Хийн түлш борлуулагчдаас НӨАТ-ын буцаалтаа хэзээ авах вэ

НӨАТ-ын сугалаанд хожиж, азтан болсон хүмүүс “Гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс юм аваад азтан болчихлоо” хэмээн ярьдаг. Харин манай байрны дэлгүүр болохоор худалдан авалт хийх бүрт НӨАТ-ын баримт өгдөггүй. Нэхэж байж авсан баримтаа бүртгүүлэхээр тухайн дэлгүүр нь “НӨАТ төлөгч” гэх боловч  буцаалт “0” төгрөг гэдэг мэдээлэл хянах самбарт харагдана. Уг нь Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэд худалдан авалт бүрийнхээ хоёр хувийг буцаан авах эрх нээгдсэн.

 20316

Зөвхөн манай байрны дэлгүүр ч биш, олон дэлгүүр, худалдааны төвүүд “Баримтаа авъя” гэхээр цаас дууссан, хэвлэхгүй байгаа гэх мэт аар саархан хариултаар аргацааж үйлчлүүлэгчээ “хоосон” буцаадаг. Улмаар иргэд сард хоёр удаа сугалаанд оролцох боломжоо алдаж байгаа. Баримт өгдөг зарим нь цаас л өгч байвал болов гэсэн шиг хандаж, бүртгүүлсэн баримтад нь татварын буцаалт бодогдохгүй байгаа нь шударга биш байна.

Баримт өгдөг ч, буцаалт бодогддоггүйн нэг жишээ автомашины хийн түлш борлуулдаг аж ахуй нэгжүүд юм. Монголдоо анхдагч гэж хэлж болох хийн түлш борлуулдаг компани бол “Дашваанжил ХХК”. Уг компани нь хэрэглэгчиддээ НӨАТ-ын баримт олгодог ч бүртгүүлсэн баримтанд буцаалт олгодоггүй. Үүнийг тухайн компаниас тодруулахад “Манайх НӨАТ-өөс чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүнд багтсан учраас татварын буцаалт олгодоггүй” гэдэг тайлбарыг өгөв. Зөвхөн эднийх ч биш Улсын хэмжээнд хийн түлш борлуулдаг бүх аж ахуй нэгжүүд иргэдэд буцаалт олгодоггүй. Учир нь НӨАТ-өөс чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүн борлуулдаг тул…

Тэгвэл хуулийг анх хэрэгжүүлж эхлэхдээ “Таны халааснаас мөнгө гарч л байгаа бол, та худалдан авалт хийсэн л бол баримтаа буюу хоёр хувийн буцаалтаа авах эрхтэй” хэмээж байсан нь хөрсөндөө буухгүй байна. Монгол улс 536 мянга 399 автомашинтай. Үүний тал хувь нь хийн түлшээр /газ/ ажилладаг хөдөлгүүртэй. Эдгээр автомашин эзэмшигчид өдөр бүр хийн түлш худалдан авдаг байж таарна. Гэтэл огт НӨАТ-ын буцаалт авч чадалгүй хохирч байна. Тухайн аж ахуй нэгж нь НӨАТ-өөс чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүн борлуулдаг юм байж. Гэвч иргэд, жолоочид хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө л худалдан авалт хийж байгаа тул татварын буцаалтаа авах л ёстой. Хийн түлш борлуулагчдаас НӨАТ-ын буцаалтаа хэзээ авах вэ?!

Мөн хийн түлш НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүнд ордог бол харин байрны доод дэлгүүрт зарагдаж буй “Кока Кола” ундаа НӨАТ-өөс чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүн биш л баймаар. Өөр дэлгүүрээс авахаар НӨАТ-ын баримт олгодог бөгөөд уг баримтыг бүртгүүлэхэд татварын буцаалт ч бодогддог. Харин байрны доод дэлгүүрээс ундаа авахаар баримт өгдөг ч тэр нь татварын буцаалтггүй байгаад гайхаш төрдөг.

НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй холбогдуулан 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагууд иргэдийн худалдан авалт бүрт татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримтыг олгохоор болсон. Ингэснээр иргэдийн халааснаас мөнгө гарч, худалдан авалт хийсэн л бол төлбөрийн баримтаа авах эрхтэй байхаар хуулийн зохицуулалт хийгдсэн. Бүр таксинд суусан ч жолоочоос нь НӨАТ-ын баримтаа нэхэж авах эрхтэй гэдгийг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэлж байсан.

Өнөөдөр таксины жолооч, үсчин, гутал засварынхан НӨАТ-ын баримт өгтлөө хууль бүрэн гүйцэт хэрэгжчихээгүй л байна. Ядаж баримт өгч байгаа аж ахуй нэгж нь иргэдийг хохироолгүй бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлмээр байгаа юм.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn

http://www.shuud.mn/a/496418


URL:

Сэтгэгдэл бичих