Цианит натригаас болж хордсон гэх хэрэг тодорхой хариугүй бүдгэрч, орон нутгийн иргэд хохирч ҮЛДЭХ ҮҮ
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахир хэмээх газарт үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” ХХКомпанийн гурван ажилчин цианитад хордсон харамсалтай хэрэг гараад удаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ иргэдийн хордсон тухай шинжилгээний хариу тодорхойгүй бөгөөд гараагүй. Мөн “Спэйшл майнз” ХХКомпани олборлолтоо нэг өдөр ч зогсоолгүй ажилласаар байгаа сурагтай.
Тодруулбал, энэ компани нь УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын төрсөн хүү Б.Баттөрийнх бөгөөд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хэл ам дагуулсан. Өнгөрсөн гуравдугаар сард тус компаний 3 ажилчин натрийн цианид гэх бодист хордсон гэх мэдээлэл аймгийн МХГазар болон холбогдох албаныханд иржээ.
Хордсон иргэдийг компанийн зардлаар Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явуулсан, гэхдээ натрийн цианидад хордсон эсэхийг тогтоох шинжилгээ өгсөн гэх тайлбарыг албаныхан өгсөн. Гэтэл 60 гаруй хоног өнгөрчихөөд байхад натрийн цианидаас хордсон эсэх тухай албан ёсны хариуг олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь эргэлзээ, түгшүүр төрүүлсээр, нутгийн ард иргэд ч айдастай байгаа гэнэ.
Аймаг орон нутгийн зүгээс цианид натри ашиглаж үйл ажиллагаа явуулахдаа хариуцлагагүй хандаж ажилчдынхаа эрүүл мэндийг хохироосон байж болзошгүй тус компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. “Спэйшл майнз” ХХК-ний үйл ажиллагаанд нэр бүхий албан тушаалтнуудын ажлын хэсэг хяналт шалгалт хийж, дүгнэлт гарган улмаар 4 сарын 15-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах тогтоолын дагуу ажлын хэсэг очсон байна. Тухайн үед үйл ажиллагаагаа зогсоосон гэж тэдэнд худлаа хэлсэн ч уул уурхайн чиглэлээр олборлолт явуулсаар байжээ.
Баяжуулах үйлдвэрийн дарга “Би цианид ашигладаг уурхайгаар 16 дахь жилдээ ажиллаж байна. Уурхайн дотор асгарч, халих тохиолдол байдаг л зүйл. Одоогоор уурхайн олборлолт бусад үйл ажиллагаа зогссон ч тухайн тохиодол гарах өдөр хүртэл 5 танкандаа шахсан байсан цианидаа шууд кноп дараад зогсоож болдоггүй учраас саармагжуулах маягаар зутангаа шахаж, хэсэгчлэн зогсоосоор дуусах гэж байна. Хордсон гэх хүний нэг нь тэсэлгээний явцад, хоёр нь үйлдвэрт ажиллаж байх явцдаа бие нь муудсан” гэжээ.
Одоогийн байдлаар цианитад хордсон гэх 3 иргэний биеийн байдал сайжраагүй, Улаанбаатар хотод үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа гэнэ.
Дээрх компани анх үйл ажиллагаагаа эхлэхдээ малчид ард иргэдийн оюутан сурагчдын сургалтын төлбөрийг төлнө, малын хашаа хороо өвөлжөө бууц худаг, ус барьж өгнө, тухайн сумын малчдын малыг өндөр үнээр худалдаж авна, ажлын байр бий болгож нутгийн залуусыг ажлуулна гэж амлаж байсан гэж малчид ард иргэд ярьж байна. Гэтэл одоо бүх зүйл эсрэгээрээ эргэж танил тал харж ажилчид авдаг, мал мах авахаа больсон уурхайн хүмүүстэй уулзаж учирхад хүндрэлтэй гээд тоочоод байвал барагдахгүй олон саад бэрхшээл тулгарч нөгөө сайхан амлалтууд хуй салхи шиг дэгдээд алга болсон гэж байна. “Спэйшл майнз” компани газар нутгийг хордуулж байгаа болохоороо багийн малчдаас мал мах авахгүй байгаа байх гэсэн таамгийг ч нутгийн иргэд хэлж байна.
Цианид нь агаар, хөрс, ус, хоол хүнсийг бохирдуулдаг. Цианидаар бохирдсон агаараар амьсгалах, хоол хүнс хэрэглэх, эсвэл бохирдсон хөрсөөр дамжин хүмүүс өртөх боломжтой. Эрүүл мэндэд учруулах хор нөлөө нь хордсон тун, хугацаа, ямар замаар хордсон зэргээс шалтгаална. Хамгийн аюултай нь амьсгалын замаар хордох, гэхдээ залгих буюу хоол боловсруулах замаар өртөх нь мөн аюултай гэдгийг мэргэжилтнүүд тодорхойлсон байдаг ажээ.
О.Сайхан
Оллоо.mn
URL: