ХЯТАДАД 118 ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВЧ ӨСГӨСӨН ЭМЭГТЭЙГ БАРИВЧИЛЛАА
Хятадад 118 хүүхэд үрчлэн авч өсгөсөн эмэгтэйг баривчиллаа Хятадын Хэбэй мужийн Уань хотод 118 хүүхэд үрчлэн авч хувийн цэцэрлэгтээ өсгөн хүмүүжүүлснээрээ орон даяар нэрд гарсан эмэгтэйг эрүүгийн хэрэгт сэжиглэн баривчиллаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Өөрийгөө саятан гэдэг Ли Лизюань 1996 оноос эхлэн өнчин хүүхэд үрчлэн авч улмаар 2007 онд “Хайрын тосгон” нэртэй асрах газар байгуулан хүүхдийн нь тоо 118-д хүрснээр хэвлэл мэдээллээр энэ тухай бичиж хятад орон даяар нэрд гарсан юм. Цагдаагийн газрын мэдээлэлд хятад эмэгтэй буяны үйл ажиллагаа нэрийн дор хувийн ашиг хөөж төсвөөс болон хандивлагч, ивээн тэтгэгчдээс их хэмжээний мөнгө авч завшсан гэснийг Global Times сонинд бичжээ. Мөн тэрээр орон нутгийн албан тушаалтнуудыг айлган сүрдүүлэх, дарамтлахдаа үрчилсэн хүүхдүүдээ ашигладаг байсан гэжээ. Эмэгтэйг асрах газраадаа шугам татахад зориулан кабель утас авах байсан 70 мянган юанийг өөрийн компанидаа, мөн зочид буудал, эмнэлэгт зориулах байсан 300 мянган юанийг завшсан гэсэн байна. Бас асрах газарт авсан нэлээд хүүхэд нь өнчин биш, эцэг эхтэй байсан гэнэ. Үүнээс үзэхэд асрах газар нь эрх баригчдыг хууран мэхэлж төсвөөс мөнгө авах халхавч болж байсан гэжээ. Эрх баригчид асрах газрыг хаахаар шийдвэрлэн 74 хүүхдийг тэндээс явуулаад эмэгтэйд дарамт сүрдүүлэг үйлдсэн, нийгмийн хэв журам зөрчсөн зэрэг хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн түүний дансан дахь 20 сая юанийг царцаасан байна. Түүний мэдэлд олон тооны үл хөдлөх хөрөнгө, тансаг машинууд байгааг ч олж тогтоожээ. Тэр бүү хэл асрах газарт хулгайлагдсан хүүхэд байж магадгүй хэмээн сураггүй алга болсон гэдэг хүүхдүүдийн хурууны хээтэй тулган шалгаж эхэлсэн байна.
URL: