Авилга цэцэглэж буй орныг ардчилсан улс гэж үзэх үү
Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллагын судалгаагаар Монгол улс 2000 онд авилгын индексээрээ 100 гаруй орноос 43-т орж байлаа. Гэтэл байдал жилээс жилд улам дордсоор 2004 онд 85, 2006 онд 99, 2008 онд 102, энэ жилийн судалгаанд хамрагдсан 182 орноос 120-д хүртэл доошилж, авилгаараа дэлхий дахинд алдартай Африкийн Этиоп, Мозамбикийн түвшинд орчихсон тууж явна. 0-10 хүртэл оноогоор дүгнэгддэг авилгын индекс /АИ/ манай улсын хувьд хэдэн жилийн өмнө дөнгөн ядан 3 байсан бол одоо бүр доошлоод 2.7 болчихож. Энэ байдлаараа явах юм бол удахгүй АИ нь 1 хүртэл унан Сомали, хойт Солонгосын түвшинд очих нь бололтой. Авилга ингэж хурдтай ихэссээр байхад түүний илрүүлэлт өнөөдөр ямар байгаа билээ?
Нэгэн цагт хаан ордны хамгийн шударга түшмэдээ дуудаад “Энэ оронд нүүрлэсэн их хулгайг яаж зогсоох вэ” гэж асуухад нь “Та өөрөө эхлээд хулгайлахаа больчих” гэсэн гэдэг. Төр засгийн дээд түвшинд залардаг хулгарууд нь өөрсдөө Монгол гэх ертөнцийн дуурсгалтай энэ их гүрний тэргүүн хулгайч нар болчихоод байгаа энэ улсад өнөөдөр авилгын далд сүлжээг задалж устгана, үр үндсийг нь тасална гэдэг амаргүй бүр тун амаргүй ажил болох нь хэн бүхэнд ойлгомжтой. Жишээ татъя. Ядуу буурай Сингапурыг анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн 31 жил удирдаж Ази тивдээ бүү хэл дэлхийд цөөхөнд орох хүчирхэг улсуудын нэг болгосон ерөнхий сайд асан Ли Куан Юи “From Third World To First” номондоо бичихдээ “би ажлаа төр засгийн аппаратын цэвэрлэгээнээс эхэлсэн” гэж дурссан байдаг.
Тэрээр англиар “Corrupt Practices Investigation Bureau” буюу манайхаар бол Авилгатай тэмцэх газрыг анх хуульчлан байгуулж, төр засгийн бүх өндөр албан тушаалтнуудын өмч хөрөнгийг нэг бүрчлэн шалган, эх үүсвэр нь будилаантай бол албан тушаалаас нь шууд чөлөөлөн цагдаад шилжүүлэн шалгуулах замаар төрийн аппаратаа богинохон хугацаанд цэвэрлэж чадсан гавьяатай нэгэн. Төрийн аппарат нь бүх шатандаа авилгад идэгдчихсэн Сингапурт энэ ажлыг эхлүүлэхэд түүнд ямар хэцүү саад бэрхшээл тулгарч байсан талаар тэр тодорхой өгүүлсэн байдаг. Ялангуяа шинэ хуулийнхаа дагуу нэрд гарсан топ улстөрчид болон түүний гэр бүл, хамсаатнуудыг гэрчээр дуудан байцааж авлигын сэжиг илэрсэн үед баривчлан бусад хэргүүдийг шалгах үед асар их дарамт заналхийлэл ирсэн гэдэг.
Гэвч энэ бүхнийг даван туулсан тэртээ он жилүүдийн хүнд арга хэмжээний үр дүнд өнөөдөр арлын Арслан улс 9 гэсэн авилгын индексээрээ дэлхийд тэргүүлж явна. 10 буюу оргилд нь очиход ганцхан хуруу дутаж буй боловч хүний нийгэм л болсон хойно оройд нь гарна гэж үгүй биз ээ. Ойрын бас нэг жишээ. 90-ээд оны үед хамгийн том гэмт хэргийн сүлжээ үүр уурхай болоод байсан Гүрж улсыг өнөөдөр авлигатай тэмцэх талаараа сүүлийн жилүүдэд тасархай амжилт олж буй орон хэмээн дэлхий нийтэд зарлаж байна. Аль ч улс оронд цагдаа шүүх, хяналтын албаныхан авлигад хамгийн их өртдөг.
Гэтэл цагдаагийн ажилтнууд хэргийг бүртгэх, мөрдөн байцаах, баривчлах гээд гэмт хэргийн бүх шатанд ажилладаг учраас цагдаа өөрөө шударга байх ёстой гэж үзсэн Саакашвилигийн засгийн газар хэдхэн сарын дотор 40 мянган хүнтэй цагдаагийн ажилтнуудыг шалган зөрчил илэрсэн 20 гаруй мянган дээд доод тушаалын албан хаагчдыг шууд халж, залуу боловсон хүчнээр шинэчлэн цалинг нь хоёр дахин нэмж тавих шаардлагаа эрс чангаруулжээ. Хойд хөрш ОХУлс ч энэ жишгээр ажиллаж милициягаа полиция болгох далимаар цагдаагаа архаг авилгачдаас салгах хөдөлгөөн өрнүүлээд байна.
Гүржийн шинэчлэгдсэн шүүх цагдаа авлига авсан улс төрчид, төрийн албан хаагчид, шударга бус бизнес эрхлэгч мафийн бүлэглэлийнхнийг хайр найргүй хомроголон баривчилж, мөрдөн шүүж эхэлжээ. Дараа нь толгой нь данхайсан төрийн албаныхаа авилгад автсан хэсгээс нь эхлэн халан цомхтгосноор төсвийн зарлагыг ДНБ-ний 20 хувьд хүргэсэн байна. Энэ шинэчлэлийг хийхэд тийм ч амар байсангүй, эхэндээ хэрүүл маргаан, энд тэндгүй эсэргүүцлийн жагсаал мөргөлдөөн бөөн л юм болж. Гэвч өнөөдөр Гүрж авилгын идээ бээрээ ингэж хагалан шахсаны дүнд АИ нь өсөн 60-д орж ирж авилга багатай орнуудын тоонд ороод байна. Хөрш зэргэлдээ Армены авилгын түвшин манай улсын хэмжээнд явж байгаа.
Авилгын эсрэг засгийн газраас явуулж байгаа ажлын үр дүнгийн талаар олон нийтийн дунд санал асуулга явуулахад 78% нь сайн гэсэн үнэлгээ өгснөөс харахад гүржүүд авилгачидтайгаа нилээд ширүүн тэмцэл явуулж, үр дүнд хүрч чадаж байна уу гэлтэй. Авилга нь төрийн албаны нэр хүндийг унагаж, хүчгүйдүүлж, төрд угших олигархиудын бүлэглэлийг бий болгож, асар том далд эдийн засгийг босгож, ард олны ядуурлыг ихэсгэдгээр аливаа улс оронд үлэмж хор уршигтай зүйл гэдэг нь нэгэнт аксиом болсон зүйл.
Өнөөдөр Монгол улс авилгатай тэмцэхийн тулд олон хууль дүрэм журам гаргаж, нүсэр аппарат ажиллуулж байгаа боловч олигтой үр дүнд хүрсэнгүй, харин ч энэ байгууллагын толгойлогчид нь өөрсдөө үүнтэйгээ орооцолдон дээлээ нөмрөн шоронгийн хаалга татсан нь хошин шогийнхонд бол инээдэм байж магад харин Монголын түүхэнд бол тун эмгэнэлт үйл явдал болсон.
Монгол оронд сүүлийн арав гаруйхан жилийн дотор цэцэглээд буй авилгын далд сүлжээ шүүх цагдаа, банк санхүү, уул уурхай, лицензийн наймаа, Улаанбаатарын газрын наймаа, Эрдэнэт тэргүүтэй төрийн өмчтэй газрууд, гааль хяналт дээр нь тэргүүлэгч гэгдэх намууд болоод тэдний дагуул төрийн албаныхантай холбоотой бүх салбарыг хамарч сүүлдээ бүр гааран бидний өвөг дээдэс, Монгол эрчүүдийн бахархал гэгдэх үндэсний бөх рүү хүртэл гараа шургуулчихлаа.
Ялангуяа төрийн нэрийн өмнөөс бусдыг яллах хязгааргүй том эрхтэй шүүгчдийн байж байгаа царайг нь хар даа. Шүүх гэж нийтэд нь нялзаамааргүй харин улс орныг авилгын түвшингээр хойш нь татахад нөлөөлсөн хамгийн том бодит хүчин зүйл бол болчимгүй шийдвэр гаргадаг авилгач шүүхчид. Дээр бичсэн хааны түүхээр АТГазраа атгадаг эрхмүүд нь өөрсдөө авилгаараа толгой цохиж байхад энэ байгууллагыг акулууд биш жижиг жараахайнуудтай хөөцөлдлөө гэж хичнээн шүүмжилж буруутгаад эндээс дусал шүүс ч гарахгүй нь ойлгомжтой. УИХ-ын хичнээн гишүүнийг сэжигтнээр татаад цааш нь ухах гээд дийлээгүйг бид харсан. Тэр бүү хэл эрх бүхий прокурорын байгууллага ч зарим нэгнийг нь шалгах гээд бараагүй шүү дээ.
Сонгуулийн үеэр хүмүүсийн саналыг яаж мөнгөөр худалдаж авч болдогийг бид хичнээн олон жил харлаа. Авилгад амташсан удирдагчид суудалдаа дархлагдахын тулд ард түмний сонголтыг хэрхэн будлиантуулж, айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн алдгийн жишгээр эцэст нь аллага хүртэл үйлдсэнд монголчууд бүү хэл дэлхий нийт алмайрсан. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нь ил тод бус, улс төрийн нам болоод сонгуулийн санхүүжилт нь бараг нууцын зэрэглэлд ордог, төрийн албан дахь улс төрийн томилгоо нь эх захаа алдсан, дороосоо ямар ч хяналтгүй, хэн нэг нь гэмт хэргийн ноцтой зөрчилд гаргасан үед хариуцлага тооцох нь бүү хэл улаан цайм хамгаалдаг нам төвтэй нийгмийн ийм гаж тогтолцоо нэгэнт дархлагдчихжээ.
Аливаа ардчилсан нийгмийн цөм болсон олон намын тогтолцоог Монголын хөрсөн дээр буулгахдаа “Намуудын тухай” хуулиар санаатайгаар гажуудуулсныг олоод харчих хүн тухайн үед УИХ-д байгаагүй гэж үү. Одоо нам гэдгийг жирийн иргэд тамд хүргэх зам гэж ойлгодог болж. Улсын их хуралд иргэдийн сонгох сонгогдох эрхийг мөнгөний босгоор хязгаарлан тийшээ жирийн гишүүд нь оролцох эрхийг хааж “ҮЗХ” гэгч хувьцаат компани болгосныг АН-ын шударга гишүүд шүүмжилцгээж байна. “Та мөнгөө босгоод сонгуульд оролц, тиймгүй бол дөрвөн жилд нэг л удаа улс төрд оролц бусдыг нь бид шийдэж байя” гэж нэгэн дархлагдсан улс төрч айлдсаныг санаж байна уу.
Энэ нь бид намын удирдлага гэгч том хандивлагчидтай ХХК дээрээ ярилцаж байгаад авилгачдаа санал болгоё, та нар хүссэн хүсээгүй хэн нэгийг нь дөрвөн жилд нэг л удаа дугуйл гэсэн үг биш гэж үү. Иргэн хүний сонгогдох эрхийг ингэж мөнгөөр босго тавин хаадаг, баячууд давуу эрх эдэлдэг ардчисан орон байдаг гэж би л лав сонсоогүй юм байна. Одоогийн улс төрчдийг тоглоомын ийм дүрмээр сонгоод байх юм бол авилгын ёроолгүй гүн хонгилын үзүүрт мөддөө гэрэл ёлтойхгүй нь. Сонгуулийн хуулийг шинэчлэн батлах гээд ордонд бугшсан түшмэдүүд гурван жил дүлээд суугаад байгаагаас харахад тэнд их цэвэрлэгээ хийх ажлууд эхнээсээ гацаж, дээр дурьдсан ардчиллын тулгуур зарчимаас ухрах алхмууд цаашдаа ч он удаан жил үргэлжлэх нөхцөл нь нэгэнт бүрдчихсэн байна.
Энэ үед хэнээс ч хараат бус гэгдэх шинэ АТГазар дээшээ харж амаа ангайсаар суух уу, эсвэл чаддагаараа архи, наборхон цуглуулдаг эмч багш нараараа оролдсоор байх уу гэдэг сонголтын ирмэг дээр ирээд байна. Архи набор чинь талархал илэрхийлсэн жижиг зусар болохоос авилга огт биш шүү дээ. Болох болохгүй зүйл хийснийх нь төлөө ямар ч насанд хүрсэн хүнийг 50 нас хүрээгүй л бол эрхий хуруун чинээ бүдүүн цул хулсан савхаар баян хоосон, гадаад дотоод гэж ялгалгүйгээр өмдийг нь шувт татаад ташуурддаг хууль Сингапурт одоо хүртэл үйлчилдэг юм байна лээ. Барууныхан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй ч энэ хуулийн дагуу 1997 онд шүүхийн шийдвэрээр 3000 гаруй хүн ташуурдуулж байсан бол 2007 онд энэ тоо 6000 хол давсан гэдэг.
Төрийн ордонд буг болтлоо шигдэн авилга хулгайг өөгшүүлээд зогсохгүй бусдын хөрөнгөөр хагартлаа баяжаад суугаад байгаа нөхдийн бөгсийг цус шүүртэл нь банзаддаг феодалын хуулиа сэргээвэл ер нь яасийм. Нийслэлийн төв талбайнхаа хажуудхан “Тусгаар тогтнолын ордон” гэгч өндрөөс өндөр харшийг нэг нам нь авилгын санхүүжилтээр сүндэрлүүлснээр өөрөөр бид ардчилсан Монгол улсад амьдардаг гэж хэлэх нөхцөл бидэнд л лав ногдохгүй нь харин үр хүүхдүүдэд маань ийм цаг үе ирэх нь гарцаагүй.
Ш. Пүрэвсүрэн
URL: