Загасчин загасчнаа алсаас таньдаг

19950

Би “цус судлаач” биш л дээ. Гэхдээ саяхан энэ үгийг сонсоод үнэнийг айхтар агуулжээ гэж бодогдов. Үзэн ядалт, хагарал, талцал арай л хэтийдээд үнэнийг хэлэхэд өөрсөдрүүгээ нулимаад байгаагаа анзаарч байгаа нь хэр юм бол доо гэж бодох минь сүүлийн үед бүр ихсэв. Тиймээс л тав гурван үг дэмий холбож сууна.

Ал, яргал, өлгө, шоронд хатаа… гэдэг үгс нийгмийн сүлжээгээр л нэг цутгах нь бүр ч хирдхиймээр. Яавч монгол хүний мөн чанараас гарах үг биш гэж санагдана.

Хамгийн сүүлийн үзэн ядалтын шуугиан бөхийн өргөө тойрч, бөхчүүд харгалдаад булайгаа тарьцгаав уу даа. Хэний ч хаяад байгаа яс, тавиад байгаа жүжиг юм. Хэн нэгэнд л хэрэгтэй байгаа нь дамжиггүй. Тэрнээс бөхчүүд арай ч “тэгэх” дээрээ тулчихаагүй гэж итгэнэ. Жудаггүй… адгийн… муухай… үгийн муугаар булагдав. Аварга гишүүд “алалцаад” ч байгаа юмуу, реалити шоу шоу юүхэв. Адаг сүүлд нь бүгд л бөхөө үзэн ядаад дуусах шив. Угаасаа ч жудаг журмаа “гишгэж” дэвжээн дээр шоу тавьсаар удаж байгааг хэлэх үү, даарин дээр давс болов.

Эрийн гурван наадмаас элдэв цол зүүгээгүй нь сур л үлдэж байна. Мөдхөн энэ янзын шоунууд ар араасаа цуварч хагаралдаан маргаан булхай булай болохыг үгүйсгэх юм алга. Муу ёрлож байгаа юм биш. Ерөөсөө хагалж болох, муухай болгож болох, үзэн ядуулж болох, өөрөө өөрсдийгөө үгүйсгэн уурсаж болох юу л байна тэр бүхний идеа санааг үйлдвэрлээд элэг нь хөших гээд сууж байгаа “эзэд” байдгийг гадарлахын учир хар сэрээ хуваалцаж байна.

Магадгүй араб адуу оруулж ирэх нь монгол эрийн санаа биш байх гэмээр. Магадгүй замбараагаа алдсан бүхний цаана “хатгаас” байдаг ч юм билүү.

Хот хөдөөгөөрөө дуудалцаж ирээд л өөрсдөдөө орк гэдэг нэр өгчихсөн, юу ч гэмээр юм дээ. Бөгжний эзэн кинон дээр гардаг үзэшгүй царайтай бүдүүлгүүд. Яагаад хөдөөгөө бүр ингэтлээ үзэн ядах ёстой билээ, бид чинь… Ядаж л монгол хүнд амны бэлэг гэж нэг юм бий дээ. Хаана гээгдчихэв ээ? Болох болохгүй бүхнийг адагчлан туйлширч, өөрсдийн уг язгуур байж болох бүхнээ үгүйсгэж суух нь зөв үү?

Би гаднын одуудыг мэднэ, сонсоно, биширнэ. Гэхдээ монгол дуундаа л хамгаас дуртай. Адараа, Банзрагч, Дашням, Самбуу, Нансалмаа, Түмэндэмбэрэл, Хоролсүрэнг сонсож өссөн миний үеийнхэн ардын дууны улбаагаа “хөдөөнийх” гэж чичлэх нь яасан чиг гунигтай вэ дээ. Цагаа дагаад дуулдгууд нь өөрчлөгдөж. Тэр зах зээл нь шүүдэг юм бол шүүгээд л явах байлгүй. Адалж суугаа нь л жинхэнэ нөгөө орк нь юмуу даа.

Энэ мэт үзэн ядалт, хуваагдлыг хэн эхлүүлж, ёозгүй нэр томъёонууд “үйлдвэрлэдгийг”, хэн цааш нь салхи тавьж хөөргөддөгийг нийтээрээ мэддэггүй нь гачлантай.

Төрлүүгээ үгийн мууг үргэлж чулуудах өнөөдрийн хандлагын уг угшил хаанаас, юунаас хаясан шидсэн, шидсээр байгаа чулуу вэ? Болохгүйг нь зөвшөөрөөд дуугүй суух ёстой гэж байгаа юм биш. Гэвч захаас аваад л сураг төдийгөөр шуурч харааж суугаа нь хэрэг дээрээ өөрсдийгөө л хараахаас өөрцгүй. Цаг дээрээ өөрчлөх боломжоо худалдчихаад байгаа ард түмэн шүү дээ, бид.

Монголыг сэтгэлийнхээ ёзоороос үзэн ядагчид, туйлын үзэлтнүүдийг анзаараад байхад, монголыг хорлож байгаа ил далд нөхдүүдийг хараад байхад атигар голдуу байх нь “сонин”. Хагалах, хорлох үг сэтгэлээрээ ижилсэн “ХУАРЛАЖ” харагдах нь их. Ямар сайндаа загасчин загасчнаа алсаас таньдаг гэх үг тэгтлээ үнэн санагдахав.

Үндэсний байж болох бүхнээ үгүйсгэн үзэн ядаад дуусч байх шиг. Адаг сүүлд нь алдаг л болчихвол бүх юм зөв болчих юм байх. Хэн ч тийм юм зөвлөөд суудаг юм гэж ч бодох шиг.

Алъя гэж дайрахаасаа өмнө өөрсөдрүүгээ ахиад нэг хар даа. Бидний мөн чанар бол язгуураасаа нэгдэж чаддаг гэдгийг олон зүйл харуулсаар, улам баталсаар байна. Өвчтэй нэгэндээ туслах гэж өөрөөсөө харамлан илүүчлэх өгөөмөр сэтгэлээр бид БАЯН. Зовсон нэгний төлөө зориод цуглах, цуглуулах нинжин сэтгэлээр бид БАЯН. Сэтгэл зүрхээрээ цуглаж, цуглуулж чадаж байгаагаа хар даа. Энэ бол бидний мөн чанар. Гагцхүү бидэнд эвлэж нэгдэхийн нэгэн зүг л хэрэгтэй байна.

М.Наранбаатар


URL:

Сэтгэгдэл бичих