Улаанбаатарчууд дахин “Улаанчулуутын хог” идэхгүй
Манай сонин Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчээрлэдэг хэдэн зуун үхрийн тухай “Улаанбаатарчуудад тавагласан Улаанчулуутын хог” цуврал нийтлэл бичиж, олон нийтэд анх сэрэмжлүүлсэн. Гялгар уут, картон цаас, аяга таваг угаагч гээд юу тааралдсанаа иддэг эдгээр үхрээ эзэд нь сааж ойр хавийн дэлгүүрүүдэд сүүг нь нийлүүлдэг бол заримыг нь нядалж, Хүчит шонхор зэрэг томоохон захад махаа зардаг нь тогтоогдсон юм. Гэтэл нийслэлчүүд бид үүнийг нь мэдэлгүй хогоор бордсон үхрийн махыг захаас худалдан авч идсээр хэдэн жилийг үдсэн байв.
Хогоор хооллодог үхэр сүргийг нүүлгэх ажил бараг дуусчээ
Харин манай нийтлэлийн дараа нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, хотод байгаа малыг тавдугаар сарын 1-ний дотор суурьшлын бүсээс гаргахаар болсон юм. Саяхан Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд шүлхий өвчин гарсан нь малтай айлуудыг хотоос гаргах ажлыг яаравчлахыг сануулсан дохио гэлтэй. Дээрээс ирсэн захирамж бодит байдал дээр хэрэгжиж байна уу, Улаанчулуутын хогийн цэгээс олон зуун үхэр холдсон эсэхийг сурвалжлахаар даваа гарагт тус газрыг зорилоо. Урин дулаан цаг ирж, газар дэлхий гэссэн болохоор эндхийн үнэр танар гэж авах юм алга. Дээр нь хаврын хавсарганаар боссон тоос шороо улаанаар эргэлдэж, нүд амруу орчих шахаад хэцүү. Хогийн цэгийн байнгын зочид болох 100 шахам хүн “ажил”-даа ид ороод байлаа. Бараг л минут тутам хогийн машин ирж, шинэ “бараа” задалж орхиод явж одно.
Хогоор хооллодог үхэр сүргийг нүүлгэх ажил бараг дуусчээ. Тэгэх бүрт хүмүүс уралдан гүйж очоод шинэ хогийг ангилан түүх аж. Харин авууштай нь хогоор хооллодог өнөө хэдэн үхэр бараа сураггүй болсон гэж болно. Дээд газрын захирамж анхан шатандаа амжилттай хэрэгжиж байгаа л юм байна. Гэхдээ бас яаж зүгээр байхав, долоо, найман үхэр энд бэлчээрлэж харагдлаа.
Идэх зүйлээ хайж олохдоо хог ухдаг хүмүүсээс ч сурамгай гээч. Уг нь хаврын мал тарга тэвээрэг муутай байдаг. Харин эдгээр үхэр тун ч тарган цатгалан харагдана. Бүр үс нь гуужих төлөвтөө оржээ. Том талбай дүүрэн олон төрлийн идэх “хоол” байгаа болохоор таргалахаас ч аргагүй биз. Харин тэднийг хэзээ нядалж, махыг нь хэн гэгч азгүй нь худалдан авах бол. “Нэг хэсэг үхэр зуу зуугаараа энд бэлчдэг байсан. Харин он гарснаас хойш багасаад л байна” хэмээн хог түүдэг нэгэн ах ярьсан бол түүний найз нь хажуунаас “Наадуул чинь биднээс ч сурцтай хог ухдаг юм” хэмээн нэмэрлэв. Улаанчулуутын хогийн цэгийн нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд харьяалагддаг. Тус хороог зорьж, малыг суурьшлын бүсээс гаргах захирамж хэрхэн хэрэгжиж байгааг тодрууллаа.
Хорооны зохион байгуулагч Р.Мөнхтуяад цөөн тооны үхэр хогийн цэг дээр бэлчсээр байгааг дуулгатал жигтэйхэн сандарч орхив. “Тийм байх ёсгүй дээ. Хамгийн сүүлчийн 35 үхрийг би өөрийн биеэр хамт нүүлгэлцчихээд дөнгөж сая орж ирээд сууж байна. Магадгүй өөр хорооны айлын үхрүүд байх” хэмээн тайлбарлав. “2017 оны тооллогоор манай хороонд есөн өрхийн 323 мал байсан. Суурьшлын бүсэд мал байлгахгүй гэсэн захирамж нийслэлээс ирсний дагуу хорооны Засаг даргын ажлын алба, ИТХ хамтран ажилласны хүчинд эдгээр малыг өөр газарт аваачих ажлыг шат дараатай хийж дуусаад байна.
Өнөөдөр Б.Хүрэлбаатарынх гэдэг хамгийн сүүлчийн айл нүүлээ. Эднийх 35 үхэртэй, би харж байгаад нүүлгэлцэж өгсөн. Нүүсэн айлуудад өвөл, зуны хоёр газрыг улсаас үнэ төлбөргүй олгосон. Мөн нүүлгэлтийн зардалд 52 мянган төгрөг олгож байгаа. Сонгинохайрхан дүүргийн Нарийны аманд зургаан айлд нь газар олгосон. Таван өрх нь өгсөн газар дээр амьдарч байгаа бол хоёр нь Заамар руу, хоёр нь Баянчандмань сумруу өөрсдөө явсан. Энэ хэдэн үхэр хэнийх гэдгийг мэдэхгүй байна. Орой цагдаатайгаа хамт очиж, гэрийн зүг бэлчихэд нь дагаж байгаад эзнийг нь олж авахаас” хэмээн Р.Мөнхтуяа ярилаа.
Суурьшлын бүсээс мал гаргах захирамж эхэндээ маш их эсэргүүцэлтэй тулгарчээ
Мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргах захирамжийг анх танилцуулахад маш их эсэргүүцэлтэй тулгарчээ. “Олон жил амьдарсан газраасаа нүүхгүй. Та нарын зааж өгсөн газарт ус, цахилгаан байхгүй. Хүний эрх зөрчиж байна” гээд л чамгүй эсэргүүцсэн гэнэ. Гэхдээ улсаас өвөл, зуны газар үнэгүй өгнө, тээвэрлэлтийн зардлыг гаргана, хэрэв нүүхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг тайлбарласны дараа эхнээсээ нүүж эхэлсэн гэнэ
. Мөн тэднийг хуучин газартаа эргэж буухгүй гэсэн баталгаа гаргуулж, хяналт тавьж байгаа юм байна. Үнэхээр хогийн цэгийн ойр орчимд том том сараатай айл олон байсан нь үгүй болжээ. Нүүсэн айлуудын малыг очсон газар бүрт нь вакцинд хамруулж байгаа гэнэ. Өмнө нь малтай байсан бусад хороод руу холбогдож тодруулахад бүгд л нүүлгэх ажлыг захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн гэдгээ тайлбарласан юм. Тус дүүргийн 24-р хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар “Манай хороонд 480 гаруй мал байсан. Засаг даргын захирамжийн дагуу бүгдийг нь нүүлгэлээ. Маргааш /өнөөдөр/ ажлынхаа тайланг тавихаар бэлтгэж байна” гэв.
Түүнчлэн долдугаар хорооны зохион байгуулагч Я.Батмөнх “Манай хороонд малтай найман айл байснаас ганц л үлдсэн. Өнөө маргаашгүй нүүх гэж байна. 335-ын гарам руу нүүлгэх гээд газраа тогтчихсон. Нийт 30гаруй мал манай хороонд байсан юм. Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчиж байгаа мал манайх биш. Манай хорооны мал тэр хүртэл бэлчдэггүй. Хүмүүсийг анх нүүлгэхэд бараг бүгд л дургүйцсэн. Гэхдээ нэгэнт захирамж ирсэн болохоор нүүхээс аргагүй шүү дээ” хэмээн ярилаа. Монгол Улс 60 гаруй сая малтай, мал маллах олон мянган жилийн уламжлалтай улс. Бидний өвөг дээдэс мал сүргээ дөрвөн улирлын турш бэлчээр сэлгэн өсгөж, өвсний сорыг идүүлж, усны тунгалгаар ундаалахыг хичээдэг байв. Харин орчин үеийн суурин амьдралд үхэр сүргээ зориуд хогийн цэгрүү бэлчээж, тарга тэвээрэг авахуулдаг малчид бий болсон нь харамсалтай. Хороо, дүүргийн холбогдох ажилтнууд хорьж зогсоох гэж маш их тэмцсэн боловч үр дүнд хүрсэн нь үгүй.
Энэ хогийн цэг дээр элдэв цаас, гялгар уутнаас гадна төрөл бүрийн химийн бодис агуулсан хог, цацраг идэвхит бараа гээд юу эс хаягдаж байгаа билээ. Үүнийг нь хог дээр бэлчээрлэх үхэр сүрэг хээвнэг идэж, харин бид сүү, махыг нь хүнсэндээ хэрэглэж байсан гэж бодохоор дотор муухайрч, нүд харанхуйлна. Хог идсэн үхэр нь дөрвөөс дээш жил амьдардаггүй тул гунан үхрийг сонгож нядалдаг тухай бид цувралаар өмнөх хэсэгт бичсэн. Харин үүний махыг идсэн хүнд ямар өөрчлөлт гардгийг хэн ч судалж тогтоогоогүй юм билээ. Дээд газрын дарга нар асуудалд хойрго хандаж, ямар нэг арга хэмжээ авалгүй, нүдэн балай, чихэн дүлий явсаар өнөөдрийг хүргэжээ. Харин манай сонин асуудлыг олны анхаарлын төвд авчирч, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн сонорт хүргэснээр булай зүйл ашгүй нэг цэгцэрч байна. Ингэснээр нийслэлчүүд бид хогоор бордсон мах идэж, сүүг нь уусаар байгаа дэндүү гутамшигтай дүр зураг холдон одсон нь хамгаас чухал. Харин одоо үлдсэн цөөн хэдэн үхрийн эзнийг олж, хотоос гарга- чихвал ажил шувтрах нь. Ажил хийвэл дуустал гэдэг дээ.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
URL: