Бохирдон эмгэнэж буй Хужиртын гол
“Хужирт рашаан сувилал” удаа дараалан зөрчил гаргаж, үүнийгээ тоохгүй, хуулийн дээгүүр гишгэн дураараа авирлах болсоноор дэлхийд гайхагдсан Хужиртын халуун рашааны ундарга бохирдож, цаашдаа нөөц нь багасах аюул нүүрлээд байгаа юм. Тус сувилалын газрыг хувьчлагдахаас өмнө буюу 2000-гаад оны үед улсын зардлаар 50 сая төгрөгийн цэвэрлэх байгууламж барьсан байх бөгөөд тэр нь тухайн үед сувилалд ирж байсан 2000-гаад хүнд зориулагдсан байж. Гэтэл өдгөө “Хужирт рашаан сувилал” жилд 20 мянган хүн хүлээж авдаг болжээ. Тиймээс хуучирч муудсан цэвэрлэх байгууламж нь энэ олон хүний ачааллыг даахгүй бохироо гадагш нь урсгаад байгаа юмсанж. Тус сувилал нэг хүнийг өдөрт доод тал нь 40 мянган төгрөгөөр сувилдаг гэж бодоход жилдээ найман тэрбум төгрөг, дээр нь улсаас 20 мянган хүний санхүүжилт авдаг гэж бодвол нийт 10 тэрбум төгрөг халаасалж байх жишээтэй. Ийм их мөнгө ууталж байгаа мөртлөө ганц сайхан цэвэрлэх байгууламж барьчихаж яагаад болдоггүй юм бол доо. Харь хүний сэтгэлгээгээр ахиухан мөнгө халааслахыг л урьтал болгодог, харин тухайн нутаг орны гол ус бохирдож байна уу, ширгэж байна уу, тэдэнд огт хамаагүй бололтой.
Их аварга Д.Дагвадоржийн фб хуудсандаа оруулсан постны хар мянган сэтгэгдэл дунд “Сэмжид, Ананд хоёр сувилалаас бусад нь бүгд бохир усаа гол руу урсгадаг” гэсэн сэтгэгдэл хэд хэд явж байна. Гэвч үүн шиг худлаа юм байхгүй. Энд бас л тархи угаалт явагдаад байна. Ухаандаа дээрхи хоёр рашаан сувиллын хүмүүс ийм сэтгэгдэл бичиж, хүмүүсийг зориуд төөрөгдүүлсэн байх жишээтэй. Үүнд харин их аварга хууртах хэрэггүй. Хамгийн гол нь мэргэжлийн хүний дүгнэлт хэрэгтэй.
Өнөөдөр Хужиртын энэ олон рашаан сувилалууд дотроос дотооддоо цэвэрлэх байгууламж хийсэн ганцхан сувилал байдаг бөгөөд тэр нь “Элма Хужирт” юм байна. Үүнийг би бээр саяхан Хужирт явахдаа нүдээрээ үзэхийн сацуу мэргэжлийн хүмүүсийн амнаас бас сонслоо.
Тэд өгүүлэхдээ: “Хамгийн гол зөрчил бол “Хужирт рашаан сувилал”-ын 2000 оны эхээр суурилуулсан цэвэрлэх байгууламж нь ерөөсөө засвар үйлчилгээ хийгдээгүй, өнөөдрийн байдлаар ачааллаа даахгүй, ямар ч цэвэрлэгээ явагддаггүй. Тийм учраас рашаан сувилалаас гарч байгаа бохир ус шууд гадагшаа хальж урсаад гол руу нийлдэг. Наана нь нэг сараалжин төмөр тавьчихсан. Тэнд нь хог цаас мэтийн механик хольцууд жаахан шүүгддэг. Гэхдээ цэвэрлэгээний ямар ч үйл ажиллагаа байхгүй. Бид хөрснөөс нь хоёр янзын шинжилгээ авсан. Гэтэл бодитой байх ёстой стандартаас 2-5 дахин илүү бохирдолтой гараад байгаа. Өөр нэг асуудалтай юм гэвэл рашаан болон цэвэр усны худагуудад усны тоолуур байхгүй. Ямар хэмжээний рашаан, цэвэр ус авч хэрэглэж байгаа нь мэдэгдэхгүй. Мөн ус рашааны хамгаалалтын бүсэд цэвэрлэх байгууламжийн бохир усаа хадгалдаг. Энэ бол маш аюултай. Тиймээс бид “Хужирт рашаан сувилал”-д албан шаардлага өгсөн. Бохир усны өтгөн тундас хэсгийг жаахан тогтоож аваад бусдыг нь шууд гол руугаа хаячихаж байна. Энэ нь халдварт орчин бүрдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс орчин үеийн стандартад тохирсон цэвэрлэх байгууламж барих ёстой гэсэн асуудал тавьсан. Харин “Хужирт рашаан сувилал”-ын зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг “Элма-Хужирт” рашаан сувилал нь 82 сая төгрөгөөр хамгийн сүүлийн үеийн цэвэрлэх байгууламж барьсан байна лээ. Тэр нь механик болон биологи цэвэрлэгээ давхар хийдэг гайгүй дэвшилттэй технологи юм билээ… “ гэсэн юм.
Энэ бол сайны дохио… Гэвч “Элма Хужирт”-аас бусад рашаан сувилалууд яагаад бохир усаа гол руу урсгаад байна аа. Энд ерөөсөө л сэтгэл дутаж байна. Ялангуяа Хужиртын шидэт усаар жилдээ найман тэрбум төгрөг халаасалж суудаг “Хужирт рашаан сувилал”-ын удирдлага сэхээрэл авах цаг нэгэнт болжээ. Тус рашаан сувилалд 2003 онд баригдсан цэвэрлэх байгууламж нь өнөөгийн удирдлагатай нь ямар ч холбоогүй. Харин үүнийг барьж байгуулсан хүн нь тухайн үед “Хужирт рашаан сувилал”-ын даргаар ажиллаж байсан, одоо бол “Элмэ Хужирт”-ын захирал Д.Гэрэлмаа юмсанж. Юм үнэнээрээ сайхан. Хийсэн бүтээсэн юмтай хүн хаана ч, хэний ч өмнө зоригтойгоор үгээ хэлдэг. Чухам энэ л үүднээс “Элма Хужирт”-ын захирал Д.Гэрэлмаагаас товчхон яриа авсан юм. Тэр өгүүлэхдээ:
-Би “Хужирт рашаан сувилал”-д он удаан жил ажилласан Санжаа гэдэг сайхан эмчээс ажлыг нь авч байсан юм. Тэр үед энэ амралт бохироо зүгээр л бохирын машинаар татаж асгадаг байлаа. Тэгж байтал бохирын машин нь эвдэрчихлээ. Тэр үеэс надад байгаль орчинд ээлтэй хандахгүй бол сүүлдээ бохир нь хальж асгаад аюул болох нь байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Тэгээд цэвэрлэх байгууламж хийх санаа төрж, үүнийгээ мэргэжлийн хүмүүстэй зөвлөж байгаад 2003 онд ажлаа эхэлсэн. Голдуу л хорь гучин настай нутгийн залуучуудыг уриалан дуудаж, цэвэрлэх байгууламж хийсэн. Тэгэхэд Отгон дарга Хужиртын засаг дарга байсан. Лхагвасүрэн дарга ИТХ-ын дарга байлаа. Энэ хүмүүс бас дэмжсэн. Эхлээд санал тавихад цэвэрлэх байгууламж гэдгийг хүн ерөөсөө ойлгодоггүй юм байна лээ. Болох уу, яах вэ гээд л асуугаад байх. Тэгээд мэргэжлийн найзууд болох УИХ-ын гишүүн асан Тогтох, Намсрай нарын барилгын инженер хүмүүсээс зөвлөгөө авч, цэвэрлэх байгууламж барьсан. Намсрай цэвэрлэх байгууламж баригдсаны дараахан гавъяат цол хүртсэн. Энэ цэвэрлэх байгууламжийг хийхдээ би нутгийн хэсэг иргэдтэй хоёр гурван сарын турш нойр хоолгүй л ажиллаж байлаа. Тэгэхэд гурван хэсэг шүүлтүүртэй нуур байгуулсан. Энэ нь бохирыг байгалийн аргаар шүүдэг. Одоо ч хэвээрээ байгаа. Байгалийн аргаар шүүнэ гэдэг нь доор нь лаг нь үлдээд, дээр нь гурван давхар шүүлтүүрээр явсаар байгаад цэвэршээд газар доороо шингэдэг. Өмнө нь “Хужирт рашаан сувилал”-ын аж ахуйн дарга байсан Аюур гэдэг хүн үүнийг ихэд сайшааж “Гэрэлмаа чи маш зөв юм хийлээ” гэж дэмжиж байлаа. Аюур гуай одоо ч амар мэнд байна. Ингэж бид нутгийн ард иргэдийн дэмжлэгээр, залуучуудын хүчээр “Хужирт рашаан сувилал”-ыг анх удаа цэвэрлэх байгууламжтай болгож байлаа. Өнөөдөр хүмүүс цэвэрлэх байгууламж гэдгийг хааяа л ухаан орохоороо яриад байгаа болохоос биш ер нь цэвэрлэх байгууламж ямар гол үүрэгтэй, байгаль орчинд ямархан ашигтай болохыг тэр бүр мэдэхгүй. Тэр үед “Хужирт рашаан сувилал” жилдээ 1800-гаад хүн авдаг, өвөлдөө бараг ажилладаггүй байлаа. Харин өнөөдрийн байдлаар бол жилдээ хориод мянган хүн хүлээн авч, хэд дахин өсчихөөд байгаа. Тиймээс 2003 онд барьж байгуулсан цэвэрлэх байгууламж одоо ачааллаа дийлэхгүй байна. “Хужиртын рашаан сувилал” хувьчлагдсаны дараа би “Элма Хужирт” рашаан сувилалыг байгуулсан. Тэгээд үүндээ тохирсон цэвэрлэх байгууламж хийсэн. Бохирын гурван ч машин авсан. Хамгийн сүүлд Солонгосын цоо шинэ бохирын машин авсныг орон нутгийнхан мэднэ. Харин Хужиртын гол руу бохир усаа урсгаад, сүүлийн хэдэн жилийн турш асуудал үүсгээд байгаа нь бусад рашаан сувилалуудтай холбоотой. Хажуу хавиргаа муулаад байгаа ч юм биш. Ерөөсөө л үнэн байдал ийм. Хоёр мянгаад хүн авч байсан “Хужирт рашаан сувилал” хорин мянган хүн авдаг болсон болохоор мэдээж ачаалал хүндрээд ирэх нь ойлгомжтой шүү дээ. Энд бол төр засаг биш ашиг олж байгаа хувийн байгууллага өөрсдөө л санаачилга гаргах ёстой. Уг нь бүгдээрээ санаа нэгдээд сайхан том цэвэрлэх байгууламж барьж болно шүү дээ… гэж хэлэв.
“Хужирт рашаан сувилал”-аас гадна “Сэмжид” хэмээх сувилал Хужиртын рашааны гол ундрага дээр байгуулагдсан нь маш буруу болохыг нутгийн хүмүүс ярьж байна. Эднийх цэвэрлэх байгууламж байхгүй, тэгээд бохироо хааяа нэг алдаг оног машинаар соруулж авдаг юмсанж. Яаж ч бодсон рашааны ундраган дээр ингэж дураараа дургисан нь зөвшөөрөл олгодог эрх мэдэлтнүүдийг хахуульдсан ч байж мэдэх үндэстэй. Хужирт нутгийн хүмүүс биш хаа холын Увсын хоёр залуу шидэт ус боргилуулан гаргадаг рашааны ундраган дээр “Сэмжид” сувилалыг байгуулсан нь цаагуураа ямар нэгэн “но”-той мэт санагдана. Тийм ч учраас гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр их аварга Дагвадоржийн оруулсан постонд “Сэмжидээс бусад нь бохироо гол руу урсгадаг” гэсэн тархи угаалт хийж, хүндхэн асуудлаас хөнгөхөөн мултрах гэж оролдож байна уу гэлтэй.
Бохирдон эмгэнэж буй Хужиртын голыг цухасхан шүүрдэхэд нэг иймэрхүү. Цааш нь ухвал их юм гарч ирнэ. Дал наяад оны үед Хужиртын гол нэлээд өргөн, зарим газраа гүнзгий, тэр ч байтугай Шунхлай уулаас доохно байх “Балдангомбын тохой”-д том хүн зогсоогоороо далд ордог тийм гүнзгий сайхан гол байлаа. Одоо бол алхаад гарчихаар хариугүй нарийхан, самардаад цацчихмаар хариугүй намхан болжээ. Ер нь Хужиртынхан дэндүү даруухан улс юм. Гэхдээ сумын төвийнхөн бол Хужиртын голын дээд адагт суурьшдаг болохоор рашаан сувилалын бохир нийлсэн уснаас уухгүй л дээ. Энэхүү бохир нь Шунхлай уул хавьцаах гол руу нийлдэг болохоор сумын төвийнхөнд хавирахгүй. Харин сумын төвийн хойд талаар нутагладаг малчид энэхүү бохир горхитой үйлийн үргүй учирна даа. Харамсалтай нь тэд “Хужирт рашаан сувилал” дээр сүүлийн жилүүдэд чухам юу болоод байгааг ч мэдэхгүй, бохир ус уугаад байна уу, цэвэр ус уугаад байна уу гэдгээ ч анзаарах сөхөөгүй явна. Мэдээллээс хол хөндий байхын аюул гэдэг энэ.
Өндөр настан Б.Гончиг
Zaluu.com
URL: