“ХАБЭА-Н УДИРДЛАГА, ХЯНАЛТЫН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДВЭЭР ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” 04.02-ны өдөр улс орон даяар нээлтээ хийлээ. Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХАБЭА-н сар болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ хүрээнд ХАБЭА-н хууль дүрэм, стандарт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудыг сарын аянд идэвхитэй оролцуулах, иргэд олон нийтэд ХАБЭА-н мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж ирсэн.
Энэ жилийн сарын аяны хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг болох “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын үр дүнг дээшлүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ-тай хамтран 2018.04.02-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэд МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар мэндчилгээ дэвшүүлж илтгэгч нарт амжилт хүслээ.
Энэ удаагийн хурал нь өнгөрсөн жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд явагдлаа хэмээн оролцогчид онцолж байсан юм. Учир нь гадаад орны зочид төлөөлөгчид илтгэл хэлэлцүүлж оролцсон. Эрдэм шинжилгээний хуралд 13 оролцогч илтгэлээ хэлэлцүүлж шилдэгүүдээ шалгаруулсан.
1-р байр Н.Очирбат магистр, мэргэшсэн инженер /Номин констракшн девелопмент” групп
2-р байр Х.Эрдэнэчулуун НМХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч
3-р байр Д.Батбаатар, ОШМИ сургалтын төвийн ахлах багш, Г.Цацрал НЭМ-ийн магистр АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш тус тус байр эзэллээ. Шилдэгээр шалгарсан илтгэгч нарын шагналыг МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар гардуулан өглөө.
Энэ удаагийн хурлын гол зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлтийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, төрийн бодлогод ашиглаж болох тэргүүн туршлагыг шалгаруулах явдал юм.
URL: