Гуравхан хууль санаачилсан, Баттогтохын Чойжилсүрэн 15 компанитай
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д сүүлийн хоёр сонгуулиар бизнесийн төлөөлөл ихээр орох болсон хэмээн олон нийт шүүмжилдэг. Баялаг бүтээгч энэ салбараас орж ирсэн хүмүүс хууль “үйлдвэрлэгч” энэ бүтцийг “бизнесмений нүд”-ээр харж, ард түмний эрх ашгийн төлөө биш, өөрийн бизнесээ өргөжүүлэхэд ашигладаг нийтлэг шинжтэй учир ийн чичлүүдэг биз.
“Shuud.mn” сайт долоо хоногийн мягмар гараг бүрт бизнесээс улс төрд орж ирсэн төрийн түшээдийн улс төрд орж ирэхээс өмнөх амьдралыг нь одоогийн амьдралтай нь харьцуулан уншигчиддаа хүргэж байхаар боллоо. Бидний танилцуулах эхний хүн 2008 оны оны сонгуулиар Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн.
“Увсын мөнгөний түрүүвч” гэгддэг энэ эр УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ Увс нутгийнханд арван мянгатын дэвсгэртийг цацах шиг болсныг сөрөг намынхан нь нууц нүдний шилэн камераар бичээд авчээ. Энэ бичлэгийг нь тухайн үед телевизээр цацаж багагүй хэл ам болсон. Зөвхөн үүнийх нь төлөө түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хасах байсан ч СЕХ-ны дарга асан Б.Баттулгын өмгөөллөөр “хууль бусаар” сонгогдсон гишүүдийн нэг болсон юм.
Нэгэнтээ УИХ-ын гишүүний тангараг өргөсөн түүнд суудал нь зохимжтой байгаа бололтой. УИХ-д сонгогдсон жилийнх нь орлого 1.361.616.3 байсан бол 2010 онд 4.016.984.0 төгрөг болон огцом буюу даруй гурван тэрбум төгрөгөөр өсчээ. Б.Чойжилсүрэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үед түүний мэдэлд “Хурд-групп”, “Хурд-Хүнс”, “Хурд-Авто” гэх гурван компани байсан. Харин жилийн дараа эдгээр дээр “Рапид харш”, “Хаусинвест” гэх хоёр компани нэмэгдсэн байх юм.
Дэнж хотойтол наадах монголчуудын наадмын талбайн талыг нь эзлэн сүндэрлэсэн “Рапит харшийн газрыг авахын тулд Б.Чойжилсүрэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал ах дүү Т.Нямдаваад чамгүй мөнгө төлж, авсан гэдэг. Нийтийн эзэмшлийн энэ газарт өмнө нь төрийн болон хувийн журмаар олон хүн барилга барихаар санаархдаг байсан ч тэдгээрээс Б.Чойжилсүрэн УИХ-д сонгогдонгуутаа энэ талбайг эзлэн шугам сүлжээ муутай хэмээн оршин суугчдаасаа байнга шахам шүүмжлэл хүртдэг “Рапит харш”-аа барьж чадсан. 21 байр бүхий энэхүү хороололын хоёр өрөө байрнууд мкв 1.5 сая төгрөгийн үнэтэй билээ.
Харин 2008 онд байгуулагдсан “Хаусинвест” ХХК нь барилгын дуусах шатны ажлыг гүйцэтгэдэг бөгөөд энэ компанийг түүний дүү Б.Балдорж удирддаг ажээ. 2009 онд байгуулагдсан “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул”, “АпартментКейЭйч” компаниудын хувьд уул уурхай, гэрээ захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлдэг юм билээ. Мөн “Хурд групп”-ийн охин компани “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” 100 хувь, ОХУ-д байрлах “АРТА” компанийн 10 хувь зэрэг нь одоогоор түүний ХОМ-д тусгагдаагүй байсан.
УИХ-д суугаа гурван жилийнхээ хугацаанд бие даасан гурван хууль л батлуулж, УИХ-ын үйл ажиллагаанд хамгийн их таслалт, чөлөө авдаг гэх энэ эрхэмийн талаар өнгөрсөн хугацаанд “Хурд-Авто” компанийнхаа хүнд даацын автомашинаар нүүрс зөөлгөхөөр Тавантолгойн замыг лоббидон нээлгэж хоёр хүний аминд хүрсэн, “Хурд-Хүнс” ХХК компанийнхаа ОХУ-ын “АРТА”-гаас импортолдог “Шар сүү”-г оруулж ирэхийн тулд сүүн дээр тавих татварыг тэглүүлсэн гээд хар мэдээллүүд тасардаггүй.
1988 онд Уралын политехникийн дээд сургуульд автоматикчтелемеханикчийн мэргэжлээр элсч, III курсэд сурч байхдаа ОХУ-ын Екатеринбург хотноо Орос, Монголын хамтарсан “СК каман” компанийг байгуулж бизнест хөл тавьж байсан түүхтэй Б.Чойжилсүрэн 1990-ээд оны үед 83 компанитай хүртэл байж үзсэн гэдэг.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг компаниудын жагсаалт
№ | Байгууллагын нэр | Үйл ажиллагааны чиглэл | Эзэмшдэг хувь | Байгуулагдсан он |
1 | “Хурд” групп | Хот, хөдөөд ОХУ-ын УАЗ маркийн автомашинуудыг худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэг худалддаг. | 100% | 1993 |
2 | “Хурд-Хүнс” | Сүү, сүүн бүтээгдэхүүн импортолдог. “Шар сүү” зэрэг бүтээгдэхүүнээрээ 2001 оноос хойш Монголын дээрх зах зээлийн 60 хувийг дангаараа хангаж байгаа. Сүүлийн судалгаагаар өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 10 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий 18 сая литр “Шар сүү” оруулж иржээ. | 100% | 2001 |
3 | “Хурд-Авто” | ОХУ-ын Омск, Кама, Барнаул брэндийн төрөл бүрийн дугуйнууд, УАЗ брэндийн автомашинуудыг борлуулах албан ёсны дистрибьютерийн эрх аван үйл ажиллагаа явуулж байна. | 100% | 1997 |
4 | “Хаусинвест” | Барилгын дуусах шатны ажил гүйцэтгэдэг | 100% | |
5 | “Талын шонхор” | 100% | ||
6 | “Саудгобикоэлтранс” | 100% | ||
7 | “Саудгобиблейкгоул” | 100% | ||
8 | “АпартментКейЭйч” | 100% | ||
9 | “Хурд ложистик” | Тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг | 100% | |
10 | “Хурд-Автомотив” | Автомашины худалдаа | 100% | |
11 | “”Хурд-Интернэшнл | Гэрээ захиалгаар, автомашин, сэлбэг нийлүүлдэг | 100 % | |
12 | АРТА | ОХУ-гийн | ||
13 | “Рапит харш” | 2001 оноос хойш Урлан бүтээх төвийн дэргэдэх орон сууцны хорооллоос эхэлсэн бөгөөд энэ цагаас хойш Урт цагаан, Цэцэг зочид буудал, Оргил рашаан сувилал, 5-р сургууль, Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд гэх мэтээр 3-20 сая долларын 6 томоохон барилгын төсөл хэрэгжүүлж, нийтдээ 1 оффисын барилга, 4000 орчим айлын 28 блок 1-р давхартаа үйлчилгээний төвтэй байр, дулаан гаражтай байрнууд барьсан. Одоогоор Рапид харш хороолол /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх/-ын төгсгөлийн 9 блок байрны төсөл, Энхтайвны гүүрний дэргэд 644 айлын дороо үйлчилгээний төв, дулаан гаражтай орон сууц, 24 давхар оффисын барилга барихаар ажлаа эхлүүлээд байгаа | 100% | 2001 |
14 | Апартмент кей эйч хотхон | Энхтайвны яг дэргэд 2010 оны 9-р сараас эхэлсэн бөгөөд бүрэн цутгамал хийц, шилэн фасадтайгаар баригдаж байгаагаараа онцлог давуу талтай юм. Нийт 644 айлын 16 давхар байрнууд баригдаж эхлээд байна. | 100% | |
15 | “Хурд таур” | 2011 оны 5-р сард шаваа тавьсан “Хурд тауэр” нь газар доороо 2 давхар 240 машины зогсоолтой нийт 24 давхар үйлчилгээний төв оффисын зориулалттай, орчин үеийн барилгын бүхий л шилдэг ололтуудыг агуулсан шилэн фасадан барилга байх юм. Бид 2012 оны 12-р сарын 31-нд энэхүү барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. | 100% | 2011 |
Өмнөговьд тээвэрлэлт явуулдаг “Хурд-Авто”-ын машинууд
“Хурд-групп”-ын байр
“Рапит харш” хороолол
“Хурд” группын барьж буй хороолол
Удахгүй ашиглалтад орох “Апартмент кей эйч” хотхон
C.Энхзаяа
URL: