“Саруул” хороололд гарсан осолд хэн буруутай вэ?
Барилга бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед долоо хоногийн дотор гурван ч осол гарав. “Алтай констракшн” компанийн Баянзүрх дүүргийн XХVI хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Саруул” хорооллын В7 блокийн барилгаас өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 22-ны 12:00 цагийн орчим осол гарсан байна. Энэ үеэр барилгын есөн давхраас хүн унаж нас баржээ. Түүнчлэн энэ сарын 16-нд тус барилгын ажлыг гүйцэтгэж байсан кран унаж “Приус” маркийн гурван автомашиныг дарахын сацуу гадаадын нэг иргэн гэмтсэн тухай мэдээлэл бий. Мөн тус хорооллын 112 дугаар байранд гал гарч түймрийн улмаас 27 настай эмэгтэй нас барсан. Ийнхүү “Саруул” хорооллыг тойрсон хэл ам тасраагүй байна. Анх осол гарсны дараа тус барилгын ажлыг бүрэн зогсоосон гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс хэлэхдээ “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар тухайн осол гарсан барилгын ажлыг зогсоох арга хэмжээг авсан байх учиртай. Гэтэл өнгөрсөн ням гаригт дахин осол гарлаа. Ингэхдээ тухайн осолдогч барилгын зүүн урд талын тагтаар ууталсан хогийг тагтны хашлага давуулан шидэх үедээ өөрийн хүчинд дийлдэн унахад бэхжээгүй тагтны хашлага хийц цөмрөн доош унасан байдалтай байсан. Тиймээс тагтыг барихдаа технологийн алдаа гаргасан байх магадлалтай. Учир нь тагтыг ямар ч бэхэлгээгүй, дүүргэлтийн тоосгоор өрж хийсэн байна лээ. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа болохоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Барилгын ажил эхлэхээс өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын компаниудад мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын стандарт болон холбогдох хууль дүрмийг мөрдөж ажиллахыг анхааруулжээ. Түүнчлэн барилгын салбарт гарсан зөрчил дутагдлыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гарган хаах хүртэл арга хэмжээ авч болох бөгөөд зөрчлийг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй байсан гэдэг. Харин шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан тохиолдолд хуулийн байгууллагаар асуудлыг шийддэг болсон нь нэг талдаа хяналтын байгууллагын хүчийг сулруулж буй хэрэг гэдгийг зарим судлаачид тайлбарлаж байв. Өмнө нь Мэргэжлийн хяналтын байгууллага зөрчил гаргасан даруйд нь үйл ажиллагааг нь зогсоож мэдэгдэл, шаардлагын биелэлтийг хянадаг байсан ажээ.
“Алтай констракшн” компанийн “Саруул” хорооллын В7 блокийн барилга дээр энэ сарын 16-ны гарсан ослыг БЗД-ийн нэгдүгээр хэсэгт эрүү үүсгэн шалгаж буй аж.
Тус компанийн ерөнхий инженер Т.Болор-Эрдэнэ “Нийслэлийн мэргэжлийн хяналтаас мэдэгдэл хүргүүлснийг би гарын үсэг зурж авсан нь үнэн. Гэхдээ манай компани хөдөлмөр аюулгүй байдлыг хангахгүйгээр ажлаа эхлүүлдэггүй. Тухайн мэдэгдлийн дагуу аюулгүй байдал, чанар стандарт гээд шаардлагыг биелүүлсэн. Энэ удаагийн осол шаардлагыг биелүүлээгүйгээс эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байдлаас болоогүй. Осолтой холбогдуулан мэргэжлийн байгууллагууд дүгнэлт, мэдээллийг гаргаж байгаа учраас тайлбар өгөх боломжгүй” гэсэн юм.
Тухайн барилгын захиалагч нь “Алтай констаркшн” компани боловч ерөнхий гүйцэтгэгчээр “Гранд констракшн” компани ажиллажээ. Тус компанийн захирал Н.Ариунсанаа “Манай компани тус хороолол дээр гүйцэтгэгчээр ажилласан. Ерөнхийдөө ажил дууссан ч бага зэрэг цэвэрлэгээний ажил үлдсэн байсан юм. Гэхдээ тэр өдөр ажиллах ёсгүй байсан. Тухайн үед надад хэлэлгүйгээр ажлаа гүйцээх санаатай 3-4 хүн очсон юм билээ. Тэгээд л ийм гэнэтийн юм болчихлоо. Тэр үед нь ямар процесс болсныг хэлж мэдэхгүй байна. Одоогоор хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас юунаас, ямар осол болсныг тогтоох байх гэж найдаж байна” гэлээ.
Сүүлийн жилүүдэд барилгажилт өрнөж буйтай холбоотойгоор энэ салбарт гарах ослын тоо төдийлөн буураагүй гэдгийг статистик тоо харуулж буй. Тухайлбал, 2015 онд барилгын салбарт 34 осол гарсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 болж буурсан байгаа юм. Гэхдээ аль ч салбарт осол огт гарахгүй байх учиртай тул ослын тоо буурч байгаа талаар мэдээлэх нь зохистой зүйл биш гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.ОЮУНЧИМЭГ
URL: