Б.Хурцыг томилох асуудлаар хариу ирээгүй гэв

4-27-2-550x300Т.САЙХАН

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудал одоо л нэг хөдөлж эхлэх шинжтэй. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд нарыг томилохоор Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болжээ. Үүнтэй зэрэгцэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад болон Швед улсын Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орлон суух Элчин сайдуудыг томилохоор өргөн барьжээ. Тухайлбал, Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар одоогийн Япон улсад суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Батжаргалыг улираан томилох нь зүйтэй гэж үзжээ. Харин Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболдыг томилохоор яригдаж байна.  Тэдний хувьд Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан, туршлагатай, Элчин сайдаар томилогдох нөхцлийг хангаж байгаа гэж үзжээ. Шведийн вант улсад суух Элчин сайд М.Энхсайхан болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахаар болсон. С.Баярын хувьд өөрийн хүсэлтээр Элчин сайдын ажлаа өгөхөөр болсон бөгөөд одоогоор АТГ-аас түүнийг саатуулаад байгаа юм. Түүний оронд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Элчин сайдаар Н.Тулгыг томилохоор болсон байна. Н.Тулга нь С.Баярыг томилогдохоос өмнө буюу 2013-2016 онд тус улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн  орнуудын газрын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Мөн Шведийн ванд улсад суух Элчин сайд М.Энхсайханыг гуравдугаар сарын 26-нд АТГ-т ирж байцаалт өгөх дуудах хуудас хүргүүлсний дагуу тэрээр ирж байцаалт өгөөд буцсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг эгүүлэн татаж, түүний оронд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийг томилохоор болжээ. Мөн Элчин сайд нараас  хамгийн их дуулиантай байгаа нь  БНСУ-д Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Б.Хурц. Б.Хурцыг томилох саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж БНСУ-д суух онц бөгөөд Элчин сайдаар томилохыг дэмжсэн юм. Гэвч БНСУ-ын талд Б.Хурцыг томилох саналаа хүргүүлсэн бөгөөд зөвшөөрсөн хариу ирвэл түүнийг томилох боломжтой юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих