Авлигын хэргээр шалгуулагсдыг жагсаавал А-гаас Я хүрэх биз
Төрийн томчууд төсвийн хөрөнгийг “цөлмөж” дуусахгүй нь. Албан тушаалаа урвуулан ашигласан хэрнээ “аавын хаалга” татаагүй эрхмүүд өнөөдрийг болтол үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байх юм. Харанхуй нийгмээс хангалуун амьдралд шилжсэн ч өнөөх л улс төрийн увайгүй луйвар, авлига хээл хахууль газар авсаар байна.
Төрийн алба хашина гэдэг амин хувийн хөрөнгөө зузаатгах таатай боломж бүрдэж буйг илэрхийлдэг болж. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон байдаг нь хөдлөшгүй үнэн. Харин хийсэн гэмээ үүрэхийн цагт усанд хаясан чулуу шиг алга болдог.
Эдгээр хүмүүст хуулийнхан энэрэнгүй бас өршөөнгүй ханддаг. Өнгөрсөн хугацаанд томчуудын гэх тодотголтой хэргийн шүүх хурал цөөнгүй болсон. Гэтэл шүүх явцад өмгөөлөгч ирээгүй, хэргийн шийдвэрлэх явц удааширсан гэх мэтээр тэднийг гэмгүй болгож өршөөлд хамруулах нь түгээмэл байсан. Нэг үгээр хэлбэл, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг нь хугацаа хожих гэсэн башир арга байж мэднэ.
Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт нэр холбогдсон Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Л.Гүндалай, Д.Дондог, О.Чулуунбат, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, Улсын нөөцийн бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл, Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид, Эрдэнэт хотын Төрийн сангийн албан хаагчид болон зарим аймгийн Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газарт шалгаж буй ч өнөөдрийг болтол нэгнийх нь ч хэргийг шийдэж чадсангүй. Харин ч хаацайлж өмгөөлөн хав дарах шинжтэй.
Товчхон хэлэхэд, өнөөх акулуудыг барих өгөөш дутмаг бололтой. Энэ мэт эрхмүүдийн хэргийг өөгшүүлж хэргийг нь түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох, өршөөлийн хуульд хамруулах, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зэрэг нь иргэдийн ундуйцлыг хүргэж буй. Монголд хууль гээч нь гууль болоод удаж байна. Цаасан дээр бичигдснээс бус бодит байдалд хэрэгжинэ гэдэг үлгэр. Ёстой л нөгөө харганы унгас түүж эсгий хийнэ гэдэг нь байх. Албан тушаал, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон эрхмүүдийн нэрсийг жагсаавал А-гаас Я хүрэх биз.
Албан тушаалын хэрэгт холбогдсон ахан дүүс хаана явна вэ
Зулай зулайгаа гишгэн төрсөн “авлигын хэрэгт”- нүүд нам жим болжээ. Учир нь тэд улстөрийн карьераа хөөгөөд тун завгүй яваа бололтой. Төрийн өмчийг төвөггүйхэн мэддэг Д.Сугар хаана явна. Тэрбээр төрийн өмчийг хамгаалах биш харин ч халаасалсан нэгэн гэгддэг. Энэ нь үнэний ортойдог.
Д.Сугарыг төрийн их хэмжээний мөнгө гадаадын компанид завших боломж олгосон буюу албаны эрх мэдлээ урвуулсан үйлдлээр шалгаж буй. Тэрбээр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрт шууд нийлүүлэгдэх ган бөмбөлгийн бэлдцийг гадаадын компаниар зуучлуулан нийлүүлж, тус компанид их хэмжээний мөнгө завших боломж олгосон хэргээр байцаагдаж байгаа юм.
Харин ард түмний итгэлээр сонгогдсон эрхэм түшээ Х.Наранхүүгийн гэх хэргийг Авлигатай тэмцэх газрынхан шалгасаар л байна. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байх үедээ их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгагдаж эхэлсэн түүхтэй. Түүний хамсаатан гэгдэх Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ч уг хэрэгт холбогдоод байгаа юм. Л.Пүрэвдоржийн хувьд Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Х.Наранхүүтэй хамтран арван тэрбумын хэргийг үйлдсэн байж болзошгүй аж.
УИХ-ын зөөлөн суудалд тухлаад багагүй хугацааг элээсэн Д.Дондог гишүүнийг газрын наймаагаар гаршсан гэлцдэг. Хатуу үг үнэн байдаг талтай. Газрын наймаа эрхэлж, олсон хэдийгээ сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газрын хаалгыг татсан.
Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Чулуунбат бас л өнөөх албан тушаалын хэрэгт холбогдсон. Түүний хэргийг УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүл гэсэн шалтгаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Акулуудын хэргийн сүүлийг мушгиж, авлигын хэрэгт нэр холбогдсон Н.Энхбаяр ах нарынхаа дүү нь болсон тэрбээр АТГ-т шалгагдаад удаагүй байна.
Түүнийг “Улаанбаатар таймс” сонин, Хэвлэх үйлдвэрийг хувьчилж авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр ойрын садан болох “саятан” хочит Д.Мягмаржаргалаар дамжуулан их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжиглэж байгаа. Үүнийг экс ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөх нь байтугай журмын анд Нямкатайгаа хөлөө жийлцэж эхэлсэн. Энэ мэт эрхмүүдийн факт баримт байлаа ч нэмэр алга. Цаг хугацаа өнгөрөх тусам цадиггүй улс төрч, луйварчдын хэрэг замхарч одох вий.
Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: