Даварсан сайд Б.Батзоригт даруулга хэрэгтэй байна-II

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн сонорт: Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбараар тоглож, улсад их хэмжээний хохирол учруулж буй сайдыг анхааралдаа авна уу-

 f6f978ff45644920d3ed6637f2d1b85666dc0d8e

Төрийн албаар тоглосон нь

Томилогдсон цагаасаа төрийн албыг хувийн компани шигээ санан цөөн цөөнөөр тасралтгүй халаа сэлгээ хийсээр суугаа хүн бол ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сайд хийгээд сайдыг дагаж ирсэн хүмүүст таалагдаагүй, тэдний хэлснийг хийгээгүй, өмнөх сайдуудын үед хийгдэж байсан ажлыг үргэлжлүүлэхийг хичээсэн хүн бүхнийг толгой дараалан ямар нэг аргаар ажлаас нь халж, явуулж байгаа гэнэ. Тус яам хийгээд хүнс, хөдөө аж ахуйн салбарт бүх амьдрал, эрдэм мэдлэг, чадвараа зориулсан, тухайн чиглэлээр мэргэшиж, тулж түших эрдэмтэн, мэргэжилтэн байх эсэхээс үл хамааран явуулж, оронд нь Б.Батзориг сайдыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, өөр бусад ажил хариуцаж байхад нь цүнхийг нь барихаас эхлээд УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд сурталчилгаанд нь явж байсан хүмүүсийг ажилд томилсон гэнэ. Тодруулбал, Б.Батзориг сайдын ажлаа хүлээж аваад хамгийн түрүүнд хийсэн томилгоо нь тус яамны ерөнхий нягтланг ажлаас нь халж, оронд нь өөрийнхөө хүнийг тавьсан явдал юм. Дараа нь ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баяртулгыг өөрийнхөө сонгуулийн менежер, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Д.Энхбат гэх мэргэжлийн бус хүнээр сольсон байдаг. Энэ тухайгаа “Баяртулга гадаадад сургуульд сурах болсонтой холбоотойгоор өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн” хэмээн тэрбээр ярьдаг ч учир мэдэх хүмүүс “Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг овоо цэгцэнд нь оруулж байсан юмсан. Ажлаа өгөхөөс өөр аргагүй болгосон л доо” хэмээж байсан юм.

Түүнчлэн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Дондогдорж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга  болон бусад сангийн захирлууд, мэргэжилтнүүд гээд 10 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг ажлаас нь халж, оронд нь ихэвчлэн мэргэжлийн бус, туршлагагүй залуучуудыг томилоод байгаа билээ. Ингээд зогсохгүй Хуулийн хэлтсийн даргыг өргөдлөө өгөхийг удаа дараа шаардаж, шахсаар байгаад өгүүлсэн гэх яриа ч бий. Өөрөөр хэлбэл, төрийн ажлыг нэг бодлого, зарчимтайгаар үргэлжлүүлэн цөөнгүй жил хийж, салбартаа тодорхой хэмжээгээр үнэлэгдэж, чамгүй ажил хийсэн мэргэшсэн мэргэжилтнүүд сайд солигдсоноос болж ийнхүү хохирсон байна. Үүний цаана тус яамыг удирдаж буй хүнд улс эх орны нийтлэг эрх ашиг бус хувийн ашиг сонирхол байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

Б.Батзориг сайдын багаа бүрдүүлэх томилгооны талаар нэгэн эх сурвалж “Сайд солигдсон ч улсын томоохон ажлууд Засгийн газрын баталсан хийгээд төлөвлөсөн чиг шугамаар үргэлжилдэг байсан. Гэтэл Б.Батзориг сайд бол “Бүх зүйл минийхээр явна. Өмнөх сайд ямар ажил санаачилж, юу эхлүүлсэн нь хамаагүй” гэсэн. Түүний авчирсан ойр тойрных нь хүмүүс ч ялгаагүй яамны эгэл жирийн ажилчдад дээрэнгүй хандаж, болж өгвөл буруу мэдээлэл сайддаа өгчих гээд байдаг. Ажлаа мэддэг, Монголдоо ховорт тооцогдох мэргэжлийн хүмүүст л арай хүрч зүрхлэхгүй байх шиг байна. Түүнээс биш болж л өгвөл бүх салбар, хэлтэст шинэ хүн оруулчих гээд нэлээд үзэж байгаа. Дээр нь арай гэж цэгцэндээ орж байсан төсөл, хөтөлбөрүүдийг өөрсдийнхөөрөө хийнэ гээд гацаачихаад байж байгаа. Батзориг сайд сайдын ажлаа аваад багагүй хугацаа өнгөрсөн ч олигарх компаниудад давуу эрх олгосон 40 тэрбум төгрөгийн өвс, тэжээлийн хүүгүй зээл, тэдэнд зориулж Засгийн газарт зүтгүүлсэн гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай тогтоол гэх мэт өөрт ашигтай зүйлээс өөр олигтой юу батлуулсныг бид хараагүй л байна. Мэдээжийн асуудлуудыг ярьж байтал бүрэн эрхийнх нь хугацаа дуусч ч мэдэхээр байна. Монгол Улсын бодлого, төлөвлөлтийг бус өөрийнхөө төлөвлөгөөг яаманд хэрэгжүүлж, Батзоригийн яам болгосон гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй дээ” хэмээсэн юм.

Энэ бол түүний зөвхөн яаман дотроо хийж буй халаа сэлгээ. Үүнээс гадуур тэрбээр бусад яам, тамгын газар, агентлагуудад өөрийн гэгдэх хүмүүсээ шургуулж, төрийн албанд талын хүрээгээ өргөжүүлэхийг нэлээд чармайж яваа сурагтай. Халаа сэлгээ ч яах вэ, хийгддэг л юм байж. Хамгийн чухал нь ажлаа мэддэггүй, салбараа ойлгодоггүй, мэргэжлийн бус хүмүүс монголчуудын гол салбар болох хоол хүнс, мал, хөдөө, аж ахуйн салбарт юу хийж чадах юм бэ. Дээр нь тухайн салбарын урт хугацаандаа төлөвлөж, баримталж байсан бодлого, бодлогын ажлууд хэрхэх билээ. Гаднын олон оронтой хамтран ажиллахаар хэлэлцсэн төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаануудад ч өөрийнхөөрөө өөрчлөлт оруулж, түншүүдийн нүдийг орой дээр нь гаргахаа дөхөж байгааг салбарынхан нь ярьдаг. Түүнийг энэ салбарт цоо шинэ хүн биш гэдгийг уншигчид мэднэ. Өмнө нь тэрбээр тус яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэж явсан. Уг нь энэ салбарт юу хамгийн ихээр дутагдаж, үгүйлэгддэгийг хамгийн сайн ойлгож, мэдэж болохоор. Гэвч хамгийн гол нь түүнд сэтгэл алга бололтой.

Төрийн бодлогын залгамж халаа алдагдаж буйн наад захын жишээ гэхэд, Атрын III аян, Жимс, жимсгэнэ хөтөлбөр, Хүнсний ногоо хөтөлбөр гэх мэт томоохон хөтөлбөр, аянууд өдгөө нам жим болчихлоо. Дээр нь ажлаа мэддэггүй, мэргэжлийн бус хүн салбар удирдахаар юу болдгийн ганцхан жишээг хэлэхэд, өдгөөгөөс жил гаруйн өмнө Засгийн газраас баталсан Хүнсний ногоо хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд 720 хүлэмжийг өгснөөр дийлэнх нь үр ашиг  хүртэж эхлээд байгаа. Гэтэл өнгөрсөн сард Б.Батзориг сайд тус хөтөлбөрийн нээлтийг хийж, хүнсний ногоо тариалагчдад улаан лооль, өргөст хэмхний суулгац бэлэглээд зогсож байсан. Энэ нь өмнөхөө үгүйсгэж буйн тод жишээ яах аргагүй мөн билээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих