“Эрдэнэ зам” компанийн хувьчлагдсан түүх буюу “Бишрэлт” группийн мэдэлд очсон нь
Монголын зам, гүүр, барилгын түүчээ таван компанийн нэг Эрдэнэ-Зам ХХК-ийг “Бишрэлт” группийн охин компани гэдгээр олон нийт андахгүй. Тиймдээ ч төр засаг хийгээд холбогдох бүх шатны байгууллагаас тус компанид итгэл хүлээлгэн өнгөрсөн хугацаанд улсын болон орон нутгийн чанартай томоохон бүтээн байгуулалт, замын сүлжээг хариуцуулан хийлгэж ирсэн билээ.
“Эрдэнэ зам” компани байгуулагдсан түүх
“Эрдэнэ Зам” ХХК нь 1997 онд Япон Улсын буцалтгүй тусламжаар зам, барилгын үйлдвэрлэл угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр Засгийн газрын 198 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа хайрган болон хатуу хучилттай зам барих, төмөр бетон, ган төмөр бетон, модон гүүр барих, засварлах, зам талбайн тохижилт, замын байгууламжийг арчлах, барилгын материал үйлдвэрлэх зэрэг үндсэн ажиллагаа эрхэлж ирсэн түүхтэй. Анх байгуулагдахдаа 5.4 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар, Япон Улсын буцалтгүй тусламжийн машин техник, тоног төхөөрөмж, үйлдвэрийн хэрэгсэл, агуулах зэрэг хөрөнгөтэйгээр байгуулагдсан юм. Түүнээс хойш 25.2 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байна. Мөн 109.1 км асфальтан хучилттай зам, 45.7 км хайрган хучилттай зам, 152.3 метр урт төмөр бетон гүүр, 24.7 км хатуу хучилттай замыг өргөтгөх ажил хийсэн аж. Компанийн мэдэлд одоогоор 29726 метр.кв талбайтай бетон хашаа, конторын хоёр давхар барилга, нийт 100 автомашин багтах дөрвөн гарааж багтдаг байна. Түүнчлэн тосны агуулах, уурын зуух, бетон зам талбай, гүний худаг, инженерийн шугам сүлжээ, харуулын пост зэрэг обьект харъяалагддаг. Тус компани нь 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс 2002 оны есдүгээр сар хүртэл Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн бүтцээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Улмаар 2012 оныг хүртэл хувьцаат компанийн зохион байгуулалт, дүрмээр ажиллаж байгаад Төрийн өмчийн хорооны 686 дугаар тогтоолоор хувийн өмчит компани болсон байдаг.
“Бишрэлт” группэд бүл нэмсэн “Эрдэнэ зам” компани
Япон Улсын буцалтгүй тусламжаар анх байгуулагдсан ч Төрийн өмчит үйлдвэрийн газар болон үйл ажиллагаа явуулж байсан тус компани 2012 оны нэгдүгээр сараас Бишрэлт Группийн охин компани болон бүл нэмсэн түүхтэй. Ингэснээр Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, орчин үеийн техник технологийг үйл ажилгаандаа нэвтрүүлсэн үндэсний бүтээн байгуулагч компани болон улам өргөжиж чадсан гэж болно.
Тус охин компани нь “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс болон орон нутгийн чанартай хайрган болон хатуу хучилттай замыг технологийн өндөр түвшинд, олон улсын стандартаар барьж, засварлах, аюул осолгүй байдлыг чанарын дээд түвшинд хангах, улс, эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна” гэсэн зорилгыг өмнөө тавин ажиллаж буй юм. Өдгөө нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь мэргэшсэн өндөр зэрэглэлийн инженер техникийн ажилтнаас бүрдсэн бөгөөд Монгол Улсын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын түүхэн чухал төдийгүй хариуцлагатай, томоохон ажлуудыг гүйцэтгэж байна. Түүнчлэн АНУ, Япон Улсын CATTERPILLER, DYNAPAC, HINO үйлдвэрт угсарсан зам, гүүр барилгын газар шорооны ажлыг иж бүрэн явуулах тусгай зориулалтын 30 гаруй нэр төрлийн 80 гаруй сүүлийн үеийн, иж бүрэн дэвшилтэт технологи, машин техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, чулуу ангилан бутлах, асфальт бетон үйлдвэрлэх, газар шорооны ажлын материалыг бэлтгэх үйлдвэрлэлийн иж бүрэн баазтай болон өргөжөөд байгаа юм.
|
Бишрэлтийн “Эрдэнэ зам”-ын улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглан улс болон орон нутгийн чанартай замыг олон улсын стандартад нийцүүлэн, хамгийн аюулгүй, урт удаан эдэлгээтэйгээр бүтээн байгуулах болсон тус компанид сүүлийн жилүүдэд хамгийн их ажиллагаа, ачаалалтай зам засвар, арчлалтыг даалган итгэл хүлээлгэхийг төр, хувийн хэвшлийнхэн илүүд үздэг болсон гэж болно. Эдгээрээс цөөхнийг дурдвал, тус компани Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын бүтээн байгуулалтын туслан гүйцэтгэгчээр олон зуун компаниас туршлага, хариуцлагатайгаараа шалгаран ажиллаж байна. Үүнийг Монголын авто замын хөгжлийн түүхэнд бичигдэх төдийгүй өндөр хариуцлагатай ажил гэдгийг онцлох хэрэгтэй.
Түүнчлэн өдгөө хүртэл олны ам сайтай байдаг Дамбадаржаагаас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх зуслангийн зам, Яармагийн гүүрнээс ТЭЦ-III-ын баруун хойд уулзвар хүртэлх зам, Маршалын гүүрнээс Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх АСЕМ-ын зам гэх мэт чанартай замуудыг тавиад байгаа билээ. Үүнээс гадна орон нутагт Хархорин-Цэцэрлэг чиглэлийн хайрган хучилттай, Архангай-Хотонт, Эрдэнэт-Булган чиглэлийн хатуу хучилттай зам зэрэг олон улсын стандарт хангасан олон арван сайн чанарын зам тавьсаар иржээ.
Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Тэгвэл Бишрэлт группийн охин компани “Эрдэнэ зам” компани улсынхаа хөгжил, ард түмний эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.
URL: