Скотт Лудлам: Оюутолгойн гэрээг батлахад авлига өгсөн
Оюутолгойн гэрээ нэг талыг барьсан байдалд, тухайн үеийн УИХ-ын түвшинд гэрээг эсэргүүцсэн гишүүд цөөнх болж, дэмжсэн хэсэг нь олонх болж асуудлыг шийдсэн билээ. Тэгвэл сүүлийн үед Монголд үүссэн нөхцөл байдлыг авч үзвэл, Оюутолгойн гэрээ авлига, хээл хахуулиар батлагдсан, түүнд гарын үсэг зурсан зарим сайд буруутай гэсэн шүүмжлэл өрнөж байна.
Мөн Ерөнхий сайд асан С.Баяр болон салбарын сайдаар ажиллаж байсан нэр бүхий зарим эрхмийг АТГ, ТЕГ-аас хамтарсан Ажлын хэсэг шалгаж, баривчлан саатуулаад байгаа юм. Тэгвэл Оюутолгойн гэрээг баталсан үйл явц нь хээл хахуулийн шинж чанартай болох баримтууд байгаа. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй Францын “Арева” компанийн үнэн дүр төрх ямар болох, тэд юу хийж байгаа талаар Австралийн Конгрессийн гишүүн асан Скотт Лудлам “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын Ногоон намын Удирдах зөвлөлийн гишүүд, тус намын дарга О.Бум-Ялагч нар оролцсон юм.
Скотт Лудлам Австралийн парламентад есөн жил сенатчаар ажиллаж байсан бөгөөд тус улсын Ногоон намын гишүүн юм. Түүний Монголд ирсэн зорилго нь дэлхийн ардчиллын тухай болон ногоонтнуудын талаар ном бичиж байгаатай холбоотой. Тэрээр Монголд анх удаагаа ирж буй, цөмийн энергийн эсрэг уран олборлохыг эсэргүүцэгч. Монгол, Австралийн адил төстэй тал нь уран олборлогч уул уурхайн компаниудад улс эх орноо алдсан, хоёр улсын хувьд адил төстэй систем үйлчилж байгаа. Иймд өөрийн байр суурийг илэрхийлэхийг зорьж, хэвлэлийн хурал зохион байгуулсан гэв. Түүний хувьд Монголд ажиллах хугацаандаа Монголын говь дахь Францын “Арева” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Үеэ өнгөрөөсөн, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулдаг, Францын “Арева” компани өдгөө нэрээ өөрчлөн “Арина” гэх нэрээр Монголын говьд уран олборлох үйл ажиллагааг эхлүүлээд явж байгааг тэрээр шүүмжиллээ. Уран олборлох маш муу технологийг тэд хэрэгжүүлдэг. Үүний хор хөнөөл өнөөдөр, маргааш биш, 10-20 жилийн дараа гардаг. Өмнөд Америк болон дэлхийн олон улс оронд үүнээс болж маш их хор хөнөөл учирч байгаа. Энэ үйл ажиллагааг зөвхөн Монголд биш дэлхий даяар зогсоох ёстой. Учир нь Австралид энэ байдал давтагдсан, түүнчлэн Монголын нийгэм, улс төрийн байдалд ч нөлөөлж байгаа. Авлига, хээл хахууль нь ардчилалд сөрөг нөлөө үзүүлдэг.Үүнд монголчууд анхаарах ёстой. Тодруулбал, уул уурхайн компани нь тухайн улсад маш их хэмжээний мөнгө оруулж ирдэг. Үүний ихэнх нь хууль эрхзүйн орчинд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх, улстөрчдийг өөрсдийн талд татахад зарцуулагддаг” гээд үүний эсрэг зоригтой тэмцэхийг тэрээр онцлон тэмдэглэв. Тухайлбал, Оюутолгойн гэрээг байгуулахад “Рио Тинто” компани Монголын парламентад авлига өгсөн байж болзошгүй нэг тэрбум ам.долларын асуудал яригдаж буйг тэрээр хэллээ. Мөн “2008 онд “Айвенхоу Майнз” компанийн хувь эзэмшигчдийн хурал болсон бөгөөд нэг тэрбум ам.долларыг Монгол Улсын хууль эрх зүйн орчин, шийдвэр гаргадаг томчууд, гишүүдэд хуваарилахаар заасан байдаг. Тэрхүү бичиг, баримтыг удахгүй монголчуудад танилцуулна. Бид энэ талаар ажиллаж байна” гэв.
Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч энэ асуудалд хоёр хувилбар байгааг хэлэв. Тодруулбал, одоо шоронд хоригдоод буй нэр бүхий таван эрхэм Оюутолгойн гэрээний үнэнийг хүлээх аваас асуудал нэг мөр болно. Түүнчлэн Оюутолгойн гэрээ хүчингүй болно гэв. Хоёрдугаарт, Лондонгийн шүүхээс “Рио Тинто”-д ногдуулсан торгууль нэгийг хэлж байгаа. Зардлаа учир шалтгаангүй нэмдэг. Монголд гэхэд л хоёр тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Олон улсын анхааралд өртсөн энэ компани Монголд үйл ажиллагаа явуулж байхад нийгмийн байгууллагууд анхаарахаас аргагүй гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Оюу толгойн гэрээний нэг тэрбум долларын авлигын бурууг УИХ дахь МАН , АН хоёроос бүрдсэн тэр үеийн УИХ-ын гишүүд хүлээх ёстой.Ийм учраас тэр үеийн УИХ-ын гишүүдээс байцаалт авах , мэдүүлэг авах зайлшгүй хэрэгтэй.Энэ авлигыг өөхшүүлж байгаа нь Энхжаргал гэж Ми овогтон Энхболдын дуулгавартай зарцийн тэргүүлж байгаа АТГ бас буруутай.Асуудлыг тэр дор шийдэж байсан бол АТГ болон түүнд ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүнд унах ёсгүй байсан даа.Одоо АТГ-т итгэх итгэл ард түмэнд байхгүй болсон шүү дээ.