“MCS”-ийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан болж харагдах л гэсэн бололтой

Нэг сая гаруй хүн амтай, түүний тэн хагас нь гэр хороололд амьдардаг Улаанбаатар хотын хувьд утааг өргөс авсан мэт нэг л өдөр арилгах боломжгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ жилийн утаа нэг л бишээ. Өмнөх жилүүдийнхээс илүүтэй нэмэгдэж, хоолой хорсгоно. Уг нь утааг бууруулах ажлыг санаачилж,  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг компани болох гэж ядсан “М-Си-Эс” группийнхэн овоо хэдэн зуух тараажээ. Гэвч захын айлаар ороод харахад л утаатайгаа унгалдаж, пийшин дэх гал нь асахгүй, хүйтэн гэрт муухай царайлж сууна. Бас нэг танидаг айлаараа орвол “Энэ нэг Өлзий зуух нь ёстой хэрэг алга. Сүр бадруулаад л байсан. Хар хүйтэнд хөлдөж үхэх нь бололтой. Нэг ваакумжуулсан хэсэгт нь хий орчихсон байна гэхээр нь дуудлага өглөө. Дуудлага өгөөд бүтэн сар болж байна. Утсаар ярихаар цавуу нь гэсэхгүй байна л гэх юм. Яагаад ч гэсдэггүй цавуу юм. Тэгээд бас нээлттэй өдөрлөг, бэлэгтэй худалдаа гээд зарлаад байгаа юм аа” гэх нь тэр. Ингэж хэлэхээр нь нээлттэй өдөрлөг, бэлэгтэй худалдаа явагдаж байгаа газарт нь очлоо. Өдөрлөг нь Дарь-Эхийн хуучин эцсийн буудлын дэргэд байрлах “Шинэ хүнс” дэлгүүрийн хажууд болж байх юм. Ороод очтол “MCS” гэсэн лого бүхий хантааз өмссөн хэдэн хүн, ааштай хэдэн хүүхэн суужээ. Тэд хорооноосоо тодорхойлолтоо авчихаад ирж байгаа эмгэд, өвгөдийг зандчиж, бараг л бушуухан аваад яв гэх нь холгүй байх юм. Бас тэгээд зуухаа арч гэж байгаа юм уу даа, нэг эрээн бээлий, нэг ширхэг асаагуур өгч байна. Тэр нь бэлэг нь гэнэ. За тэгээд, энэ зуух нь эвдрээд, утаа гаргаад, иргэдийг бухимдуулж байна, энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна гэхэд нэг нэг рүүгээ бухаж, хариулт өгөх хүн ч сүүл рүүгээ олдохоо болив. Иргэдэд зуухаа л шахаж байвал эвдэрч байна уу, утаатай байна уу тэдэнд хамаагүй гэнэ. Ерөөсөө л хэдэн зуухыг гялс тараагаад, нийгмийн хариуцлагаа ухамсарласан болж харагдах л гэсэн бололтой. “MCS”-ийнхэн Монголын бараг бүхий л зах зээлд тэргүүлж, иргэдийн мөнгийг шулж, колагаар угжиж, ясыг сийрэгжүүлж, мөхөөж байж дахиад утаагүй нэртэй утаатай зуухыг тарааж, уушгигүй болгох бодлого явуулж байгаа нь энэ юм болов уу.

Э.Мөнх

mminfo


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих