Ардчилсан үзлийн үнэр ч үгүй нам

Монголд ардчилсан хувьсгал гарч, бид чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш 20 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд МАХН буюу одоогийн МАН болон АН тэргүүтэй ардчилалын төлөөх намууд гэсэн хоёр хэсэгт хуваагдсаар ирсэн. Иргэд ч гэсэн ардчилсан, хувьсгалт гэсэн хоёр намд хуваагддаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд нэг хөнжилд ороод, сөрөг хүчингүй болчихоод байгаа. Гэхдээ АН бол тэртээ тэргүй ардчилсан үзэлтэй нам. Энэ үзлээ одоо ч хадгалж, цэнхэртэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин МАН сүүлийн үед ардчилсан үзэлтэй болж, чөлөөт нийгмийн мөн чанарыг ойлгож байгаа дүр үзүүлэх болсон. “Хувьсгалт” үгээ намынхаа нэрний дундаас “жийж”, залуучуудын байгууллагаа Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо хэмээн нэрийдэж “ардчилсан” гэдэг үгийг өмчилж эхлээд байгаа. Дээрээс нь намын байраа хүртэл “Тусгаар тогнолын ордон” хэмээн нэрийдэж, хэрэндээ л иргэдэд эерэг ойлголт өгөх гэж хичээсээр л. Гэхдээ л тэд ямар ч ардчилалгүй, ядаж ардчилсан үзлийн үнэр ч байхгүй нам гэдгээ саяхан болсон намын бага хурлын үеэр хангалттай харуулав. Тэд нэг хэсэг улс төрийг эзэгнэж, дангаар төр барьж байсан цаг нь ард хоцорч, одоо зөвхөн ялна гэдэгтээ итгэхээс өөр сонголтгүй болсон. Энэ нь ардчилалыг булшлах гэж олон жил муу санасных нь гор биз. Чухам яагаад ардчилсан үзлийн үнэргүй гэж үзэж байгааг МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын намынхаа бага хурал дээр хэлсэн үгнүүд хангалттай баталж байгаа юм. Тэрбээр бага хурал дээр үг хэлэхдээ намынхаа гишүүдийг илт дарамталсан. Сүүлийн үед манай намын зарим гишүүд намын эрх ашгаас давсан үйлдэл гаргаж, хувь хүний амбиц хөөж байгаа гэх зэргээр зэмлэсэн. Сонгууль дөхсөн энэ үед бид нэг  санаа бодолтой, намын нэгдсэн бодлогын дагуу ажиллах ёстой гэсэн утгатай үг хэлж,  сануулсан. Хэрвээ цаашид намын бодлогын эсрэг зүйл хийж, ганцаарчилсан тоглолт хийвэл хатуу шийтгэнэ маягийн юм ярьж занасан. Яг юу гэж хэлснийг ихэнх хүмүүс зурагтаар үзсэн байх. Үүнээс үзэхэд л ямар ч ардчилал энэ намд  байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз дээ. Хэдийгээр намын үзэл баримтлал, чиг шугамыг гишүүд дагаж, тэр зарчмаар явж байх ёстой ч улс орны эрх ашгийг бас давхар бодож байх ёстой. Эрхэм дарга хурал дээр ингэж хэлэхдээ өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулах бичиг өргөн барилцсан намынхаа дөрвөн гишүүн болон бусад амбицлаг нөхдүүдэд хандсан нь мэдээж. Хэрвээ дахиж энэ мэтээр намын даргын болон бусад гишүүдийн эрх ашигт  халдвал “хорхой” болгоно гэж байгаа л хэрэг. Дээрээс нь МАХН гэдэг нам гарч ирж, ард иргэд, тэр дундаа ахмад сонгогчдын тархийг угааж байна. Тиймээс бид болгоомжтой байж, тэдэнтэй тэмцэх хэрэгтэй гэх маягийн зүйл дурьдаад авна билээ. Өнөөгийн ардчилсан нийгэмд хэдэн ч хүчин зэрэгцэн оршиж, ард түмний сонголтын дор парламентийг бүрдүүлэх ёстой. Гэтэл энэ намынханд шударга өрсөлдөх чадвар ч алга. Ерөөс огт ардчилалгүй нам болохоо энэ мэтээр дахин дахин харууллаа. Тийм байж “ардчилал” гэдгийг өмчлөх гэж зүтгэхээсээ ичээсэй. Аягүй бол удахгүй нэрээ өөрчилж, Монгол ардын ардчилсан нам гэх вий, ум базарваань хум бад.

Н.Пунцаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих