Х.Баттулга: Хуульд захирагддаггүй, дураараа авирлаж байгаа бөхчүүдийн цолыг хураана

19932Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд МҮБХ-ны маргаантай холбоотойгоор зарим хүмүүстэй уулзаж санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа  талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад уламжиллаа.

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.

Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.


URL:

Сэтгэгдэл бичих