Байгаль сүйтгээд нөхөн сэргээгээгүй компаниудыг нийтэд зарлав
-Ц.Гарамжав захиралтай “Монполимет” групп нөхөн сэргээлтийн үлгэр жишээ болж байна-
Монгол сүүлийн үед уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Үүнийг дагаад уулыг тал, талыг там, усыг шалбааг болгох кампанит ажил ч хаа сайгүй өрнөж буй. Үнэнийг хэлэхэд, Монголд уул уурхайн үйлдвэрлэл эрхлээд нөхөн сэргээлтийг ор тас орхигдуулдаг компани олон байгаа. Тэдний балгаар байгаль орчин сүйдэж, зарим аймаг, сумын иргэд ундны усгүй болсон баримт ч байна. “Ногоон аврал” хөдөлгөөнөөс байгаль орчныг сүйтгэсэн компаниудын зүй бус үйлдлийг баримтад тулгуурлан нийтэд дэлгэлээ. Тус хөдөлгөөнийхөн байгалийн баялгаас хүртдэг ч хуурамч нөхөн сэргээлт нэртэй халтуурын ажил хийдэг компаниудын тухай нийтэд дэлгэх болсон нь уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой эрхзүйн орчныг сайжруулах гэнэ.
“Монгол газар”, “Эрэл”, “Алтан дорнод Монгол”, “Их хөвчийн жонон” гээд гадаад, дотоодын олон компани нөхөн сэргээлт хийсэн гэдэг ч ачир дээрээ олигтой ажил хийгээгүйг “Ногоон аврал” хөдөлгөөнийхөн онцолж байв.
Уул уурхайн нөхөн сэргээлтийг олборлолт хийсэн газрынхаа хэмжээгээр хийх ёстой байтал эдгээр компани ашиглалт явуулсан зурвас газартаа хийсэн төдий байжээ. Компаниудын нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талбайд жижиг компани, хувь хүмүүс үргэлжлүүлэн ажиллаж, алтыг нь авч авдрыг нь хаясаар байгааг ч тэд дуулгасан юм. Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй нэрийдлээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа компаниудыг нутгийн иргэд эсэргүүцэх нь олонтаа. Хэдийгээр бухимдсан иргэд хууль бус үйлдэл гаргасан компаниудад эрүүгийн хэрэг үүсгүүлдэг ч удалгүй “Экологид учруулсан бодит хохирол байхгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог ажээ. Газрын хэвлийг нээсэн л бол баялгийг нь бүгдийг нь ав, сорчилж ухаж болохгүй гэдгийг хуульд заасан ч тусыг эс олдог байна. Одоогоор Байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийн хэлтэст нөхөн сэргээлтийн асуудалтай 240 гаруй компани бүртгэлтэй байгаа аж.
Нөхөн сэргээлтийг оромдож хийдэг компаниуд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад компанийн үйл ажиллагааг нэлэнхүйд нь харлуулдаг тухай яриа ч энэ үеэр дуулдсан юм. Уг арга хэмжээнд оролцож, үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс нөхөн сэргээлтийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, чанаржуулах, ард олны хараа хяналтад хариуцуулах, хийж байгааг нь дэмжиж, хийхгүй байгаад нь хатуухан ял тулгах хэрэгтэйг ярьж байлаа. Олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын тухай баримт болгон дэлгэсэн фото зурагт цианит натриар хордсон шороог ил задгай орхисон, нүүрс зөөвөрлөх шороон замыг эвдэлсэн, ой, усыг сүйтгэсэн гээд олон баримтыг дэлгэсэн байв. Дэлхийд уул уурхайгаас үүдэлтэй гамшиг бий болж байна. Газрыг доогуур нь ухсанаас бүхэл бүтэн хот цөмрөөд орсон тохиолдол бий аж. Оюу толгой ч ийм байдалд орох магадлалтай гэнэ. Нөхөн сэргээлт хийгээгүй орхисон компаниудын удирдлагуудтай уулзаж, санал солилцоход олонх нь “Нөхөн сэргээлтийн талаар мэдлэггүй. Манай компанид ийм мэргэжилтэн ажилладаггүй. Мэргэжлийн талаас мэдлэг дутдаг. Нөхөн сэргээлт хийж чадахгүй байна” гэж хариулсан байх юм. Тэр дундаа Хятадын компаниуд нөхөн сэргээлтийг огт хийдэггүй ажээ. Гаднын хүн бол гаднынх. Монголчууд байгаль дэлхийгээ хайрлахгүй юм бол гаднынхан биднийг бодохгүй нь тодорхой гэж хэлэх хүн ч байлаа. Энэ арга хэмжээний үеэр зарим хүний сэтгэгдлийг сонслоо.
Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр: Эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай
- Ашигт малтмалын газар 2009 онд уурхайн хаалт, төлөвлөлт, менежмент, нөхөн сэргээлттэй холбоотой анхны уулзалт сургалтыг зохион байгуулсан юм. Байгаль орчинд ямар ч нөлөө үзүүлэхгүйгээр уул уурхайн үйлдвэрлэл явуулах боломж байхгүй. Гэхдээ компаниуд хуулиа чанд мөрдөж ажиллах хэрэгтэй. Анх уул уурхайн үйлдвэрлэл эхэлж байхад БОАЖЯ-наас нарийвчилсан үнэлгээг нь гаргаж өгдөг байсан. Мэргэжлийн болон санхүүгийн дүгнэлт ч гаргадаг байлаа. Үүнд тулгуурлаж уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтээ хийдэг. Уг нь эрхзүйн хувьд хатуу хариуцлага тооцох заалт бий. Гэхдээ барууны орнуудын туршлагаас үзэхэд эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай юм билээ.
“Ногоон аврал” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Туяацэцэг: Эмэгтэйчүүд байгаль орчинд ээлтэй
-Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол байгаль орчинд ээлтэй хүмүүс байдаг юм байна. Нөхөн сэргээлт хийсэн компаниудын цөөнгүй нь эмэгтэй захиралтай байгаагаас ингэж дүгнэж болох юм. Тэр дундаа Ц.Гарамжав захиралтай “Монполимет” группын нөхөн сэргээлтийг энд онцлон дурдъя. Энэ компани 2001 оноос Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт Тосонгийн голдирол болон Дэнжийн ордод олборлолт явуулсан байна. Нийт 560 га талбайд уулын ашиглалт явуулж, талбайн 90 хувь буюу 490 га-д нь техникийн нөхөн сэргээлт хийжээ. Тэднийх БНСУ-ын модны дуслын усан системийг нөхөн сэргээлтдээ ашигласан байна.
Ж.Тагтаа uls
URL: