ЕБС-ИЙН 8214 ХҮҮХДИЙГ БИОЛОГИЙН ТУРШИЛТЫН ХУЛГАНА БОЛГОСОН УУ

olloo_mn_1524562374_147741“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх” нэрийдлээр Нийслэлийн гэр хорооллын 15 сургуулийн 8214 хүүхдэд Д витамин гэх зүйлийг албадан уулгаж, эмнэлзүйн биологийн туршилт хийсэн талаар эцэг эх багш эмч нараас тус байгууллагад гомдол иржээ. Гомдлын дагуу судалж үзэхэд энэхүү витаминыг албадан уулгах үйл ажиллагаа хоёр удаа хийсэн болох нь тогтоогдсон байна. Хүүхдүүд дээр туршилт судалгаа хийх ажлыг ЭМЯ олгож, БСШУСЯ хамтран зохион байгуулж ажилласан болох нь баримтаар нотлогдсон хэмээн мэдээлсэн юм.

“Эрүүл мэндийн үүсгэл” ХХК гэх компани нь ЭМЯ-аас зөвшөөрөл аваад БСШУСЯ-тай хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагдаж хүүхдүүдэд туршилтын витамин шахах үйл ажиллагаагаа 2015 оны хоёрдугаар сараас эхлүүлж долоо хоног тутам нэг тун Д витаминыг хүүхдүүдэд өгч байжээ. Ингэж өгөхдөө араас нь ус уулгаж, уусан үгүйг нь шалгаж амыг нь нээдэг байсан ч гэх мэдээлэл байгаа юм. Иймд хохирсон хүүхэд эцэг эхчүүд болон, хохирч болзошгүй эцэг эхчүүдийг оролцуулан цаашид жагсаал цуглаан зохион байгуулж тэмцэхээ мэдэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийт эцэг эхчүүд анхааралтай байж, Д витамины туршилтад хүүхдүүдээ оруулахгүй байх, мөн хохирсон хүүхэд байвал манай байгууллагад хандахыг хүсэв.

Энэ талаар “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Б.Алтанжолоо  “Уг баримтад тулгуурлан ЭМЯ, БСШУСЯ болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд “бага насны хүүхдэд хийж буй сүрьеэгийн эмийн туршилтыг зогсоож, тайлбар ирүүлэхийг шаардсан бичиг” хариуцсан яамдад өгсөн. Тиймээс “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” гэсэн энэ туршилт судалгааны төслийг нэн даруй зогсоох, хүүхдийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг судлан тогтоох, баримтжуулах шаардлагыг бид Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын даргад хүргүүлнэ” гэлээ.

“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Ц.Эрхэмбаатар “Анх “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” ХХК нь 10 мянган хүүхдэд судалгаа хийсэн. Үүнийгээ сүрьеэгийн далд хэлбэрийн тархалтыг судлах судалгаа гэж нэрлэсэн байсан. Энэ хүрээнд 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс цусны шинжилгээ хүртэл авсан байдаг юм билээ. Шинжилгээгээр эрүүл гарсан хүүхдүүдэд энэ Д витамин гэх энэ зүйлийг шахаж уулгасан байдаг.

Манай эгчийн хүүхэд энэ вакцинд хамрагдан туршилтад орж хохирогч болсон. Биед нь сөрөг нөлөө үзүүлж, өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг хүргэж гэсэн юм. Туршилтад орохоос өмнө манай дүү цоо эрүүл хүүхэд байсан. Гэтэл туршилтад хамрагдсаны дараагаас эхлэн уушги нь байнга өвддөг, нүд нь ойр ойрхон анивчдаг, бие бялдар нь үлбэгэр, сулбагар болчихсон. Тиймээс вакцинд хамрагдсан хүүхдүүдийнхээ бие байдлыг нь анхаараад ажиглаад үзээрэй” гэсэн юм.

Хэвлэлийн хурлын дараа “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” компаниас хариу болгож дараах мэдэгдлийг гаргажээ.

“Монголын Эцэг эхчүүдийн Үндэсний зөвлөл”-өөс хийсэн хэвлэлийн бага хурлын дагуу дараах мэдэгдлийг хүргэж байна.  Нийслэлийн сурагчдыг Сүрьеэгийн далд халдвараас хамгаалахад Витамин Д нөлөө судалгааны арга зүй нь АШУҮИС Эрдмийн зөвлөлөөр батлагдаж ЭМЯ, Ёс Зүйн хороогоор зөвшөөрөгдсөн албан ёсны судалгаа болно. Энэхүү судалгааны арга аргачлал ба ёс зүй нь олон улсын стандартад нийцсэн болохыг албан ёсоор мэдэгдэж байна.Судалгаанд хэрэглэгдэж буй бэлдмэл нь АНУ GMP стандартыг хангаж АНУ-д үйлдвэрлэгдсэн ба Монгол Улсын МХЕГ лабораторид шинжлэгдсэн. Судалгааг дунд сургуулиуд дээр хийж байгаа тул мөн БСШУСЯ хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан болно. Энэхүү судалгаанд хамрагдаж буй 16 сургуулийн сурагчид нь 2015 -2016 оны хичээлийн жилд харагдсан ба судалгааны ёс зүйн дагуу асран хамгаалагч нар болон оролцогч хүүхдүүдэд судалгааг танилцуулж албан ёсоор зөвшөөрөл ба гарын үсгийг авч сайн дурын үндсэн дээр хийгдэж буй судалгаа болно.

Судалгаанд хамрагдсан 9814 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх шинжилгээг хийхэд нийт сурагчдын 10 хувьд сүрьеэгийн далд халдвар авсан нь илэрсэн бөгөөд дараагийн шатны илрүүлэлтийг хийхэд 129 хүүхэд идэвхтэй сүрьеэгээр өвдсөнийг илрүүлж холбогдох байгууллагуудтай хамтран сүрьеэгийн эмчилгээнд оруулаад байна. Монгол Улс нь сүрьеэгийн өвчлөлөөр ази номхон далайн бүсийн 37 орноос эхний 4 байранд ордог ба Глобаль сан ба ДЭМБ хийсэн 2015 оны үндэсний хэмжээний анхны томоохон сүрьеэгийн тархалтын судалгаагаар 15 дээш насны иргэдийн дунд халдвартай хэлбэрийн тархалт тооцоолж байснаас 3 дахин өндөр буюу 100.000 хүн амд 567 гарсан нь сүрьеэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн маш ноцтой асуудал болсныг нотолсон юм. Хүүхдийн дундах сүрьеэгийн өвчлөл дээр дурдсан насанд хүрэгчдийн дундах өвчлөлөөс өндөр байх магадлалтайг манай судалгаа нотлоод байна. Энэхүү судалгааны эхний үр дүнд үндэслэн хүүхдийн дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаад үндэслэн Сүрьеэгүй УБ аяныг тус байгууллагаас санаачлан УБ хотын ЭМГазартай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчдад анх уулзахаар ирэхэд нь холбогдох мэдээллийг өгсөн боловч зориуд мушгин гуйвуулж мэдээлэл хийж байгаад харамсаж байна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих