“ХААН” банкны гүйцэтгэх захирал Саймон Моррис ажлаа хаяад зугтжээ
«ХААН» банк удирдлагагүй 5-6 сар болж байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус банкийг удирлан чиглүүлэх гүйцэтгэх захиралгүй болсноор дотоод үйл ажиллагаа нь илтэд доголдож, зээл гаргаж чадахаа больжээ.
Ажлаа аваад жил ч болоогүй “ХААН” банкны гүйцэтгэх захирал Саймон Моррис Засгийн газраас иргэдэд олгож буй Хүний хөгжлийн мөнгийг банкаараа дамжуулж олгохгүй хэмээн гэнийсэн.Үүнийг эсэргүүцсэн банк-ны ТУЗ-ийн гишүүн, «Таван богд» группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан шинэхэн захирал Саймон Морристой ам мурийж, түнжин хагарсан байна.
Харин хүний үг даадаггүй Саймон Моррис ТУЗ-ийн хамгийн нөлөө бүхий гишүүн Ц.Баатарсайханд загнуулсандаа шаралхаж, энэ оны долдугаар сарын дундуур ажлаа хаяад нутаг буцсан байна.
Тухайн үед энэ талаар хэвлэлээр шуугиж байсан ч ТУЗ-ийн шийдвэрээр асуудлыг хав дарж, Саймон Моррисыг ээлжийн амралтаа авсан хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч таван сар болоход “ХААН” банкны гүйцэтгэх захирал Саймон Моррис эргэж ирсэнгүй. Банкных нь үйл ажиллагаа илтэд доголдож, хэзээ мөдгүй дампуурах эрсдэлтэй болсон тул ТУЗ-өөс «ХААН» банкны Том аж ахуйн нэгжийн хэлтсийн захирлаар ажиллаж байгаад хөөгдсөн Като гэгчийг эргүүлэн дуудаж, гүйцэтгэх захирлын албан тушаалд түр томилоод байна.
2000 оноос хойш «ХААН» банкийг удирдан чиглуулж, гүйцэтгэх. захирлаар нь ажиллаж байсан Питер Морроугийн гэрээний хугацаа өнгөрсөн жил дууссан. Ингэснээр олон улсын хөдөлмөр зуучлалын компаниар дамжуулж сонгосон Английн иргэн Саймон Моррисыг өнгөрсөн жилийн наймдугаар сарын хоёронд «ХААН» банкны гүйцэтгэх захирлаар сүр дуулиантайхан томилсон билээ.
Хамгийн гол нь Питер Морроу энэ банкийг босгож ирсэн нь үнэн ч дахин гэрээний хугацааг сунгасан бол ТУЗ-ийн дарга Хидео Савада болон гишүүд нь эрх мэдлээ ч алдах аюултай болоод байж. Питер Морроу энэ салбарт олон жил ажилласан «нууц эрдмээ» гаргаж, бүр банкны хувьцаа эзэмшигч болчихоод байв.
Өдгөө түүний «Морроу фэмили ревокабл траст» хэмээх хуулийн байгууллага «ХААН» банкны 0.18 хувийг эзэмшиж байна. Иймээс «ХААН» банкны ТУЗ-ийнхөн түүний гэрээ дуусах хугацааг тэсэн ядан хүлээж, хөөх нь холгүй явуулсан юм.
Ингээд банкны ТУЗ-өөс Шри Ланкын «Стандарт Чартеред» банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Сайман Моррисыг олон улсын «Стандарт Чартеред» банк (8СВ)-ны Ази, Европ, Африкийн салбаруудад 25 жил удирдах албан тушаал хашсан, Олон улсын менежмент, банкны салбарт ихээхэн туршлага хуримтлуулсан хэмээн сонгосон аж.
Энэ ч утгаараа Сайман Моррист «ХААН» банкийг хөл дээр нь босгож чадсан Петер Морроугаас хэд дахин илүү цалин олгож байв. Питер Морроу сард 20 гаруй мянган ам.доллар буюу 25 сая төгрөгийн цалинтай байсан бол Саймон Моррис үүнийг хэд нугалж, 400-500 мянган доллар буюу 500 сая орчим төгрөгийн цалин авдаг байжээ.
Саймон Морроу гүйцэтгэх захирлын албан тушаалд очсоныхоо дараа “Би Питер Морроугаас хэд дахин илүү цалин авдаг» хэмээн онгирч байсан удаатай.
Гэтэл үнэндээ Саймон Моррис Монголын хөрсөнд бууж чадсангүй. «ХААН» банканд нүүрлээд буй энэ хөөрхийлөлтэй хувь заяа гадныхан Монголын зах зээлд нутагшиж, өрсөлдөж чадахгүй гэдгийг харуулав.
Ямартай ч “Танд ойрхон, түмэнд итгэлтэй” гэсэн уриатай «ХААН» банк дотоод хагарлаасаа болж харилцагч олныхоо итгэлийг алдахад ойрхон болжээ. Удирдлагагүй хагас жилийг үдсэн энэ байгууллага мөдхөн дампуурч, хадгаламж эзэмшигчид их хэмжээгээр хохирох эрсдэл үүсэхийг ч үгүйсгэхгүй юм.
Бид дараагийн дугаартаа «ХААН» банкны гүйцэтгэх захирал болон эрх мэдлийн төлөөх ТУЗ доторх нууц тулааны талаар өгүүлэх болно.
Т.Энхмөнх
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: