Яагаад Улаанбаатар байж болохгүй гэж!

b4aceabe29a88bf347c0a370f8a307c8992dd672-750x400А.АНИР

Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хаана юу хийж явааг нь сонирхох хүн олон. Тэрбээр сүүлийн үеийн дуулиант үйл явдалд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа. Гэхдээ тэр эх орноосоо зугтаагүй, олон нийт, ард түмэнтэйгээ цуг байгаа гэдгийг харуулсан билээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоног IRISH-д найз, нөхөдтэйгээ яриа өрнүүлэн сууж буй түүний зураг сошиал хуудсаар түгсэн юм.

Үүний зэрэгцээ, тэрбээр өөрийн блог хуудас хөтлөн, мөн baabar.mn гэх шилдэг нийтлэлчдийн цахим хуудсаар дамжуулан Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны уулзалтыг зохион байгуулах боломжтой тухай нийтлэл бичиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах ажлыг идэвхтэй хийж явна.

Үнэндээ, сүүлийн үед  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхий нийтийн анхаарлыг татаад буй. Учир нь олон улсын ажиглагчид АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүний түвшний уулзалтыг зохион байгуулах боломжтой орны нэгээр Монгол Улсыг нэрлээд буй.

Тэгвэл яагаад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот энэхүү түүхэн уулзалтыг зохион байгуулж болохгүй гэж. Энэ тухай Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн блог хуудас болон baabar.mn хуудаснаа бичихдээ:

“Монгол Улс бол АНУ, БНАСАУ-тай хоёулантай нь дипломат, найрсаг харилцаатай орон. БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон бол Монгол Улс юм.Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой орон. Улаанбаатарт 2016 оны 7 дугаар сард Ази, Европ тивийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт – ASEM SUMMIT 2016 маш амжилттай болж өндөрлөсөн. Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс олон тооны уулзалт, яриа хэлэлцээ, хурал зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. “Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх Монгол Улсын санаачилга нь тус бүс нутгийн яриа хэлэлцээний хүлээн зөвшөөрөгдсөн, чухал механизм болж чадлаа” гэжээ.

Мөн тэрбээр “Улаанбаатарын хувьд дээрхи дээд хэмжээний уулзалтын үеэр аль нэг талын байр суурийг баримтлахгүй гэдгээрээ онцлогтой. Монгол Улс нь төвийг сахисан, идэвхтэй бодлого бүхий орон. Монголыг энэхүү бодлогоос нь үүдэж “Азийн Швейцарь” гэж нэрлэх нь ч бий. Дэлхийн болон бүс нутгийн энх тайван байдал нь Монгол Улсын хувьд эрхэм зорилго юм. Монгол Улс нь “Цөмийн зэвсэггүй бүс” гэдэг статусаа НҮБ болон түүний Аюулгүйн зөвлөлөөс албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан. Монголын энэхүү үйлдлийг бүс нутгийн тоглогчид, олон улсын зүгээс “үлгэр жишээ” гэж талархан дэмждэг” хэмээн бичжээ.

Эх сурвалж: www.news.mn


URL:

Нэр: Ганболд Огноо: 1 May 2018

Үнэн Мундаг гадаад бодлоготой дэлхийн тоглолтонд орж чаддаг хүн !

Нэр: шамбий Огноо: 2 May 2018

ардчилсан хужаа элбэгдорж яаж ч жүжиглээд өнгөрсөөн.

Сэтгэгдэл бичих