн ч сар боллоо. Чимээ алга л байлаа. Дахиад сар болоход бас л таг. Ингэсээр байтал намар болов.Тэгээд удалгүй өвөл боллоо. Нэг өдөр ээж нь Нямаад “Эсгий гутлаа өмс” гэв. Гэнэт нөгөө мөнгөө саналаа. Хэсэг мартаж. Мөнгө нь хадгалсан газартаа байв ч мөнгөний сураг чимээ гараагүйд Нямаагийн сэтгэл нэг л хачин гонсгор. Өдөр бүр л “дулаан хувцасла” гэж ээж нь сануулах ч Нямаа эсгий гутлаа өмсөхгүй л байв. Гэвч ес эхлэсэн өдрийн өглөө эрт босож эсгий гутлаа амбаараас оруулж ирэв. Дотор нь хадгалсан мөнгөө авч, өөрийн унтдаг орны гутсан дор хийлээ. Гутлаа зуухны дэргэд хэсэг зуур тавьж байгаад өмсөн хөрш Должин эмээгийнд оров. Хойд хорооны хоёр хөгшин эмгэд ирчихэж. Тэд сумын элдэв ховыг хаман шимэн ярьж суув. “Нэг адуучин нэгдлийн адууг зарж борлуулж хэдэн төгрөг болгосон юм байхаа. Мянга гаруй төгрөг болсон гэж хэлсэн юм даг уу даа. Гэхдээ тэр мөнгөө суманд явж байгаад архидаж унаад алга болгочихож гэнэ. Уг нь тэр мөнгөөрөө урд сумаас адуу аваад тоо толгойгий нь тэнцүүлчихсэн бол ганц нэг адууны ашигтай байх байсан гэнэ. Тэгсэн сая малын тооллогоор баригдаад аймаг ачигдаж гэнэ. Даанч мөнгөө хаячихаад яаж ч болоогүй баригдаж гэнэ. Мөнгөө хаясан гэдэг нь худлаа биш байгаа даа” гэж ярилцаж суув. Харин маргааш нь Нямаа тэр адуучныг өөрийнхөө эцэг болохыг гэрт ирсэн зочин ээжтэй нь шивнэн ярьж буй ярианаас сонсов. Толгой нь бодол харамсал элийрэлд дарлагдаж солиорох шахсан тархиа ганзгалсан амьтан л явах болов. Гэвч тавдугаар ангийн жаахан охин юу ч хийж чадах билээ… Эртхэн эцэг минь гэж мэдсэн бол гэсэн бодол бяцхан охины тархийг сийчих шиг болно…Удалгүй тэр ах улсын өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр шоронд хэдэн жилээр явж, нөгөө мөнгөнөөс нэг ч төгрөг үрээгүй хадгалж байгаа ч Нямаад насаараа сэтгэлийн шоронд суух тавилан ногдов . . .
Б.ДАШ
2011 он
URL: