АТГ-ын шинэ даргыг томилуулах санал хүргүүлэв

15254900935aed21ad399efӨнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах санал УИХ-д хүргүүлэв

АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй ч Ерөнхийлөгч Х.Баттуллга тус газрын дарга, дэд даргыг солихоо албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь ч санасандаа хүрч, Х.Энхжаргал ажлаа өгөхөөр болсон юм.

Харин Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ томилдог АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг олон нийтийн санал асуулгаар сонгосон. Гэхдээ санал асуулга олон нийтэд ил тод бус хаалттай явагдсан билээ.

Тодруулбал, АТГ-ын дарга болон дэд даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр, АТГ-ын Дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан, ЕТГ-ын дарга З.Энхболд, Буян ХХК-ний захирал Б.Жаргалсайхан, Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нар олонхийн санал авсан.

Харин эдгээр хүмүүсээс Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргаар хуулийн шаардлага хангасан Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг тус, тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлэв.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Уламжлал ёсоор 25 дахь жилээ угтаж буй эл өдөр 1000 сэтгүүлчид чуулж сэтгүүлзүйн салбарын алдаа оноог хэлэлцэх, цаашид хариуцлагатай сэтгүүлзүйг бий болгоход дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

Монгол Улс мөнгөн медалийн эзэн болов

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо /ФИБА 3х3/-ны 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шэньжен хотод 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 01-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан.

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан хэсэгт Хонконг, Вануату арал улс, Узбекистаны багуудтай орж Хонконг, Вануатуг хожин Узбекистан Улсад хожигдон хэсэгтээ 2-р байранд орж цаашид өрсөлдөх эрхийг авч чадалгүй тивийн аваргыг өндөрлүүлсэн.

Харин Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Ази тивийн аваргыг чансаагаараа тэргүүлж А хэсгийн 1-р багаар Катар, Тайваний багуудтай таарсан. Эхний тоглолтонд Тайванийг 14:15 хожин Катарт маш хүнд тоглолтын эцэст 21:19 харьцаатай хожигдон хэсгээсээ 2-р байраар гарсан.

Азийн аваргын хасагдах шатанд С хэсгийн 1-р байраар гарсан Йорданы багийг 21:12 харьцаатай хожин шилдэг 4-т шалгарсан.Хагас шигшээ ¼-ийн тоглолтоо Далайн орны хүчирхэг улс 2017 оны Ази тивийн аваргын алтан медалийн төлөө тааран тоглож байсан Шинэ Зеландын багтай дахин таарсан.

Тоглолтын эхнээс өөрсдийн тоглолтын хэмнэлд оруулж онооны тэргүүлэлтэй эхлэн тоглолтын турш тэргүүлсээр 21:16 харьцаатай хожин 2 дарааллан Ази тивийн аваргын финалд шалгарсан.

Улмаар аваргын төлөө мөн л дэлхийн сагсан бөмбөгийн хүчирхэг гүрний нэг Австралийн багтай тоглож Австраличууд анх удаагаа Ази тивийн аварга болж Монгол Улс мөнгөн медалийн эзэн болов.

Мөн Ази тивийн аваргын Бэлэгдлийн 3 тоглогчийн нэгээр Монгол Улсын шигшээ багийн довтлогч Энхбатын Дөлгөөн шалгарсан юм.

29.7 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг 50,916 иргэнд өгөв
Иргэд анх удаа орон сууц худалдан авсан орлогын чөлөөлөлт, үр хүүхдийнхээ их, дээд сургуульд суралцсаны төлбөрийн хөнгөлөлтийг Хувь Хүний Орлогын Албан Татварын Хууль (ХХОАТХ)-ийн дагуу эдэлдэг.
2017 оны тайлангаар улсын хэмжээнд энэхүү шаардлага хангасан 69,550 иргэнд 41.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 50,916 иргэнд ногдох 29.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгчээ.
Шилдэг бүтээн байгуулалтад “Төрийн гэрэгэ” хүртээв
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог.
2018 оны “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г дараах бүтээл байгуулалтууд хүртэв.
  • Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн бүтээн байгуулалт
  • “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-I” төслүүд шалгарч, Төрийн гэрэгэ шагнал хүртээв.
Цус цуглуулах шинэ төв нээгдэв
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон.
38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ үеэр “ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийн нээлт болсон юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гурван гишүүнийг томилов
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай 27,3 дугаар зүлийн 1 дэх хэсгийг нэмж оруулсан.
Хуулийн дээрх заалтыг үндэслэн Эдийн засгийн Байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан аж.
Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Ц.Батсүх, эдийн засгийн магистр Ц.Мөнхбаяр нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ерөнхийлөгч монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргав
Улс төр Ерөнхийлөгч[ Засах ] · [ Устгах ]Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан.
Зарлигт:
  • Монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартыг холбогдох мэргэжилтнүүдийн саналыг тусган шуурхай боловсруулж, хуульд заасны дагуу батлуулах, цаашид хөгжүүлэн тогтвортой байдлыг хангаж, цахим орчинд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар бодлого, төлөвлөгөө гарган ажиллахыг Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол хэлний тухай хуулиар үүрэг хүлээсэн эрх бүхий судалгааны байгууллагад; үндэсний стандартыг боловсруулах ажилд хяналт тавьж, боловсруулсан стандартыг судалж батлах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, монгол бичгийн цахим кодчиллын олон улсын стандартад үндэсний стандартыг хэлэлцүүлэх, батлуулах ажлыг зохион байгуулахыг Стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол Улсын Шадар сайдад чиглэл болгосугай.
  • Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж, 2018 онд багтаан хэрэгжүүлж эхлэх; бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагч хичээлийн хөтөлбөрөөр монгол хэл, бичгийн хичээлийг судлахдаа цахим орчинд монгол бичгийг ашиглах, бичвэр боловсруулах бүрэн чадамжтай болж төгсдөг байх; монгол бичгийн хичээлээр улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулж хэвших; элсэлтийн ерөнхий шалгалт өгөх иргэнээс заавал авах монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох; монгол хэл, бичгийн хичээлийг үр бүтээлтэй заан сургаж, амжилт гаргаж буй багш нарыг урамшуулж ажиллахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үүрэг болгосугай.
  • Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай.Энэхүү зарлигт дурдсан ажлуудад болон монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудад уриалсугай гэжээ.

 

Ж.Хулан

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих