Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгасан долоо хоног
Өнгөрөгч буй долоо хоног нийгэм болоод улстөрийн хүрээнд хөдөлгөөнтэй өнгөрч байна.
Ц.Нямдорж & О.Баасанхүү
Өнгөрөгч долоо хонгоийн улстөрийн нэгэн дуулиан нь О.Баасанхүү гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэхдээ Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Монголын төрийг бузарласан балай амьтан…” гэж хэлэх үеэр ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар дургүйцэн түүнийг заамдан гарчээ. ийнхүү О.Баасанхүү гишүүн улстөрийн хүрээлэлд дахин нэгэн дайсанг өөртэй нэмээд авах шиг болов
Нүүрсний тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгдэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллаж, хотын удирдлагатай нь уулзсан юм. Тэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын экспорт, импорт, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх талаар санал солилцож, хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн, мөн Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөх баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тэгвэл Ганцмодны боомтоор энэ сарын 16 өдрөөс нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Хөдөө орон нутагт явуулын амбулаторийн үйлчилгээ бий болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамралт” сэдвээр УИХ-ын чуулганд мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр “Манай улсад нийт 3500 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 549 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв хүн амд үйлчилж байна. Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулахад анхан шатны тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх, тусламж, үйлчилгээний багц болон санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай. 2018 онд өрх, сум, тосгодын эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг өмнөх оноос 9.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг бий болгоход эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээнд хүн амыг бүрэн хамруулах явдал юм. Алслагдсан орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-тай хамтран мобайл технологи нэвтрүүлж, зайн оношилгоонд 54 мянга гаруй малчин, иргэнийг хамруулсан нь ихээхэн үр дүнтэй болж байна.
Засгийн газар хөдөө орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, урьдчилсан үзлэг хамруулах зорилгоор явуулын амбулаторийн үйлчилгээ бий болгоно. ДЭМБ-аас гаргасан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхэд энэ үйлчилгээ ихээхэн үр дүнтэй гэж үзэж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, монгол хүнийхээ насыг уртасгах үйлс зөвхөн эрүүл мэндийн салбарын бус хувь хүн, айл гэр, хамт олон, бусад бүх байгууллагын хамтын хүчин чармайлтын үр дүнд хүрэх үйл ажиллагаа юм” хэмээн онцолсон юм.
Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах төслийг дэмжив
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны зургадугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хугацаанд хуульд 7 удаа нэмэлт өөрчлөлт орж, үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тав, таван жилээр сунгасан байна. 2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх үйл ажиллагааг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилд хэрэгжүүлж дуусгах мөн хуульд тусгах шаардлагатай нэр томъёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар өмчилж авах өргөдөл гаргах, түүнийг хянах, газар өмчлөгч иргэнд хориглох зүйл, иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон бүртгэл, хөдөлгөөний талаар тодорхой зохицуулалтуудыг нэмэх, өөрчлөн найруулах саналыг тусгажээ.
УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Б.Булганыг яллагдагчаар татаж байцаалаа
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг ТЕГ-аас дуудаж байцаалт аваад буй. Ингэхдээ нууцын материалд зурсан гарын үсгийг баталгаажуулсан хэмээн өмгөөлөгч н.Гүенбаатар нь мэдээлсэн. Тэгвэл Б.Булганыг С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа ба энэ асуудалд Нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийсэн юм.
НПГ-ын Хяналтын прокурор Г.Бясман ”УИХ-ын гишүүн, Дэд Бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зориг амь насыг хохироосон хэрэгт уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтаар С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганыг өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, байцаалт авсан. Уг хэрэгт мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Б.Булганаас өмнө нууцын баталгаа авсан байдаг. Тэгэхээр дахин нууцын баталгаанд гарын үсэг зурах шаардлагагүй. Түүнийг дуудаж, яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулсан. Шүүхээс ял сонссон яллагдагч нарын зургийг 1998 онд Б.Булганы мэдүүлгээр зурсан байдаг” гэв.
Сануулахад, Өнгөрсөн оны арванхоёр дугаар сард С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэсэгчлэн төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэр гаргаж байсан билээ.
Барилгын кран унаж, кранист зөөлөн эдийн гэмтэл авчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхонд энэ сарын 16-нд барилгын кран унаснаас нэг хүн бэртжээ. Осол гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын аврах тусгай ангийнхан газар дээр нь ажилласан юм. Тэгвэл тус краны кранист нь 36 настай Хойд Солонгос улсын иргэн байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар кранист азаар зөөлөн эдийн гэмтэл авсан бөгөөд шаардлагатай эмчилгээг хийж байгаа гэлээ. Харин Онцгой байдлын аврах тусгай анги болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, урьдчилсан байдлаар Краны бэхэлгээ тасарснаас кран унасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Одоогоор холбогдох албаныхан нарийвчлан шалгах шалгалт үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Краны ашиглалтын хугацаа дууссан эсэх, кранист нь Монгол Улсад ажиллаж амьдрах эрхтэй байсан эсэх болон мэргэжлийн кранист байсан эсэхийг шалгаж байгаа юм байна. Мөн кран унаснаас ойролцоох зогсоол дээр байсан автомашинуудыг эвдэрсэн учраас хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.
URL: