МОНГОЛБАНКНЫ АЛДАГДАЛ 254 ТЭРБУМД ХҮРЧЭЭ
- Мөн 2008-2010 оны Төсвийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлээгүй байна -
Монголбанкны өнгөрсөн оны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас шалгалт хийжээ. Аудитын шалгалтаар Монголбанк өнгөрсөн онд 2.4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийг орлогод авсан хэмээж, санхүүгийн тайлангийн тодруулгаар 4.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийн худалдан авалт хийснээр тайлагнасан байж. Үндсэн хөрөнгийн санхүүжилтийн дансаар дамжуулан хийсэн 2.1 тэрбум төгрөгийн худалдан авалтын орлого зарлагын гүйлгээг давхар оруулан тооцсоноос ийм дүн гарсан байна. “Дээрх байдлаас үзэхэд Монголбанк нягтлан бодох бүртгэлийн журам, бодлогыг шинэчилж, программ хангамжийн уялдааг сайжруулах шаардлагатай” гэж аудитчид дүгнэжээ.
Монголбанк улсын төсөвт жил бүр таван тэрбум төгрөг оруулахаар 2008-2010 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан байдаг. 2007 онд 7.1 тэрбум, 2008 онд 29.4 тэрбум, 2009 онд 35.1 тэрбум төгрөгийн тус тус ашигтай ажилласан бол өнгөрсөн онд 254 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг аудитчид тогтоожээ. Гэвч Монголбанк ОУВС-д төлсөн 4.6 тэрбум төгрөгийг эс тооцвол 2008-2010 оны Төсвийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Монголбанкны тухай хуулийн 38 дугаар зүйлд “цэвэр орлогын 40-өөс доошгүй хувийг ерөнхий нөөцийн санд хуваарилсны дараа үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх”-ээр заасан нь Монголбанк улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлжээ гэж Үндэсний аудитын газар дүгнэжээ. Мөн үүнийгээ тус банкинд зөвлөмж, УИХ-д асуудал болгон тавьсан байна.
Ж.ЗОГЗОЛМАА
URL: