Х.Баттулга: Үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээсэн ёс зүйгүй үйлдэлтэй эвлэрэхгүй

19990Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа.

Албан бичгийн хувийг Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил тэмцлийг арилгах тухай Е/06 дугаартай албан бичигт:

“Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай

Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан зөрчил, тэмцэл эрсдэлт хэмжээнд хүрч даамжран, бөхчүүд төдийгүй, бөх сонирхогчдыг хүртэл талцан тэмцэлдэхэд хүргэж байна. Энэ зөрчилдөөнийг даган үндэсний уламжлал, ёс заншил, хүндлэл, жудаг, журмыг умартсан бусармаг үйлдэл, үйл ажиллагаа хэм хэмжээнээс хэтрэх боллоо.

Үндэсний бөхийн асуудал бол зөвхөн бөхчүүдийн болон бөхийн холбоонд хамааралтай хүмүүсийн асуудал биш. Бөх бол үндэсний их өв соёл, түүхэн уламжлал, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн спорт. Өнө эртнээс улбаатай, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Төрийн их баяр наадмын цөм болдог үндэсний бахархалын нэг юм.

Гэтэл хэсэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалын төлөө ард түмний хүндлэл, бишрэлийг үл тоон үндэсний их өв соёлыг гутаах хорон муу үр дагавартай, зүй бус аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь уучлан тэвчих аргагүй үйлдэл юм. Цагдаагийн байгууллагаас Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан тэмцлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар надад мэдээлэл, баримт материал ирүүлсэн. Нөхцөл байдал маш эрсдэлт хэмжээнд очсон, хүний амь нас эрүүл мэнд ноцтой эрсдэлт орохоор хэмжээнд хүрч хурцадсан байна.

Миний бие төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгтний хувьд Үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээсэн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй бөгөөд нийгмийн хэв журам болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Цаашилбал гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ёс зүйгээ умартсан улсын цолтой бөхчүүдийн цолыг ч бүрэн эрхийнхээ хүрээнд цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.

Төрийн бус байгууллагын тухай хуульд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулж, ашгийн төлөө бус ажилладаг байгууллагыг төрийн бус байгууллага гэж тодорхойлсон. Мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг тодорхой салбараа хөгжүүлэх, зорилтот бүлэг, давхаргынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг.

Монголын Үндэсний Бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд үндэсний бөхийн спортыг шударга зарчмаар хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ард түмний хүндлэл бишрэлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний чиг үүрэг хүлээж ажиллаж ёстой.

Харамсалтай нь Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдан зөрчилдөж байгаа талуудаас өнөөдрийг хүртэл зорилго, зорилт, хөтөлбөрөө танилцуулсан бодлогын дорвитой өрсөлдөөн гарсангүй.

Иймд та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя.

Хэрэв “Их эе” хуралдаанаар асуудлаа нэгмөр шийдвэрлэхгүй, хууль бус зөрчил, гэмт үйлдлийг гааруулж, үргэлжлүүлэх тохиолдолд Бөхийн Өргөөг улсын өмчлөлд хураан авч, ёс зүйгүй бөхчүүдийн улсын цолыг хураах, төрийн их наадам, мөн цагаан сарын барилдаанд барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээг авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя. Төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно.

Та бүхэнд эвлэрэл, ойлголцлыг хүсье” гэжээ.


URL:

Нэр: zochin Огноо: 24 April 2018

Хураана, хураана л гэх юм.Цолыг нь хураагаач, Юу хүлээгээд байгаа юм бэ

Сэтгэгдэл бичих