Ширэн бээлийтнүүд Казахстанд тулалдана

Казахстаны Алмата хотноо Олимпийн боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нараар ахлуулсан Монголын боксын шигшээ багийн тамирчид тэндхийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Ширэн бээлийтнүүд өнгөрөгч баасан гаригт хилийн дээс алхсан. Эрэгтэй шигшээ багийн тамирчид Казахстанд хоёр тэмцээнд оролцоод, оны өмнөхөн эх орондоо ирнэ. Эхний тэмцээнд энэ сарын 11-18-нд болох бөгөөд залгуулаад 21-28-нд болох олон хотын тэмцээнд оролцох юм.

Баг тамирчдын бүрэлдэхүүнд Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт нарын долоон тамирчин багтжээ. Энэхүү  тэмцээнд 52 кг-д П.Сэрдамба, 56 кг-д Н.Төгсцогт, 60 кг-ын жинд Э.Бадар-Ууган, 64 кг-д З.Энхзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, -91 кг-д С.Эрдэнэбаяр нар тулалдана.

Мөн эмэгтэйчүүдийн шигшээ багийн долоон тамирчин дасгалжуулагч н.Энхбаатар, Д.Нармандах нарын удирдлага дор хамтарсан бэлтгэлд оролцож байгаа бөгөөд энэ сарын дундуур мөн Казахстанд болох эмэгтэй боксчдын олон хотын тэмцээнд оролцох юм байна.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих