Монголчууд хэдий болтол сүлжээчдэд залилуулах вэ

Хүн төрөлхтөн гуравхан зүйлийн өмнө гэнэн итгэмтгий бас арчаагүй сул дорой зантай болдог гэнэ. Энэ нь нэгдүгээрт хайр сэтгэл. Хайр сэтгэлийн талбарт эр, эм ялгаагүй нас ахих тусам буурьтай, хянамгай ханддаг ч 90 орчим хувь нь гэнэн ахуй цагаа дуурсдаг байна.

Тэгвэл хоёр дахь нь сексийн чөлөөт харилцаанд насанд хүрэгчдийн 99.9 хувь нь огтхон ч бодох санах юмгүйгээр шууд ордог бол гуравдугаарх нь эд хөрөнгө ба эрх мэдлийн төлөөх шунал. Сэтгэлзүйчдийн зөвлөснөөр хэн нэгнийг өөрийн эрхшээлдээ оруулахыг хүсвэл шуналыг нь бага багаар хөдөлгөх хэрэгтэй гэсэн. Яг ийм зарчмаар ажилладаг залилангийн тогтолцоо нийгэмд бий болсноос хойш хэдэн зууныг үдэж буй.

20409

Монгол Улсад сүлжээний тогтолцооны луйвар 10-аад жилийн өмнө нэвтэрч, тухайн үедээ шинэ соргог, бас бизнесийн боломжит хувилбарт тооцогдож байсан ч үүний харгайгаар олон мянган иргэн идэх хоолноосоо салсан. Гэвч өнөөг хүртэл дэлхий нийтээр пирамид тогтолцоог булшилж чадаагүй л байна. Ерөөс энэ тогтолцооны луйвар маш олон төрөлтэй бөгөөд эдгээрийн дундаас олон төвшний маркетинг систем буюу бараа, үйлчилгээ зарж борлуулах зарчмаар мөнгө босгох залиланг монголчууд хэдийн мэддэг болсноор гэмт этгээдүүд арга барилаа өөрчлөхөөс өөр замгүй болсон юм.

Ийм хэлбэр нь понзи буюу хөрөнгө оруулалт нэрээр халхавчилсан луйвар бөгөөд үүний давалгаанд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн олон мянган иргэн өртөж, олон зуун сая төгрөгөөс эхлээд 10, 20 тэрбум төгрөгийн хохирол амссан гэх. Тодруулбал, 2017 оны мөн үеэс 35 мянган иргэн 55.6 мянган төгрөгөө сүлжээний залилагчид алдсан бол үүний багагүй хувь нь понзитой холбогддог.

Учир нь хохирсон иргэд цагдаагийн байгууллагад тэр бүр ханддаггүй нь хохирлын хэмжээг тогтоох, гэмт үйлдлийг таслан зогсоож холбогдогчдыг илрүүлэхэд саад болж буй. Манай сонинд хандсан иргэд хөрөнгө оруулалт гэх нэрийн дор понзид 5-25 сая төгрөг “хандивлаж” луйвардуулжээ. Тэдний цаана 7,000 орчим иргэн бий гэж тэд өгүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллагад хандвал асуудал буруу тийш эргэж, мөнгөө буцааж авч чадахгүй байх вий гэсэн эмзэглэлээсээ болж, амиа хамхин сууж байна гэсэн юм.

МОНГОЛЧУУД БАЯН УУ, ЭСВЭЛ ЯДУУ ЮУ

Энэ асуултад хариулт олоход нэн бэрх. Учир нь МУҮСХ-ноос иргэдийн сарын дундаж орлого өмнөх жилээс өссөн гэх боловч судалгааны байгууллагаас иргэдийн худалдан авах чадвар сүүлийн гурван жилийн хугацаанд эрс буурсан гэсэн байдаг. Тэгвэл иргэдийн худалдан авах чадвар буурсаар байхад пирамид тогтолцооны хохирогч хаанаас бий болж байна вэ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр понзи хэлбэрийн луйварчид нь малчид болон хөдөө орон нутгийн иргэд, тэтгэврийн хөгшдийг онилоод багагүй хугацаа авчээ. Ингэх нь гэмт этгээдүүдэд хэд хэдэн боломжийг нээж өгдөг байна.

Нэгдүгээрт, малчин болоод хөдөө орон нутгийн иргэд нь аливаа зүйлийг хүлээж авахдаа ихэнхдээ цагаанаар итгэдэг гэнэ. Тиймдээ ч энэ төрлийн өгөөшийг маш хурдан үмхдэг аж.

Хоёрдугаарт, жалга, довоороо хамаатан садан учир сүлжээний бизнест амжилттай яваа нэгнийхээ араас олноор хошуурдаг байна. Бүр 500 хонио зарж хөрөнгө оруулсан нэгэн бий гэх.

Гуравдугаарт, тэтгэврийн хөгшид мөн л өгөөш үмхэхдээ гаргууд байдгийн шалтгаан нь байнга “гуйлга” гуйдаг үр хүүхдүүддээ хурдан хугацаанд мөнгө олж өгөхийн тулд мөн л нэгнийгээ аялдан дагадаг гэсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болон понзид элссэн иргэдийн 90 орчим хувь нь дээрх хүрээллийнхэн гэдгээс үзвэл энэ дүгнэлт яах аргагүй үнэн болж таарч байгаа юм.

ПОНЗИ ГЭЖ ЮУ ВЭ

1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзигийн үүсгэсэн “хөрөнгө оруулалтын” системийн луйвар нь заавал пирамид бүтэцтэй байх албагүйгээр анх бүтээгджээ. Схемийн удирдагчид хөрөнгө оруулалт гэж итгүүлэх замаар иргэдийн мөнгийг салгахдаа чухам юунд зарцуулах гэж буйгаа огтхон ч дурддаггүй. Тиймээс л хөрөнгө оруулалтаас олох ашгийн эх үүсвэрийг иргэд огт мэддэггүй.

Эндээс дүгнэвэл, 2000 оны эхээр манай улсад дэлгэрсэн хадгаламж зээлийн хоршооны түүхтэй тун төстэй. Тухайн үед хадгаламж зээлийн хоршоонд хадгалуулсан мөнгө нь өдрөөр, бүр цаг, минутаар өсөж байхад иргэд хаанаас ийм их хэмжээний мөнгө бий болж буйг огтхон ч сонирхож асуугаагүй. Гэсэн ч пирамид тогтолцооны хуулийн дагуу нэг л өдөр нуран унаснаар олон тооны иргэд олон арван тэрбум төгрөгөөр хохирч үлдсэн. Тэгвэл понзи үүнтэй яг адилхан.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Ирланд Улсад 2016 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулах бүртгэлд бүртгэгдсэн “Stamford trading technologies” гэх компани хууль бус үйл ажиллагаа явуулж, иргэдийг залилан мэхэлж байгааг илрүүлсэн байна. Ирландын төв банкнаас “Stamford” хөрөнгө оруулалтын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон байна.

Ерөөс компанийн талаарх мэдээлэл гэвэл анх үүсгэн байгуулагдсан цаг хугацаанаас бусад мэдээлэл хуурамч байж цахим хуудаст бичигджээ. “Stamford trading technologies” компанийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг понзи луйвар 2017 оноос манай улсад дэлгэрсэн бөгөөд нийслэлийн таван байршилд үйл ажиллагаа явуулдаг. Бидэнд мэдэгдсэнээр “Rocmon building” барилгын хоёр болон “Рeace mall”-ийн 16 дугаар давхарт салбарууд нь бий. Эдгээрийн үйл ажиллагаа одоогоор түр зогссон бөгөөд үүний шалтгаан нь сүлжээний бизнесийг таслан зогсоохоор цагдаагийн байгууллагаас нэгдсэн арга хэмжээ авсантай холбоотой аж.

Понзи луйварчид долоо хоногт 5-6, сард 20-27 хувийн ашиг амлаж, 4-12 сарын хугацаатай хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг байна. Эдийн засаг хямарч, ард иргэдийн амьжиргаа муудсан энэ цагт 4-12 сарын хугацаанд анх оруулсан хөрөнгө оруулалтаа хэд дахин нугалж авна гэхээр хэнбугайн ч шунал хөдлөх нь дамжиггүй. Энэ нь л сүлжээний буюу понзи луйварчдын гол өгөөш. Өгөөш үмхсэн иргэдийн тоо хэдийнээ 7,000 хол давсан гэх бөгөөд таван сая төгрөгөөс 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд ч бий гэсэн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ЭРГҮҮЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ

“Шилний цаанаас чихэр долоолгох” зарчмыг улстөрчид гаргууд сайн эзэмшсэн. Тэгвэл сүлжээний луйварчид ч энэ аргыг мөн л гэмт, үйлдэлдээ ашигладаг байна. Өөрөөр хэлбэл, “Таны оруулсан хөрөнгө оруулалтын ашиг энэ цахим хуудас дахь нэрийн дансанд байршина” гэсэн үлгэртээ итгүүлдэг аж. Үүний тулд мэдээж эхэлж элссэн иргэдийн дансыг харуулах замаар золиосоо өөрийн болгодог байна.

Хохирсон иргэдээс авсан мэдээллээр Stamford-market.com цахим хаяг буюу хөрөнгө оруулагчдад зориулсан урамшууллын хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэсэн сүржин нэртэй даржин цахим хуудаст иргэд нэрийн данс нээлгэдэг юм байна. Ингэхдээ анхны хөрөнгө оруулалт хийсэн цаг хугацаа, хэмжээ, урамшуулал хэзээ орохыг энд тэмдэглэнэ. Ингээд хэсэг хугацааны дараа “Таны нэрийн дансанд ийм хэмжээний ам.доллар орлоо” гэсэн мэйл ирснээр ашгаа хүртдэг байж.

Гэтэл дээр хэлсэнчлэн учир бүтүүлэг шалтгаанаар тус компанийн цахим хуудас дахь төлбөрийн систем нь хаагдаж, иргэд нэрийн данснаасаа мөнгөө авч чадахгүй горьдлогын харцаар харж сууна. Манай сонинд хандсан нэг иргэн 25 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд урамшуулал болох 3,800 орчим ам.доллар нэрийн дансанд нь мөн орсон ч мөн л авч чадалгүй “шилний цаанаас чихэр долоох”-ын зарчмыг биеэр мэдэрч суугаагаа хэлсэн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГАЦСАНД ЦАГДААГИЙНХАН БУРУУТАЙ ЮУ

Хөрөнгө оруулалт хийсэн гэх иргэд өөрсдийгөө понзигийн хохирогч гэхээс илүүтэй “Цагдаагийн алба хаагчид баяжих замд нь саад боллоо” гэж уурлаж уцаарлаж байгаа харагдсан. Бүр тодруулж хэлбэл, хөрөнгө оруулалтынхаа ашгийг битгий хэл анхны оруулалтаа ч эргүүлж авч чадаагүй иргэд “Stamford хөрөнгө оруулалт Аагий” гэсэн фэйсбүүк групп дотор нэг нэгнийгээ “гахай, нохой”-гоор дуудаж сууна лээ.

Зарим нэг нь “ална, хядна” гэж айлган сүрдүүлж буйг харахад “Монголчууд баян уу, эсвэл ядуу юу” гэсэн асуултын хариултыг эндээс олох шиг болсон. Учир нь дээр хэлсэнчлэн “Амьдрал хэцүү байна” гэж бид ам амандаа шаагих хэр нь богино хугацаанд их хэмжээний ашиг олно гэхээр хахаж цацсан баян болчихдог нь сонин. Мөнгөтэй болохын тулд аав, ээж, хамаатан саднаа хүртэл хуурч мэхлэн, орон гэрээ банкны барьцаанд тавьж буй монголчууд хөөрхийлөлтэй. Эндээс л монгол-чууд хоосон тархитай, баян хо-доодтой гэж дүгнэхэд хүрсэн юм.

Өмнө нь дурдсан “Stamfordmarket.com” цахим хаягт хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 6-ны өдөр “Хаврын бэлэг” аян гэсэн мэдээлэл оржээ. Энэ аян нь гуравдугаар сарын 6-наас дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл хөрөнгө оруулалтын багц бүрт ногдол ашгаас гадна 20 хувийн бонус урамшуулал зарласан бөгөөд урамшуулалд 2,000 орчим иргэн хамрагдсан байна. Бидэнд хандсан иргэн энэ аянд итгэж, горьдлого тээн хөрөнгө оруулсан нэгэн.

Гэвч өнгөрсөн сарын 10-наас тус компани төлбөрийн системээ бүрэн хааж, үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ нь мэдээж санасандаа хүрсэн гэмт этгээдүүд ул мөрөө баллаж эхэлсний дохио. Гэтэл понзигийн гишүүд үүний буруутнаар цагдаагийн алба хаагчид хэмээн зүхэж сууна. Тэгвэл “Stamford хөрөнгө оруулалт Аагий” групп чатад “Удахгүй хөрөнгө оруулалт орно. Цагдаагийн байгууллагад гомдол битгий гаргаарай. Тэгвэл мөнгөө эргүүлж авч чадахгүй шүү. Ирэх сарын эхээр хаврын наадам хийнэ.

Тэвч, итгэ, хүлээ” гэсэн инээдтэй мэдээлэл байршуулах иргэд цөөнгүй байв. Үүнийг нь олон иргэн талархан хүлээж авсан бол эсэргүүцэж “Мөнгөө авмаар байна” гэсэн нэгнийг элдвээр харааж, зүхэж байна лээ. Ямартай ч понзигийнхэний уриалснаар иргэдийн олонх нь “Тэвч, итгэ, хүлээ” гэсэн зарчмыг нь баримтлах нь. Гэтэл ингэж цаг алдах хооронд гэмт этгээдүүд хилийн дээс алхаж, ул мөрөө баллахгүй гэх баталгаагүй. Учир нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхний мэдэгдсэнээр хил дамнасан мөнгөний урсгалыг хянах ямар ч боломжгүй гэсэн. Эндээс үзвэл, тун удахгүй олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн иргэд сүлжээний хохирогчдын эгнээг өргөтгөх нь ээ.

ПОНЗИГИЙН ЛУЙВАРЧДЫГ БАРЬСАН УУ

Зарим эх сурвалжийн өгүүлснээр Монголд татан төвлөрүүлсэн их хэмжээний мөнгийг гадаад руу шилжүүлэх зорилгоор тус компанийн төлөөлөгч Куатбек Болхаан гэгч ирсэн гэх. Энэ хүнийг дөрөвдүгээр сарын сүүлчээр цагдаагийн баривчилсан бөгөөд түүнийг суллуулж, гэм буруугүйд тооцуулахаар цөөнгүй хүн хууль хяналтынхан руу утас цохисон сурагтай. Учир нь дээрх иргэн нь Монголд понзийг цэцэглэн хөгжүүлэх үндсийг тавьсан гэх бөгөөд энэ утгаараа багагүй нотлох баримтыг өөртөө хадгалдаг байх магадлалтай.

Дээр нь түүний хань хамсаатнаар олны танил, улстөрчид ч бий гэх юм билээ. Хэрвээ эх сурвалжийн мэдээлэл үнэн бол нэг боловч холбогдогчийг нь баривчилж. Гэтэл түүний хань хамсаатнууд нь эхнээсээ хилийн дээс алхсан гэх мэдээлэл цацагдсанаас үзвэл понзигийнхэн мөрөө баллаад эхэлж. Хэдийгээр иргэд шунал, хүсэлтээ автаж сүлжээчдийн хохирогчид болж буй ч нөгөө талаасаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид Монгол Улсын ялын бодлого хэтэрхий энэрэнгүй хандаж буй нь үүнийг улам дэвэргэж буй нь үнэн юм.

Учир нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 3-т зааснаар сүлжээний залилан үйлдэж бусдыг хууран мэхэлж, залилсан бол 5-12 хүртэлх жилээр хорих ял эдлүүлнэ гэж заасан. Гэтэл олон мянган иргэний олон зуун тэрбум төгрөгийг залилж, улсын валютыг гадагш урсгасан нөхдүүд ийм хэмжээний ял авах нь өрөөсгөл юм. Тиймээс л нэг талаас иргэд мэдлэгтэй, мэдээлэлтэй байж аливаад хөрөнгө оруулахын сацуу хууль, эрх зүйн орчин нь хатуу чанга байж гэмээнэ гэмт этгээдүүд гишгэх газаргүй болох биз ээ.

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

URL:

Сэтгэгдэл бичих