Унасан бөх туг тойрдоггүй

УИХ-ын сонгуулийн хуулийг батлах гэж парламент гурван жил дуншлаа. АН-ынхан тунирхаж, айлд очих гэж буй бэр шиг аашилна. Ардын намынхан бүр гуйж буй мэт буулт хийж зөөлөрсөөр. Ер нь Ардын нам санаачлагыг нь гаргаж, ардчилагчид гэдийдэг нь энэ парламентад тогтсон өнгө төрх болжээ. Өөрсдийнхөө бурууг өрөөлд тохож сурч байна, АН-ын бүлгийнхэн.
Ардчилсан төрийг цогцлоох сонгуулийн хуулийг боловсронгуй болгохын тулд олон удаагийн буултыг зөвхөн Ардын нам хийж байгаа гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй биш. Тухайлбал, Монгол Ардын Нам мажоритар давамгайпсан 52:24 хувилбартаа хатуу зогссон ч асуудлыг урагшлуулахын тулд өдгөөгийн 48:28 хэмээх хувилбарт бууж өгсөн. Мөн мажоритар хувилбараас “унасан” эрхмүүдийг пропорциональ 28 руу шилжүүлэхгүй хэмээх хатуу байр сууриа Ардын нам эргэн харж шилжих эрхийг тодорхой босготойгоор олгое гэсэн.

Монгол Ардын Намын Бага хурлын дараа сонгуулийн хуулийн төслөөр зөвшилцөх ажлын хэсэгт багтсан Ардын намын төлөөлөл, удирдлагууд аймгийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзаж, санал солилцсон. Энэ үеэр “Мажоритар 26 тойрогт нэр дэвшсэн 48 хүнээс ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг пропорциональ руу гулсуулж, намын нэрээр гарч ирэх 28 хүний эхэнд оруулна” гэсэн хувилбарыг шударга биш хэмээн шүүмжилсэн. Ард түмнийхээ дунд ажиллаж, амьдардаг аймгийн дарга нарын хэлдэг нь үнэний ортой. Угаасаа унасан бөх туг тойрдоггүй л байхгүй юу. Ажлын хэсгийнхэн саналыг хүндэтгэн хүлээн авч бүлгээрээ хэлэлцэн дэмжээд АН-д хүргүүлтэл зөрүүд зан нь хөдөлчих нь тэр.

Бодоод байхад ард түмэн нэрийг нь дэвшүүлэхэд дэмжиж санал өгөөгүй хүнийг 28 нэр дэвшигчийнхээ урдуур оруулж, “Энэ их сайн хүн” гээд хүчээр намын нэрийн өмнөөс томилох нь шударга ёсонд нийцэх үү. Угаасаа ийнхүү гулсуулах тухай гаж саналыг АН-ынхан л анх гаргасан шүү дээ. АН-ынхан нэр дэвшигчдээ биш “Ардчилсан” хэмээх нэрэндээ найдаж 2012 оныг өөрсдийнхөө ялалт болгон харж, мөрөөдөөд байгаа бололтой. Ардын намынхан бодож, нухацтай шийдвэр гаргаж байх зуур ардчилагчид санаачласан ажлыг нь “өмчилж” өөрийгөө сурталчлах нь элбэгшсэн.

Саяхан даа, сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхэн парламентаас гадуурх улстөрийн намууд, иргэний хөдөлгөөний төлеөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Энэ үеэр тэд “Сонгуулийн хуульд ямар заалт оруулахыг ард түмнээс асуу” хэмээн шаардсан юм. Тэднийг ингэж шаардаж уу, үгүй юу Улсын баатар Э.Бат-Үүл “Та нартай санал нэг байна, дэмжиж байна” гэж танхим дүүрэн “хашгирсан”. Аминдаа танхимд мөр зэрэгцэн сууж байсан Ардын намынхнаас өрссөн нь тэр. Уг нь тэд Монгол Ардын Намынхан “УИХ-ын сонгуулийн хуулийг ард түмнээсээ асууя” гэхэд “боломжгүй” хэмээн эсэргүүцсэн АН-ын гишүүн шүү дээ. Тэд ингэж л бусдын санаачлагыг хулгайлдаг ичих булчирхайгүй болсон хүмүүс.

Өдгөө харин Ардын намын 48-аас сонгогдоогүй хүнийг 28-д оруулахгүй байя, оруулсан ч наанатай, цаанатай хандая гэсэн саналыг хүлээж авахгүй толгой сэгсэрлээ. Тэгсэн атлаа “Ардын намынхан айсандаа 48-аас “гараагүй” хүмүүсийг 28-ын өмнүүр оруулж сонгуулахгүй гээд” хэмээх ээлжит мессэжийг нийгэмд нисгэлээ. Ардын намынхны “ард түмэн саналаа өгөөгүй нэр дэвшигчийн толгойг илэхгүй” гэдэг нь хаа очиж жинхэнэ ардчилсан санал юм биш үү, ардчилагчид аа. Тэд залуу үеийнхэндээ халаагаа өгөх дургүй шиг ээ 48-аас сонгогдож чадахгүй бол ард нь эгнэсэн 28 журмын нөхөртөө зайгаа тавьж өгөхөөс үнхэлцгээ хагартал айж байна.

Үнэндээ энд “ардчилсан” дүрдээ хэт итгэсэн өнөөх хэдэн “өвөө” нарын залуучуудтайгаа харшилдсан харалган эрх ашиг үйлчлээд байгаа юм биш үү. Үүнээс өөр ямар тайлбар дагалдуулах вэ. АН-ынхны саналаар явбал Монголд төлөвшсөн төлөөллийн ардчиллын утга учир алдагдана. Нөгөө гайхуулж бардамнадаг үлгэр жишээ ардчилсан орны үнэ цэнэ энд л алдагдах бус уу. Яваандаа парламентын засаглал ч хямралд өртөж болзошгүй гэсэн үг. Учир нь ямар ч босго, хязгаарлалт тавилгүйгээр тогтолцооны нэг хувилбараас нөгөө рүү санал шилжүүлснээс болж улстөрийн тогтворгүй байдал бий болсон жишээг Латин Америкийн орнуудаас ч харж болохоор.

Харин манай орны хувьд “Долдугаар сарын 1″-нийх шиг үйл явдал давтагдахыг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Ард түмэн саналаа өгөөгүй хүнийг намын нэрээр парламентад хүчээр суулгалаа гэхэд мануухайнаас өөрцгүй. Тэд мал, ямаа гэж цоллуулдаг хойно мануухай гэж хэлүүлэх ч үнэндээ яамай л байна. Гагцхүү мажоритараас “уначихаад” пропорциональ руу шилжинэ гэхээр сонгогчид чухам хэн болж хувирах вэ. Хэнд хандах вэ. Ёстой “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг нь болох биз. Сонгогчид сонгоогүй байхад УИХ-ын гишүүн болчихоод хууль баталж, ард түмний нэрийн өмнөөс хэмээн ажил хийх нь тэр хүндээ ч сэтгэлийн дарамттай, амаргүй байх биз.

Түүнээс гадна өнөөдөр хэн хэнийгээ сонгосон нь харин ч нэг тодорхой байхад дахиж уулзахгүй юм шиг нүүр буруулдаг эрхмүүд яаж аашлах бол. Нөгөө талаас улстөрийн намууд дөнгөж төлөвшиж байгаа энэ үед өнөөх “гулсуулах”, “шилжүүлэх” эрхийг улстөрийн намд үлдээчихвэл төлөвшиж ядан байгаа улстөрийн намуудад харин ч хортой байж мэдэх юм. Намын дарга, удирдлагыг тойрсон явцуу эрх ашгийг дээдэлсэн бүлэглэл, фракцууд мэндэлж намын амьдралыг орвонгоор нь эргүүлж мэдэх юм шүү. Ядаж л “унасан” нөхдүүдийг урдуур оруулахдаа наанатай, цаанатай хандаж, 40-45 хувийн санал авсанд нь эрх олгох ёстой гэсэн босго тавихыг АН-ынхан дэмжихгүй л байгаа шүү дээ.

Уг хуулийг батлахгүй байх сонирхол АН-д байгаа нь улам бүр тодорхой болсоор. Энэ сарын сүүлчээр УИХ-ын сонгуулийн хуулийг батлахаар зүтгэсэн Ардын намын зорилго, төлөвлөгөөг тэд нураав. Зөвхөн Ардын намын ч биш ард түмний хүлээлт байсан юм. Алийн болгон АН айлын эрх хүүхэд шиг авирлаж, Ардын нам аав нь юм шиг аргадах вэ. Гурван жил сунжирсан сонгуулийн хууль батлагдахгүй хойшилсон шалтгааны хэд нь АН-тай холбоотойг ард түмэн мэдэж байгаа. Хэрэв 48-аас гулсуулбал 76 хүн нэр дэвшүүлж ард түмнийг хуураад яах юм бэ. “Гарч” чадаагүй 22 хүнээ ухраагаад парламентыг 48 гишүүнтэй болговол яасан юм бэ гэсэн тэрслүү бодол төрнө. “Сонгуулийн хуулийг батлаад Үндсэн хуулийн цэц дээр очих нь тодорхой. Үүнийг анаж буй хүмүүс ч бий”. Энэ бол АН-ынхнаас л гараад байгаа үг.

Аргыг нь яаж олохыг мэдэхгүй гэлцэнэ. Тэд ярьдаг шигээ хийж чаддагүй. Ардын намынхан Үндсэн хуулийн цэц дээр очсон хойно аргалах биз хэмээн АН-ынхан найдаж сууна. Яагаад гэвэл тэдний дунд олигтойхон хуульч гишүүн байхгүй. Тиймээс Ардын намаар бамбай хийж, аврал болгож хараад байна. Ард түмэнд амласан учраас “Сонгуулийн тогтолцоо, хуулиа өөрчлөөгүй биш өөрчилсөн. Даанч болсонгүй” гээд хуучин тогтолцоогоор сонгуульдах сонирхол ардчилагчдад байх шиг. Ийнхүү эрхэлж туньсан АН-ын дараагийн авирлал ч тодорхой.

“Ард түмэн сонгохгүй ээ” гээд үүднээсээ буцааж байхад авлига, заль хэрэглэж байгаад хойморт гарч суух тийм л замаа Ардчилсан Намын “өвгөн партизанууд” засч эхлэв бололтой. “Удтал дуншсан сонгуулийн хуулийг арайхийн баталсны дараа УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэж тийчигнэж мэдэх юм. Унасан бөхийг тунг тойруулахаар зүтгэж буй АН-ын дуусдаггүй авирлал ард түмнийг залхаасаар.

Б.НОМИН


URL:

Сэтгэгдэл бичих