Д.Сарангэрэл сайд аа, газрын даргын томилгоогоо эргэн хараач

5ade8e382a9708.36145026Бид “Х.Энхжаргал дарга аа, эмнэлгийн дарга нарын ХОМ-ийг ил болгооч” нийтлэлээрээ ядруухан төсөвтэй улсын эмнэлгүүдийн дарга нар хэрхэн тэрбумтан мэт аашилж, Монголын толгой баячуудын тоонд орох болсны учрыг холбогдох албаныхан шалгах ёстой гэдгийг хөндөн бичсэн.

Өнөөдөр Монгол Улсад эмчлэгдэхгүй өвчний жагсаалт нэмэгдсээр байгаа. Үүнийг дагаад өвчтөнүүд зайлшгүй гадагш явж эмчлүүлэх шаардлагатай болдог. Гэтэл эмчлүүлэх зардал хамгийн багадаа 100 сая төгрөг болдог тул зайлшгүй гадагш явах ёстой хүмүүсийн 80 гаруй хувь нь мөнгөгүйн улмаас үхлээ хүлээхээс өөр аргагүй болдог нь хатуу үнэн.

Хамгийн гол нь, эмнэлгийн байгууллага яагаад эдгээр өвчнийг дотооддоо эмчилж чадахгүй байна вэ гэхээр ердөө л өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг авч чадахгүй гэсэн хариулт өгдөг. Тэгвэл нөгөөх бөөрний дутагдал, хорт хавдрын эрт илрүүлэх төхөөрөмж нь монгол мөнгөөр 150 сая төгрөгөөс эхэлдэг бол өндөр хүчин чадалтай нь тэрбум төгрөг ч хүрдэггүй. Мэдээж улсын эмнэлэг, төсвийн байгууллага, өнөөгийн эмч нарын цалинтай харьцуулбал энэ нь тун өндөр хэмжээ юм шиг хэр нь яг эмнэлгүүдэд зориулагдсан төсөвтэй дүйцүүлэхэд яг боломжийн байдгийг бид цуврал нийтлэлээрээ илчлэн гаргах болно.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр төрөөс эрүүл мэндийн салбарт зарцуулдаг мөнгө бага биш. Харин эмнэлгийн дарга нар, эрүүл мэндийн удирдах байгууллагын томчуулын идэж уудаг нь хэрээс хэтрээд байгаад л гол учир оршино. Тиймээс бид хорт хавдар илрүүлэх, эмчлэх, бусад өвчнийг хямд өртгөөр дотооддоо илааршуулж болох хэчнээн тоног төхөөрөмж, хэдэн эмч, сувилагчийн цалин хөлсийг хэдий тооны дарга нар идэж, хувьдаа завшсаныг олон нийтэд хүргэхээр зэхсэн билээ.

Уг нь энэ Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдуудаа хариуцсан ажилдаа эзэн болж, сахилга дэг журмыг чандлан тогтоож, төрийг албыг хувийн ашиг сонирхолын хэрэгсэл болгохыг санаархдаг хүмүүсээс цэвэрлэх, авлига хээл хахууль, хүнд суртал, шударга бустай хатуу тэмцэж, хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгосон.

Ийнхүү эрүүл мэндийн салбарыг маань удирдах сайд томилогдохдоо “Би энэ салбарт эхийн сэтгэлээр, эмчийн хандлагаар хандаж ажиллана. Засгийн газарт эрүүл мэндийн салбарт менежер хийж зүтгэнэ. Хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэх шиг ариун үйлс байхгүй. Би эрүүл мэндийн салбарт реформ хийнэ” гэснийг эрүүл мэндийн салбарынхан, ард иргэд маш таатай хүлээж авсан. Сайд томилогдсноосоо хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг ард иргэд нааштай хүлээн авч итгэл найдвар өгч байгаа нь үнэн.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ЭМЯ доторх томилгоо олон нийт, салбарт насаараа зүтгэж буй эмч, эмнэлгийн байгууллагынхны эгдүүцлийг төрүүлэх болоод уджээ. Үүнээс нэн түрүүнд Бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилогдсон Р.Оюунханд хэмээх хүний тухай бичихээр шийдсэн юм.

Эрүүл мэндийн салбарынхны хэлж буйгаар, тэрбээр мэргэжлийн бус нэгэн бөгөөд ур чадвараараа энэ албыг удирдах хэмжээний хүн биш ажээ. Тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Г.Шийлэгдамбын үед яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Түүний өмнө Геронтологийн төвийн даргаар ажиллаж байсан аж. Хамгийн гол нь тэр үед төрийн албаны шалгалт өгөөгүй яамны томоохон албан тушаалыг хашиж чадсан сүйхээтэй нэгэн бололтой.

Өмнөх парламентийн үед тэрбээр Г.Шийлэгдамба сайдын баруун гар байсан гэдгийг Эрүүл мэндийн яамныхан ярьдаг. Хамгийн ноцтой нь, Г.Шийлэгдамбыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр байцаах үед цуглуулсан хавтаст хэрэг дотор Р.Оюунхандын гарын үсэгтэй, дээрх хэрэгт онц ач холбогдолтой чухал албан бичгүүд байжээ. Тухайлбал, олон жил яригдаж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилт 2014 онд шийдэгдсэн ба энэ хүрээнд шалгаруулсан тендерийн тухай албан бичиг БНХАУ-ын “HUAWEY” компани руу Р.Оюунхандын гарын үсэгтэй явсан байсан гэх яриа бий. Энэ асуудал маш их хэл ам дагуулсан ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй өнгөрсөн.

Гэтэл Д.Сарангэрэл сайд чухам юуны учир ийм асуудалтай хүнийг яамны томоохон албан тушаалд томилсон бэ гэдэг нь анхаарал татаж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр гадаадад сурах болсон эмч нарт харъяа эмнэлгийн дарга нар нь “Та нарын асуудлыг Оюунханд дарга л хөөцөлдөж, сайдаар шийдвэрлүүлсэн шүү” гэж анхааруулсан байх юм.

Өнөөдөр төрийн ажил урагш явахгүй байгаагийн нэг шалтгаан нь иймэрхүү тал тохой татсан томилгоо. Аз дайрч нөгөө хүн нь чадварлаг менежер байвал яая гэх вэ. Гэтэл ихэнх тохиолдолд төрийн албаны шалгалтыг аргацааж өнгөрөөсөн, чадвар туршлагагүй нөхдүүд анхаарал татам хөшүүргээр төрийн албыг авч байна. Үр дүнд нь төр данхар бүтэцтэй ч үр дүнгүй ажиллаж, харин чадварлаг боловсон хүчнүүд өөрсдийг нь шударгаар үнэлэх харь орныг зорьж байгаа нь нууц биш.

Д.Мөнх

http://erennews.mn


URL:

Нэр: Хөөрхий Огноо: 30 April 2018

Нямдоржийн зальт хонгор юугаа мэдэх вэ! Цавиа л маажна. Хүрэл топорын байж байгаа ч дээ, чааваас!

Сэтгэгдэл бичих