Ерөнхийлөгч ард түмний нэрээр АТГ-ын удирдлагыг авах уу

8d6fb20d00f08200488759ea829eb8a8Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жилийн наймдугаар сард захирамж гаргаж, АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилсон. Ингэхдээ тус Олон нийтийн зөвлөлийн даргаар Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн гэдгээрээ олонд танигдсан Г.Баасанг тавьсан юм.

Өнгөрсөн хугацаанд Г.Баасан АТГ-ын дарга Х.Энхжаргалын булхайг илрүүлэхэд илүүтэй анхаарч ажилласан гэж болно.

Ерөнхийдөө Г.Баасан мэдээлэл хийж араас нь АТГ-аас залруулга гаргадаг байдалтай болоод удаж байна. Бүр АТГ нь Г.Баасангаа шүүхэд өгөх тухай ч мэдээлж байлаа. Харин энэ хөрсөн дээр өнгөрсөн намраас АТГ-ын даргыг солих тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.

Анхандаа хэвлэлээр АТГ-ын шинэ даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Билэгт, Д.Дорлигжав нарын нэгийг томилох гэж байна  гэсэн таамаг хөвөрч байв. Гэвч өдгөө Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх асуудлаарх маргаан Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим сайтаар санал хураалт явуулж УИХ-д өргөн барьснаар өрнөж байна.

Ерөнхийдөө АТГ-ыг хяналтдаа байлгах сонирхол улстөрчдийн анхааралд зүй ёсоор явж ирсэн зүйл. Энэ нь тус байгууллагын өмнөх дарга нарын хэн нь ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгаагүйгээр батлагдана.

Хэрэв одоогийн дарга нь энэ бүхний эцэст албан тушаалаасаа буудаггүй юм гэхэд албан тушаалтайгаа амь тэмцэн зууралдсан гэдэг хочтой үлдэх нь гарцаагүй. Нийтийн анхааралд тийм байдлаар өртсөн АТГ-ын дарга цаашид ямар ч шийдвэр гаргасан хэн нэгний эрх ашгийг хамгаалж байна гэсэн “фокус”-тай тулна. Өнөөдрийн байдлаар УИХ-д олонхыг бүрдүүлж буй МАН-ын бүлэг АТГ-ын даргын хуулийн хугацаа дуусаагүй учраас Ерөнхийлөгчийн саналыг дэмжих боломжгүй гэдэг шийдвэр гаргаад байгаа.

Нөгөө талд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал асуулга явуулаад шинэ даргаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очир, дэд даргаар ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайханыг дэвшүүлээд байна. Эрх баригч нам, сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч нарын дунд үйл явдал цааш өрнөх нь ээ.

АТГ-ЫН ДАРГЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

Тэгвэл АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа үнэхээр дууссан уу гэдэг асуулт үүснэ. Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно” гэсэн байдаг. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж бий. Тэгэхээр 2016 оны долоодугаар сард АТГ-ын даргаар нөхөн сонгогдсон Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусахаар ойлгогдож байна.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн албаны тухай хуулийг ишилж төсөөтэй байдал үүсгэн тайлбарлаж байгаа. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 72 дугаар зүйл дээр “Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол эрх бүхий этгээд өөр хүнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д оруулна” гэж байдаг.

72.2 дээр “Энэ хуулийн 72.1-д заасны дагуу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэсэн бий. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2 дээр “Энэ хуулийн 15.1-д заасны дагуу томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний томилолтын үлдсэн хугацаатай адил байна” гэж заажээ. Тиймээс төсөөтэй хуулиудын заалтыг иш татаж АТГ-ын даргын бүрэн эрх дууссан гэж үзэж байгаа юм.

АТГ-ЫН ДАРГЫГ СОЛИХ ШААРДЛАГА

Ерөнхийлөгчийн АТГ-ын даргыг солих тухай санаачилга Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн саатуулагдан шалгагдаж буй үетэй давхцаж байна. Магадгүй АН-ын үед төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүсийг ээлж дараалан шалгаж эхэлсэн үед энэ байгууллагад анхааруулга өгч байж мэднэ. Эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бүрэн эрхэд хамаардаг АТГ-ын даргад хүн нэр дэвшүүлэх эрхээ эдлэхийг ч хүссэн байж болох. Жил гаруйн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т дуудагдаад очихдоо сэтгүүлчдэд “Би Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ардчиллын төлөө тэмцээгүй” хэмээж байлаа.

Тэгэхээр хэнийг ч айлгаж чадах их хүчийг эзэмшихийг хүсэх нь зүйн хэрэг. Харин АТГ-ын одоогийн даргын бүрэн эрхийн хугацаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанаас урт байгаа ийм үед түүнд хүлээх сонголт мэдээж байхгүй. Сүүлийн үед хуульчид ээлж дараалан “Улстөрийн аливаа нөлөө АТГ-т оруулахгүйн тулд Авлигын эсрэг хуулийн 21.5 дээр өмнөх даргын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тэр хүн нөхөн томилогдсон бол тэр хугацаанд нь биш харин зургаан жилээр байна шүү” гэж хэвлэлд ярих боллоо.

Тийм учраас Төрийн албаны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуультай адилтгаж үзэх учиргүй гэнэ. Хэдийгээр хуульд нөхөн томилогдсон байсан ч зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэж байгаа ч өнгөрсөн бүхий л хугацаанд АТГ-ын дарга бүрэн эрхийн хугацаагаа бүрэн гүйцээж байсан удаа үгүй. Нэг бол өөрийн хүслээр ажлаа өгдөг эсвэл нас барах юм уу гэмт хэрэгт холбогддог. Энэ байгууллагын сүүлийн хоёр ч дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгч байжээ. Тэр жишгийг өнөөгийн Ерөнхийлөгч давтахыг хүссэн нь илэрхий байна.

САНАЛ АСУУЛГААР ТОДОРСОН ХУРАНДАА НАР

Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулсан санал асуулгаар тодорсон хууль зүйн доктор, дэд профессор, хурандаа Д.Даваа-Очир өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа. Түүнийг АН-ын Засгийн газрын үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан тухай мэдээлэл бий.

Харин хурандаа Ж.Батсайханы хувьд мөн л ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаас нь чөлөөлөөд удаагүй байгаа гэдэг. Энэ хүмүүс нь АТГ-ын удирдлагын албан тушаалд нас, боловсрол нь тохирч байгаа.

Гэхдээ томилогдох хүртлээ урт зам туулна. Бүр томилогдохгүй ч байж мэднэ. Учир нь одоогийн АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрийн хүсэлтээр эсвэл ямарваа нэг нөлөөллөөр ажлаа өгөхгүй бол бүрэн эрхийн хугацааг нь хамгаалсан хуулийн заалт Авлигын эсрэг хуульд байсаар байгааг дээр дурдсан. Үүн дээр мөн УИХ-д 65 суудалтай МАН эсрэг саналтай байгааг бодолцох учиртай.

САНАЛ АСУУЛГА

Хэрэв АТГ-ын даргын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч санал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ямар арга хэрэгсэл ашиглах нь өөрийнх нь эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн хувьд нэг л хүнийг нэр дэвшүүлж таарна. Энэ удаа санал асуулга явуулж буй нь олон нийтийн дэмжлэгийг авах гэсэн хэрэг гэдэг нь ойлгомжтой. Эрх баригчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж буй тухай жүжиг дэглэж, массын дэмжлэг авах нь түүний өнөөдрийн нөхцөлд илүүтэй тохирох юм.

Түүнээс биш санал өгсөн 6,000 хүн Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлөхгүй гэдэг нь тодорхой. Ерөнхийлөгчийн өмнөх санаачилгууд ч олон нийтийн дэмжлэгт түлхүү найдсан байдлаар явж ирсэн. “Монгол ялна” уриатай түүний хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноох санаачилга, хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох хуулийн төсөл олон нийтийн дэмжлэгийг хүлээж УИХ-ыг ацан шалаанд оруулчхаад байгаа. Харин одоо Ерөнхийлөгч ард түмний нэрээр АТГ-ыг удирдлагыг авч чадах уу гэдэг шинэ асуулт гараад байна.

Ж.БАЯРСАЙХАН,
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих