АТГ-ын удирдлагууд дахин найман ажилтнаа халжээ
АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар ээлжит тушаалаа гарган дахин найман мөрдөгчөө ажлаас нь чөлөөлжээ.
Тэд өнгөрсөн долоо хоногт Гомдол, мэдээлэл хүлээн авах тасаг, хэвлэл мэдээлэлтэй харилцах албыг татан буулгаж найман ажилтнаа халсан юм. Гэтэл тус байгууллагын гол ажлыг “нугалдаг” мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудаа дахин цомхотгосон байна.
Ажилгүй болсон хүмүүсийн дунд Б.Хурцыг авлигын хэргээр мөрдөж байсан мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд багтсан нь сонирхолтой байгаа гэнэ. Тодруулбал, Мөрдөн байцаах хоёрдугаар тасгийн дарга байсан Н.Батзогсох, мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар, П.Шижир нарын албан хаагчдыг халсан байна. Мөн зарим нэгнийг нь албан тушаал бууруулжээ.
Мөрдөн байцаах хэлтсийн дарга байсан А.Эрдэнэбатыг судалгаа, шинжилгээний ажилтан болгосон байна. Албан ёсоор халсан ажилчдын тоо 16-д хүрээд байгаа гэнэ.
Хамтран ажиллах боломжгүй хэмээн өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн тоо 30 дөхөж явааг эх сурвалж мэдээлж байна. Тэдний оронд албыг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон тагнуулд ажиллаж байсан хүмүүсээс бүрдүүлж байгаа аж.
Д.Болор
URL: