Нигерийн Ерөнхийлөгч Цагаан ордонд зочилж, Трамптай уулзана
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммеду Бухари ирэх долоо хоногт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төрийн дээд хэмжээний айлчлал хийх гэж байна.
Дональд Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаагаа Африкийн орны удирдагчтай уулзах гэж буй юм. Тэрбээр хүндэт зочноо Цагаан ордондоо хүлээн авч, эдийн засаг, аюулгүй байдлын талаар ярилцахаар төлөвлөжээ.
Трамп энэ оны эхээр Цагаачлалын эсрэг хуулийг баталсан бөгөөд энэ үеэрээ Африкийн орнуудыг “Бохир заваан” хэмээн тодорхойлсон юм.
Олон нийт Трампыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бодлого явуулж байна хэмээн буруутгаж, кампанит ажил зохион байгуулсан удаатай. Харин Трамп арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан гэдгийг үгүйсгэсэн билээ.
Трамп, Бухари нар уулзалтынхаа үеэр Нигерийг хүчирхийлж, ард түмнийг нь хөнөөж буй алан хядах “Боко Харам” бүлэглэлийн асуудлаар хэлэлцэж магадгүй байна. Тус бүлэглэл 2009 оноос Нигерийг түрэмгийлэх болсон юм.
АНУ өмнө нь “Боко Харам” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах 496 сая ам.долларын өртөгтэй нисэх онгоц нийлүүлж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
URL: