Б.Жаргалсайхан: Нэг хүн хагартлаа баяжаад, бусад нь ядуурдаг ийм тогтолцоог халах хэрэгтэй
Ирэх сарын 4,5-ны өдөр Бүгд Найрамдах Намын онц их хурал болохтой холбогдуулж тус намын дарга Б.Жаргалсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, мэдээллийнхээ үеээр ”Улс оронд юу болж байгааг та бүхэн өөрсдөө харж байгаа. Монгол Улсын нийт гадаад өр зээлийн хэмжээ 27 тэрбумд хүрсэн байна. Хэн, хэдэн сарын хэдэнд, яаж энэ мөнгийг авсан юм бэ. Үүнийг ил болгох ёстой. Нийгмийн олон салбарт маш их хэр хэмжээнээс хэтэрсэн тогтолцоо үүссэн. 170 мянган оюутан сурж байна. Нийгмийн баялаг хэн бүтээх вэ. Бүгдээрээ дарга болох гэж байгаа юм уу? 180 мянган төрийн албан хаагчидтай. Манайх шиг 3 сая хүн амтай улс оронд ийм их дарга ямар хэрэгтэй вэ? Саяхан их сонирхолтой үйл явдал боллоо. Өмнөд Солонгос, Хойд Солонгосын ерөнхийлөгч 11 жилийн дараа уулзлаа. Өмнөд Солонгосын эрчимтэй хөгжил, Хойд Солонгосын зохион байгуулалт тэр улсыг маш хүчтэй улс болгох байх. Үүнтэй адилаар бидний цөөхөн Монголчууд улс төр, нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцох ёстой. Иргэн бүр улс эх орон, хөгжлөө гэсэн сэтгэлтэй байж гэмээн хөгжинө. Өнгөрсөн 27 жилийн нийгэм эдийн засгийн байдлаа бүгдээрээ нэг дүгнэж, цэгнэх цаг нь болсон. Муугаа ил гаргаж, хэрхэн сайжруулах талаар ярьж байж улс орон хөгждөг юм билээ. Мөн бид гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэрүүдээ маш хариуцлагагүй үрж байна. Миний мэдхийн 500 мянгаар орон сууц босож байгаа. Ингээд орон сууцаа 2 сая 500-аар зарах гэж байна. Өөрөөр хэлбэл, 500 мянгаар орон сууц барьчихаад 8-10 дахин нэмж зарж байна. Тэгэхээр энэ асуудлуудыг бид яаралтай шийдэх ёстой. Энэ Улаанбаатар хотод байгаа хэнд ч хэрэггүй диплом өгдөг их, дээд сургуулиудыг хаах хэрэгтэй. Манай залуучууд дор хаяж 2-3 мэргэжилтэй байх ёстой. Өнөөдөр олон залуус гадаад гарах хүсэлтэй байгаа боловч хэлгүй. Тиймээс 10 жилийн боловсролын тогтолцоонд англи хэлийг оруулах ёстой. Бидний амьдралд дээр дооргүй хариуцлага, шударга ёс үгүйлэгдэж байна. Дарга нар хариуцлагагүй, шударга бус гэж их ярьж байна. Гэтэл иргэд бид өөрсдөө ямар байгаа билээ. Тэгэхээр бид одоо дээр дооргүй байгаа энэхүү шударга ёсны төлөө дүгнэж цэгнэж, ярих цаг нь болсон. Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөө үгүйлэгдэж байна. Манай хэвлэлийнхнийг бүгдийг нь худалдаж авч байна. Энэ өчүүхэн биеэ бид одоо хэд дахин, хэдэн удаа худалдах вэ? Иргэдийн нийгэм, улстөрийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой. Улстөрийн намын хувьд, иргэний хувьд, намын даргын хувьд энэ асуудлуудыг бид одоо хэлэлцэж, ярилцах цаг нь болсон байх. Олон нийтийн хяналтын дор төр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Нийгэмд үгүйлэгдэж буй үнэн, худлаагийн заагийг тогтоож, ярих болсон. Тиймээс бидний зохион байгуулах гэж буй энэхүү ажилд та бүгдийг цаг заваа зориулан, идэвхтэй оролцохыг уриалж байна. Одоо ер нь хулгайч, дээрэмчдээсээ салах цаг нь болсон. Тэгэхгүй бол бид амар заяагаа үзэхгүй юм байна лээ. Нэг хүн хагартлаа баяжаад, бусад нь ядуурдаг ийм тогтолцоог халах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөхгүй ээ. Бас дахиад баахан хоолны савнууд суучихаад биднийг баллана. Иргэддээ улстөрийн мэдлэг, боловсрол олго л доо. Сонгуульд оролцох гэж буй хүмүүс 14 хоног фотошопоор зургаа засуулж тавихаа болих хэрэгтэй байна” гэв.
Х.Онон
http://www.zuv.mn/page/newsmore/18377
URL: