Төлөөллийн зарчмыг алдагдуулсан сонгуулийн хуулийн ”парадокс”-ууд
-АН Үндсэн хууль биелүүлэх гээд, МАН зөрчих гээд…- УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн хуулийг хэлэлцсээр Намрын чуулганыг дуусгах нь тодорхой болов.
Наанаа АН мажоритараар явах 48-аасаа шилжилт хийнэ, пропорционалиар сонгох 28 мандатаас шилжүүлэг хийхгүй гээд, МАН-ын бүлэг аль алинаас нь шилжилт хийнэ гээд байгаа мэт харагдавч цаад асуудал нь огт өөр байгаа юм байна. АН анх мажоритараар сонгох 48 мандатын дор хаяж 20 нь нийслэлд ногдох ёстой гэж зүтгэж байсанд л хэргийн гол учир оршиж байгаа аж. Өөрөөр хэлбэл, АН-ын дэвшүүлсэн “48-аасаа бүрэн шилжилт хийе” гэсэн санал нь нийслэлд өрсөлдөх нэр дэвшигчдийн боломжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх учиртай юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэсэн заалт бий. Харамсалтай нь бид олон намын тогтолцоонд шилжсэнээсээ хойш сонгуулийн тухай хууль энэ чухал заалтыг зөрчсөн хэлбэрээр батлагдаж өнөөг хүртэл мөрдсөөр иржээ. Иргэд УИХ-д төлөөллөө суулгах эрхээ ижил тэгш эдэлж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийг 20 жилийн өмнө баталж байсан Улсын бага хурлын гишүүд төрийн эрх барих дээд байгууллага /УИХ/-ын бүтцийг хэлэлцэж байхдаа анх 75 гишүүнтэй байхаар батлах гэж байсан гэдэг. Гэтэл нэг нөхөр “Асуудал шийдэж чадахгүй бол өнөө хэд чинь 75-аар бууж өглөө” гэж ярина шүү” гэснээс болж 76 гишүүнтэй болж байжээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссьш бүрэлдэхүүнд орсон тэр үеийн гишүүд сэтгүүлчдийн өмнө сууж байгаад энэ талаараа инээлдэн байж хүүрнэж байлаа. Тухайн үеийн Бага хурал суудлын тоо гэх мэт асуудлыг тун амархан шийдэж байсан байгаа юм. 75 мандатыг 76 болгох тухай асуудалд шударга ёсыг хангах дусал ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, үе үеийн УИХ-д зүгээр л нэг нөхөр хэлэмгий доломгойгоо гайхуулснаас болж бий болсон илүү нэг суудлыг хэн нэгэн гишүүн эзэгнэн суудаг гэсэн үг.
Ингээд УИХ-ын мандатын тоог инээж наргисан шиг ээ шийдчихсэн гишүүд 76 мандатаа засаг захиргааны нэгжид тохируулан хуваарилах үед нийслэлд арай бага, хөдөө орон нутагт олон мандат ноогдсон нь шударга ёсонд бага ч гэсэн нийцэж байв. Улаанбаатар хотод тэр үед 600 гаруйхан мянган хүн амьдарч байсан болохоор тэр. Гэтэл түүнээс хойш 20 жил өнгөрч нийслэл хотод нийт хүн амын тал нь цуглачихаад байхад нөгөө мандатын тоо өөрчлөгдсөнгүй. Нийслэлийн иргэдийн сонгох, сонгогдох эрх жил ирэх бүр зөрчигдсөөр ирэв. 2008 оны сонгуулиар энэ байдал тод ажиглагдсан. Баримттай ярья. Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн 35372 сонгогч нийлээд дэмжсэн нэр дэвшигч буюу Ж.Батзандангаа УИХ-д гаргаж чадсангүй. Гэтэл Дундговь аймгийн 11971 сонгогч Х.Наранхүүг, 10558 сонгогч нийлээд Р.Рашийг УИХ-д суулгаж дөнгөсөн байна. Дорнод аймгийн 40 хүрэхгүй мянган сонгогч УИХ-д Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, П.Алтангэрэл гэсэн гурван төлөөлөлтөй байхад Сонгинохайрхан дүүргийн 260 гаруй мянган иргэн дөрөвхөн гишүунээр эрх ашгаа хамгаалуулж байгаа нь шударга биш юм.
Тиймээс АН-ын дэвшүүлж байсан “Мажоритараар сонгогдох 48 мандатын талыг нь нийслэлд хуваарилах” санал нь угтаа Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах тухай асуудал гэдэг нь ойлгогдож байгаа юм. Тэгвэл хуучнаараа сонгуульд орно гээд байгаа МАН-ыг үндсэн хуулийг зөрчих гэж байна гэхээс өөрөөр юу гэх билээ. Бүхэл бүтэн намрын чуулганыг энэ асуудлыг ярьсаар байгаад үдэх гэж байна. Энэ асуудлыг гацааж байгаа хүмүүс ч тодорхой. Жижиг тойргоос гарч ирсэн, ирэх жил хуучин тойрогтоо нэр дэвших эрхээ авчихсан МАН-ын гишүүд. АН-ын дэвшүүлээд байгаа 48 мандат дээрээ үзэлцээд, унасан нэр дэвшигчдийг 28 руу шилжүүлэх санал нь нийслэлд өрсөлдөөд мултарсан нэр дэвшигчдэд давуу тал болох учраас ингэж байгаа нь тодорхой юм. Учир нь, 48-аас 28 руу гулсуулахдаа 25 хувийн босго тогтоож, саналын тоо, хувийг дундачлан авч үзэх талаар хоёр тал тохирчихсон. Төв аймагт өрсөлдөөд 30 хувийн санал авсан өрсөлдөгч 28 руу ороод Сонгинохайрхан дүүрэгт 30 хувийн санал авсан хүнтэй тулахад илүү олон сонгогчийн санал авснаараа нийслэлд нэр дэвшигч нь шууд ял ах юм. Чухам ийм учраас л шилжилт хийх асуудал Үндсэн хуулийг хөндсөн асуудал болж хувираад байгаа ажээ. Энэ бол асуудлын зөвхөн нэг тал бөгөөд УИХ-ын гишүун Засгийн газарт ажиллаж болох эсэх, пропорциональ тогтолцоогоор сонгогдох 28 тойрог дээр зарчмын зөрүүтэй байр суурь баримталж, заль гаргаж байсныг хэлэх нь зүйтэй.
МАН өмнө нь пропорционалиар өрсөлдөх 28 тойрог дээр дан “Намын нэрийг дугуйлья” гэсэн АН-ын саналыг тодорхой бодлоготойгоор унагаж, “Хүний нэр, намын нэрийг дугуйлна” болгож сольж байв. Дан намын нэрийг дугуйлбал МАХН-д дарагдаж магадгүй гэж муу санаалсан нь тэр. Ингэхдээ тэд “УИХ-ын гишүүнийг сонгоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг гул барьж байсан бөгөөд Үндсэн хуульдаа гар хүрэхгүй байх талаас нь асуудалд хандъя гэж байв. Үндсэн хуульд тэртэй тэргүй гар хүрч “УИХ-ын гишүүн Засгийн газарт ажиллаж болно” гэсэн заалтыг өөрчилнө гэдгийг мэдсээр байж ийн “залхуурсан”. Тэгсэн атлаа нийслэлд ногдох мандатын тоог нэмэгдүүлэхээс татгалзсанаараа иргэдийн эрх ашгаа хамгаалуулах эрхийг зөрчсөн байна. АН-ын хувилбараар явбал жижиг намын боломжийг ч тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх юм.
МАН-ын иймэрхүү явцуу эрх ашгаас болж ”Төлөөллийн зарчим” алдагдсаар ирлээ. Спортод “дүрмийн гажуудлаас болж төрсөн аварга” гэсэн ойлголт байдаг. Үүний нэгэн адил Монголын улс төрд ч гэсэн дүрмийн гажуудлаас болж төрсөн гишүүд олон байна. “Сонгуулийн хуулийн “парадокс” гэж хэлж болох эдгээр нөхөд одоо ч гэсэн хуучнаа санагалзан “Сонгуулийн тухай хууль”-ийг гацаахад жинтэй хувь нэмэр оруулсаар байна. Гишүүн байх эрхгүй гишүүдийн тоог аль болох бага байлгах юм сан.
Х.Батсайхан mongoliin medee
URL: