ТЭРТЭЭД СҮҮМЭЛЗЭХ “ГУРАВДАГЧ ХӨРШ”
Сүүлийн хэдэн жилд манай гадаад бодлогод “гуравдагч хөрш” гэдэг нэр томъёо бий болсон. Монгол хэлний “Хөрш” гэдэг уг нь хаяа зэргэлдээ, хаяа нийлсэн гэсэн утгатай үг. Харин түүнээс цаашихыг монголчууд нэг их хөрш гэж нэрлээд байдаггүй. Улс орнуудын тухайд газар нутгаараа нийлсэн орныг л хэлэх нь.
Энэ утгаар авч үзвэл Монгол Улсад түүхэн хоёрхон хөрш л бий, тэр нь ОХУ, БНХАУ хоёр.
Гэтэл яагаад хаа байсан холын, бүр далайн чанадын орнуудыг гуравдагч хөрш гээд байх болов оо.
Монгол Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан. Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.
Өнөөдөр манай улс БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, ОХУ, Япон Энэтхэг гэсэн гурван улстай Стратегийн түншлэлийн, БНСУ, АНУ, Герман, Түрк улсуудтай Иж бүрэн түншлэлийн, Канад, Австрали гэсэн хоёр улстай Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай байна. Тэгэхээр эдгээр улс бүгд манай гуравдагч хөрш болж таарч байна.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан яг нэг жилийн өмнө 2017 оны тавдугаар сард болсон “Япон, Монголын харилцааны хэтийн төлөв” симпозиум дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Оршин тогтнохуйн судалгааны секторын эрхлэгч Г.Базарваань “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэхдээ “Гуравдагч хөршийн бодлого тунхаг төдий үлдэх вий” гэсэн болгоомжлол байгааг дурьдаж байлаа.
ОХУ-ын судлаач В.А.Родионов. И.Г.Аюушева нар ч бас cyberleninka.ru сайтад “Орчин үеийн Монголын гадаад бодлогын стратегид “гуравдагч хөрш” гэдэг томъёлол бий боллоо. Албан баримт бичигт ч, албан ёсны үгэнд ч гадаад бодлогын талаарх энэ ойлголт нь үндсэндээ нийгмийн ардчиллын үнэт зүйлс дээр үндсэлсэн улстөр-үзэл суртлын утга агуулсан зүйл гэж бичээд өнөөдөр Монголын бүс нутгаас гаднах түншүүд нь барууны орнууд тэдний холбоотнууд, нэг ёсондоо бүс нутаг дахь Орос Хятадын нөлөөлөлтэй идэвхтэй өрсөлддөг орнууд болж байна” гэж бичсэн байна.
Би-би-си агентлагийн тоймч Филиппа Фогарти бас “Яагаад Монголд гуравдагч хөрш хэрэгтэй юм” гэж асуугаад “Монгол Улс удаан хугацааны туршид ЗХУ-ын цор ганц холбоотон байж Хятад, ЗХУ хоёрын завсрын бүсийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр ч Хятад нь Монголын худалдааны үндсэн түнш байгаа бол Орос хоёрдахь нь. Хятад нь монголд өөрийн далайн боомтоо ашиглуулж, харин Орос нь монголын хэрэгцээт нефть бүтээгдхүүнийг хангадаг. Энэ хоёр “том ах” монголд эдийн засгийн хөрөнгө оруулж, байгалийн баялгийг нь горьдож байгаа.
Чухам эндээс л монголын залуу ардчилал олон улсын холбоо харилцаагаа тэлэх, олон талт болгох үүднээс, улмаар улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах үүднээс “гуравдагч хөрш” гэдэг нэр томъёо, ойлголтыг бий болгосон хэрэг” гэсэн байна.
Гэхдээ манай энэ бодлого ямар хэмжээнд явж байна вэ.
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү 2016 онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд буцахдаа Монголтой холбоотой ажиллаж амьдарсан дипломат албаны 40 жилийнхээ ажлын үр дүнг “Японд гэхээсээ илүүтэй Монголын эрх ашигт илүү нийцсэн” хэмээн дүгнээд Монголчууд “гуравдагч хөрш”-ийн ач холбогдлыг нухацтай эргэцүүлэн бодож, ойлгон хүлээн авч байгаа эсэхэд тэрбээр эргэлзэж байгаагаа шуудхан хэлжээ. Тэгээд ч зогсохгүй монголчууд “гуравдагч хөрш” гэдгийг хэрэгтэй үедээ ашиглах явдал гэж ойлгож байгааг хэлээд буцсан.
Үнэндээ ч дээр дурдсан гуравдагч хөрш орнуудад манай сайд дарга нар айлчлахдаа ч, зочилж ирсэн удирдагч нартай нь уулзахдаа ч төрөл бүрийн зээл тусламж, хөнгөлөлт гуйхаас биш тэр улс оронд ашигтай зүйл санал болгох нь тун бага. “гуравдагч хөрш” гэдгийг манайхан саалийн үнээ шиг л сэтгэж байгаа нь нууц биш.
Хамгийн сүүлд өнгөрсөн сард БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Свараш манай оронд айлчлахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзахдаа “Монгол Улс түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Энэтхэг улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” гэж тэмдэглэсэн.
2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди ч манай улсад айлчилсан.
Гэтэл Энэтхэг улсаас 2016 онд манай улс импортоор 581.6 сая ам.долларын бараа бүтээгдхүүн зээлийн хөрөнгөөр оруулж ирсэн байна. Мөн БНЭУ-аас Монгол Улсын Засгийн газарт газрын тос боловсруулах үйлдвэр барихад зориулан нэг тэрбум ам.долларын зээл олгоод байгаа. Харин бид оронд нь юу өгч байгаа билээ…..
Хэдийгээр мөнхийн хөрш ОХУ, БНХАУ хоёроос улстөр, эдийн засгийн хувьд хараат бус байх, тэдний нөлөөллийг бууруулахыг зорьж байгаа ч газар нутгийн байрлал, ялангуяа далайд гарцгүй байдал, дэд бүтэц зэргээс шалтгаалаад “гуравдагч хөрш”-ийн бодлого маань тун ахицгүй байгаа нь нууц биш.
Томоохон төсөл хөтөлбөрт өнөө л Хятад, Орос хоёрын том компаниуд ноёрхон ялж, экспортод энэ л хоёр улсын бараа бүтээгдхүүн дийлэнх хувийг эзэлж байгаа хэвээр байна.
Ер нь “гуравдагч хөрш”-ийн бодлого гэдэг гэнэт өнөөдөр ч гараад ирсэн зүйл биш. Манай хойд урд хоёр хөршийн үүнд нь хаалт болж байсан нь ч мөн л түүхэн үнэн. Монгол Улс манжийн 200 гаруй жилийн дарлалаас чөлөөлөгдөж Богд хаант монгол улсаа байгуулсны дараахан Ерөнхий сайд Сайн ноён Т.Намнансүрэн хаант Орост айлчилж байхдаа Америк, Япон зэрэг гуравдагч орнуудын Элчин сайдтай уулзах гэж оролдож байсан, үүнд нь Оросууд дургүйцэн элдвээр саад болж байсан баримт бий. Богд хаан өөрийн элч төлөөлөгчөө Хятадаар дамжуулан Жийбэн /Япон/ улсад илгээж байсан ч мөн л хятадууд элчийг цааш нь явуулаагүй баримт ч байна.
1950-иад оны “Сэхээтний төөрөгдөл” хэмээх хэлмэгдүүлэлтэд өртсөн манай шилдэг сэхээтнүүд ч дан ганц ЗХУ-тай харилцаад байх уу гэдэг асуудал тавьж байсан, 1964 оны “Намын эсрэг бүлэг”-ийн гол төлөөлөгчдийн шүүмжлэл дунд ч “Ганцхан ЗХУ-тай харилцаж, тэгэхдээ алдагдалтай наймаа хийсээр байх уу” гэсэн байдаг. Энэ бүхий л яриа сануулгыг дарж, тэр олон хүнийг хэлмэгдүүлэн халж, цөлөхөд мөн л зөвлөлтийн, оросын гар оролцсон байдаг.
Монгол Улс үеийн үед бөмбөрцгийн бүхий л улс гүрэнтэй эрх тэгш харилцаж, худалдаа наймаа хийх, хоёр том хөршийн бодлого нөлөөллийг багасгах сонирхолтой байсаар ирсэн ч хил залгаа, хаяа зэргэлдээ хоёр том гүрэн минь өөрсдийн ашиг сонирхлын үүднээс ямагт хаалт болж шахалт үзүүлсээр ирсэн, цаашид ч энэ хэвээр л байх бололтой.
Үүнээс үүдэн бодоход “Гуравдагч хөрш”-үүд маань ёстой л тэртээд сүүмэлзсээр байх нь ээ.
ЭХ СУРВАЛЖ: 24tsag.mn
http://www.24tsag.mn/a/161838
URL: