ТАНИЛЦ: ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ХУВИЛБАР
Монгол Улсын Үндсэн хууль буюу эцэг хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцаж буй. Тэгвэл оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсэг төслийн заалт бүр дээр иргэд, судлаачдын санал, олон орны туршлага зэргийг нарийвчлан судлаж төслийн заалтуудыг томъёолж байгаа билээ.
Энэхүү төслөөр УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэн зарим онцгой эрхээсээ татгалзан эрх мэдлийн тэнцвэрийг хангах, шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах, шүүх засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг хөндөж байгаа юм. Мөн түүнчлэн мэргэшсэн төрийн албан хаагчийн ажлын байрыг баталгаажуулан улс төрийн шалтгаанаар болон сонгуулийн үр дүнгээр халахыг хориглох, орон нутгийн түвшинд хэт намчирхан улстөржих явдлыг хязгаарлах заалтуудыг оруулж байгаа юм.
Та бүхэнд хүргэж байгаа 2018 оны 4 дүгээр сарын 20-ны энэхүү хувилбарт улс төрийн намын санхүүжилт, намын чиг үүрэг, хариуцлагын талаарх заалтуудыг шинэчлэн томъёолсон байна. Ажлын хэсэг ойрын өдрүүдэд хуралдаж Монгол Улсын засаг захиргаа* нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой заалтуудыг хэлэлцэх болно.
URL: