Монгол хүний хайрлах хамгаалах сэтгэл хаачив аа
Нийслэл хотынхоо өнгө жавхаа, үзэмжийг нэмэхийн тулд багагүй зүйл хийж, бүтээн босгож байна. Түүний нэг нь өнгөрсөн жил нийслэлд бүтээн босгон гэрэлт гудамжнаа байрлуулсан залуу гэр бүл, дурлалт залуусын “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө бөгөөд олны харааг булааж, хайрыг татаж байлаа.
Энэхүү баяр баясал, аз жаргалыг бэлгэдсэн гэгээлэг дүрслэл бүхий хөшөөг сүйтгэсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарлаа. Хөшөөг сүйтгэсэн этгээдийг одоогоор олж тогтоогоогүй байгаа ч холбогдох албаны хүмүүс ойрын хугацаанд сэргээн засварлахаар ажиллаж байгаа юм. Мөнөөх хөшөөг эвдэн сүйтгэсэн эзнийг олоод зэм шийтгэл хүлээлгэх нь тодорхой. Зөвхөн энэ биш.
Өнөөгийн зарим хүнд улс, нийгмийн өмч хөрөнгөд өөриймсөг хандаж, хайрлан хамгаалж, хямгадах сэтгэл үнэхээр дутаж буй нь алхам тутамд харагддаг. Чулуугаар хийсэн шат хавтанг хага татан хуулах, гэрэл чийдэнг хагалах, хашаа хайс эвдлэх, мод бут хугалах зэргээр нийтийн өмчид хүйтэн цэвдэг сэтгэлээр хандах хүн нэг биш байна. “Миний юм, бидний сайн сайхны төлөө бүтээн босгосон юм шүү” гэх сэтгэлээр аливаад еөриймсөг ханддаг үзэл бодлоор хойч үеэ хүмүүжүүлж төлөвшүүлж чадахгүй байгаагийн балаг энэ.
Бусдын хийсэн бүтээснийг үнэлж, хайрлан хамгаалдаг нийгэм, хамт олон хүмүүс бидний төлөө бүтээн байгуулсан бүхэнд өөрийн юм шигээр ханддаг хойч үеэ бэлтгэх, төлөвшүүлэхэд дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байгаа нь энэ бүхнээс тод харагдаж байна. Сайхан нийгэм байгуулах, сайн ирээдүйгээ төлөвшүүлэхийн тулд хаа хаанаа бодож хийх ажил үгүйлэгдэж байгаагийн ганцхан жишээ нь энэ юм.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: